2Хаад 5
5
Нааманы эдгэрэл
1Арамын хааны цэргийн жанжин Нааман эзнийхээ өмнө хүндэтгэл хүлээсэн, агуу нэгэн байлаа. Учир нь түүгээр дамжуулан ЭЗЭН, Арамд ялалтыг өгсөн ажээ. Хэдийгээр тэр зоригтой дайчин эр боловч уяман өвчтэй байв.#Лк 4:27 2Нэгэн удаа арамчуудын тонуулын бүлэг Израилийн нутгаас нэгэн бяцхан охиныг олзлон авчирчээ. Тэр охин Нааманы эхнэрт үйлчилдэг байлаа. 3Тэрээр эзэгтэйдээ
—Самари дахь эш үзүүлэгчтэй эзэн минь уулзаасай гэж би хүсэх юм! Тэгвэл түүний уяман өвчнийг тэр хүн эдгээнэ дээ гэв. 4Нааман явж, эзэндээ бараалхан
—Израилийн нутгаас авчирсан тэр охин ингэж ингэж хэлэв гэв. 5Тэгтэл Арамын хаан
—Одоо яв. Би Израилийн хаанд захидал илгээх болно гэлээ. Нааман арван талант мөнгө, зургаан мянган алтан шекел, арван ээлжийн хувцас авч явлаа. 6Тэрээр Израилийн хаанд захидал авчирсан бөгөөд түүн дотор “Энэ захидал чамд хүрэхэд, харагтун, би өөрийн зарц Нааманыг уяман өвчнөөс нь чамаар эдгээлгэхийн тулд чам уруу илгээснийг мэдтүгэй” гэжээ. 7Израилийн хаан уг захидлыг уншаад, хувцсаа уран
—Би хүнийг үхүүлж, амьдруулдаг Бурхан юм уу? Энэ хүнийг уяман өвчнөөс нь эдгээлгэхээр надад тэр үг илгээж байх гэж. Тунгаан бодоод үзэхэд, ингэснээрээ тэр миний эсрэг сөргөлдөхийг оролдож байгаа бус уу гэж хэлэв. 8Израилийн хаан хувцсаа урж тастсаныг Бурханы хүн Елиша сонсоод, тэрээр хаанд илгээн хэлүүлэхдээ
—Юунд та хувцсаа урсан бэ? Тэр хүнийг над уруу ирүүл. Израильд эш үзүүлэгч байдаг гэдгийг тэр мэдэх болно гэв. 9Ингээд Нааман морьд, тэрэгнүүдтэйгээ ирж, Елишагийн гэрийн үүдэнд зогсов. 10Елиша түүнд элч явуулан
—Явж, Иорданд долоон удаа угаа. Тэгвэл махбод чинь эргэн сэргэж, цэвэршинэ гэж хэлүүлэв. 11Харин Нааман хилэгнэн уурлаад холдон явахдаа
—Харагтун, Тэр над уруу гарцаагүй гарч ирж, зогсоод, өөрийн Бурхан ЭЗЭНий нэрээр дуудан өвчтэй газар#5:11 эсвэл энэ хэсэгт дээгүүр гараа даллан уяман өвчнийг эдгээнэ гэж би бодсон юм. 12Абана, Фарпар зэрэг Дамаскийн голууд нь Израилийн бүх л уснаас илүү дээр биш гэж үү? Би тэдгээрийн дотор угаагаад, цэвэр болж болохгүй байсан гэж үү? гэв. Тэрээр эргэж, уурласаар буцав. 13Тэгтэл зарц нар нь ойртож ирээд, түүнтэй ярин, түүнд
—Эцэг минь, тэр эш үзүүлэгч илүү бэрх зүйлийг танаас нэхсэн бол та хийхгүй байх байсан гэж үү? Гэтэл тэр танд зөвхөн “Угаа, цэвэрш” гэж байхад та харин хийх бус уу? гэцгээхэд 14Нааман уруудан явж, Бурханы хүний үгийн дагуу Иордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод залуу хүний бие махбод мэт эргэн сэргэж, тэрээр цэвэршив.
15Тэгээд бүхий л бараа бологчдынхоо хамт Бурханы хүн дээр тэр эргэн ирж, Елишагийн өмнө зогсоод
—Үзэгтүн, ганцхан Израильд л Бурхан байдаг, харин бүх дэлхийд өөр хаана ч байдаггүйг би одоо мэдлээ. Иймээс одоо боолоосоо бэлэг хүлээн аваач гэжээ. 16Харин Елиша
—Миний өмнө нь зогсдог ЭЗЭН амьд! Би юу ч эс авна гэлээ. Нааман түүнийг, ав гэж ятгасан боловч тэр татгалзав. 17Нааман
—Хэрэв үгүй юм бол, та боолдоо хоёр луусанд ачих хэмжээний шороо ядаж өгөөч.#5:17 шороо өгөөч: Энэ үед аливаа бурханд зөвхөн нутаг дээр нь тахил өргөж болдог гэж үздэг байжээ. Учир нь боол тань шатаалт болон нядлах тахилаа өөр бурхдад бус зөвхөн ЭЗЭНд өргөх болно. 18Дараах зүйл дээр боолыг тань ЭЗЭН уучлах болтугай. Миний эзэн мөргөл үйлдэхээр Риммоны өргөөнд орох үед тэр миний гарыг түшдэг бөгөөд би Риммоны өргөөнд мөргөдөг тул намайг Риммоны өргөөнд мөргөх үед таны боолыг ЭЗЭН энэ зүйл дээр уучлах болтугай гэв. 19Елиша түүнд
—Амар тайван явагтун гэв.
Гехазийн шунал
Ингээд Нааманыг хэсэг зайнд холдож байтал 20Бурханы хүн Елишагийн зарц Гехази
—Үзэгтүн, энэ арам хүн Нааманы авчирсан эд зүйлийг гараас нь аваагүйгээрээ миний эзэн түүнийг өршөөн хэлтрүүллээ. Иймд ЭЗЭН амьд! Би түүний араас гүйн очоод түүнээс ямар нэгэн юм авсугай гэв. 21Ингээд Гехази, Нааманыг нэхэж одов. Араас нь нэг хүн гүйн ирж байгааг Нааман хараад, түүнтэй уулзахаар тэрэгнээс буун ирж
—Бүх юм сайн уу? гэв. 22Гехази
—Бүх юм сайн. Миний эзэн намайг илгээж, хэлүүлэхдээ “Үзэгтүн, эш үзүүлэгч хөвгүүдээс хоёр залуу Ефраимын уулархаг нутгаас над уруу дөнгөж сая ирлээ. Тэдэнд нэг талант мөнгө бас хоёр ээлжийн хувцас өгөөч” гэсэн билээ гэв. 23Нааман
—Хоёр талантыг авч хайрла гээд, Гехазийг ятгаж хоёр талант мөнгийг хоёр ээлжийн хувцасны хамт хоёр уутанд боон хийж хоёр зарцдаа өгөөд, тэд Гехазийн өмнө үүрэн явжээ. 24Тэд толгод дээр ирээд Гехази өнөөх зүйлсийг тэдний гараас авч гэртээ оруулан тавиад тэр хүмүүсийг буцаасанд тэд явцгаав. 25Харин тэр өөрөө орж ирэн эзнийхээ өмнө зогсов. Елиша түүнд
—Гехази, чи хаана байв? гэхэд тэрээр
—Таны зарц ийш тийшээ явсангүй гэж хэлэв. 26Тэгтэл Елиша түүнд
—Нэгэн хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ буух үед миний зүрх чамтай хамт яваагүй гэж үү? Одоо мөнгө, хувцас, чидун, усан үзмийн талбай, хонь, үхэр, эр эм боолууд зэргийг авах цаг гэж үү? 27Тиймээс Нааманы уяман өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болтугай гэв. Тиймд Елишагийн хажуугаас гарч ирэхдээ тэрээр цас шиг уяман өвчтэй болжээ.
Одоогоор Сонгогдсон:
2Хаад 5: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.