2Хаад 4
4
Бэлэвсэн эмэгтэйн тос
1Эш үзүүлэгч хөвгүүдийн нэгнийх нь эхнэр Елиша уруу хашхиран
—Таны зарц болох миний нөхөр өөд болсон бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Гэтэл хоёр хүүхдийг минь боол болгон өөртөө авахаар зээлдүүлэгч ирлээ гэжээ. 2Елиша түүнд
—Чиний төлөө би юу хийх вэ? Гэрт чинь юу байгааг надад хэлээч? гэв. Тэр эмэгтэй
—Шивэгчинд тань ганц ваар тосноос өөр юу ч алга гэв. 3Тэгэхэд нь Елиша
—Явж, олон сав суулга буюу хоосон сав суулгыг бүх хөршөөсөө зээлж авагтун. Битгий цөөхөн сав аваарай. 4Чи дотогш орж, өөрийнхөө болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хаагаад, эдгээр бүх савандаа юүлж, дүүрснийг нь хажуу тийш тавих ёстой гэв. 5Ингээд тэр эмэгтэй Елишаг орхин явж, өөрийн болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хаав. Тэд түүнд авчирч, тэрээр юүлж байлаа. 6Савнууд дүүрэхэд тэрээр хүүдээ
—Надад өөр сав авчирч өгөөч гэсэнд хүү нь түүнд
—Өөр сав алга гэв. Тос ч урсахаа болив. 7Дараа нь тэр эмэгтэй ирж, Бурханы хүнд үүнийг хэлжээ. Тэрээр эмэгтэйд
—Явж, тосоо зараад өрөө төлж, үлдсэнээр нь чи болон хөвгүүд чинь амь зууж болно гэв.
Шунем эмэгтэйн хүүг амилуулав
8Нэгэн өдөр Елиша Шунем уруу явлаа. Тэнд нэгэн чинээлэг эмэгтэй байсан бөгөөд тэр түүнийг хоол зооглогтун гэж ятгав. Ингээд Елиша тэр газраар өнгөрөн явах болгондоо тэднийд хооллодог болжээ. 9Тэр эмэгтэй
—Үзэгтүн, манайхаар үргэлж дайран өнгөрдөг тэрхүү Бурханы хүн бол ариун гэдгийг би мэдсэн. 10Иймд ханаар хүрээлэгдсэн жижиг дээд өрөө хийцгээе. Тэнд түүнд зориулан ор, ширээ, сандал, дэнлүүний суурь тавья. Тэр ирэхдээ тэнд орж байг гэж нөхөртөө хэлэв. 11Нэгэн өдөр Елиша тэнд ирээд, дээд өрөөнд орж, амрав. 12Тэгээд тэр өөрийн зарц Гехазид
—Тэр шунем эмэгтэйг дууд гэв. Гехази тэр эмэгтэйг дуудсанд өнөөх эмэгтэй Елишагийн өмнө ирж зогсов. 13Елиша Гехазид
—Түүнд хэлэхдээ “Үзэгтүн, энэ бүх халамжаараа чи биднийг анхаарлаа. Би чамд юу хийж өгөх вэ? Чиний төлөө хаан эсвэл цэргийн жанжинд ярих уу?” гээрэй гэв. Эмэгтэй хариулан
—Би ард түмнийхээ дунд амьдардаг гэлээ. 14Иймээс Елиша
—Тэгвэл түүний төлөө юу хийвэл зохих вэ? гэсэнд Гехази
—Үнэндээ энэ эмэгтэй хүүхэдгүй бөгөөд түүний нөхөр нь хөгшин билээ гэв. 15Тэрээр
—Түүнийг дууд гэж хэлэв. Гехази түүнийг дуудсанд тэрээр үүдэнд зогсов. 16Тэгэхэд Елиша
—Ирэх жилийн энэ цагт чи хүү тэврэх болно гэсэнд эмэгтэй
—Үгүй, Бурханы хүн болох эзэн минь, та шивэгчингээ бүү хуураач гэв.#Эх 18:14 17Гэвч түүнд Елишагийн хэлсэн ёсоор эмэгтэй жирэмсэн болж, дараа жилийн тэр цагт хүү төрүүлжээ.
18Хүүхэд өсөж том болов. Нэг өдөр тэр хүү тариа хураагчидтай хамт байсан эцэг уруугаа очжээ. 19Тэрээр эцэгтээ
—Миний толгой, миний толгой гэсэнд эцэг нь зарцдаа
—Түүнийг эхэд нь аваачиж өг гэж хэлэв. 20Зарц түүнийг өргөн авч эхэд нь авчирсанд хүү үд болтол эхийнхээ өвдөг дээр сууж байгаад өөд болжээ. 21Тэр эмэгтэй дээш гарч, Бурханы хүний орон дээр түүнийг хэвтүүлээд, араас нь хаалгаа хаагаад гарав. 22Тэгээд тэр нөхрөө дуудаад
—Зарц нараас нэгийг мөн эм илжгүүдээсээ нэгийг явуулаач. Би Бурханы хүн дээр хурдхан очоод ирье гэв. 23Нөхөр нь
—Чи юунд өнөөдөр түүн уруу явах гэв? Өнөөдөр чинь шинэ сар ч биш, Амралтын өдөр ч#4:23 Ийм өдрүүдэд эш үзүүлэгчид бараалхахад тохиромжтой гэж үздэг байжээ. биш шүү дээ гэсэнд эхнэр нь
—Зүгээр, тайван бай гэж хариуллаа. 24Тэгээд тэр эмэгтэй эм илжгээ эмээллэн зарцдаа
—Урагшаа, гуядаад бай. Намайг хэлэхээс нааш давхихыг минь бүү саатуулаарай гэв. 25Ийнхүү өнөөх эмэгтэй явсаар, Кармел ууланд Бурханы хүн дээр ирлээ. Бурханы хүн тэр эмэгтэйг холоос хараад, өөрийн зарц Гехазид
—Хараач, тэнд өнөөх шунем эмэгтэй явна. 26Түүнийг угтан гүйж очоод, түүнээс “Чи сайн уу? Нөхөр чинь сайн уу? Хүүхэд сайн уу?” гэж асуугтун гэв. Эмэгтэй
—Сайн гэж хариу хэлэв. 27Эмэгтэй толгод уруу Бурханы хүн дээр ирээд, хөлөөс нь зуурч авав. Гехази түүнийг зайлуулах гэж ойртлоо. Харин Бурханы хүн
—Түүнийг орхи. Сэтгэл зүрх нь гашуун энэлэлд унажээ. ЭЗЭН үүнийг нь надаас нууцлан надад хэлсэнгүй гэв. 28Тэгтэл эмэгтэй
—Би эзнээсээ хүү гуйсан гэж үү? “Намайг битгий хуураач” гэж би эс хэллүү? гэлээ. 29Тэгэхэд Елиша, Гехазид
—Ууцаа бүсэлж, миний таягийг гартаа аваад, замаараа яв. Хэрэв чи хэн нэгэн хүнтэй дайралдвал түүнтэй бүү мэндлэгтүн. Хэрэв хэн нэгэн хүн чамтай мэндэлбэл түүнд хариу бүү өг. Миний таягийг хөвгүүний нүүрэн дээр тавигтун гэв. 30Хөвгүүний эх нь
—ЭЗЭН амьд! Бас та амьд! Би тангүйгээр буцаж явахгүй гэв. Елиша босоод, тэр эмэгтэйг дагав. 31Гехази тэднээс түрүүлэн явж, хөвгүүний нүүрэн дээр таягийг тавьсан боловч чимээ үгүй, тэмдэг ч үгүй байв. Иймээс Гехази Елишатай уулзахаар буцаж ирээд, түүнд
—Хүү сэрсэнгүй гэв. 32Елишаг гэрт орж ирэхэд, харагтун, хүү үхчихсэн, орон дээр нь хэвтэж байлаа. 33Ингээд тэр дотогш ороод, хоёулхнаа үлдэж, араасаа хаалгаа хаагаад, ЭЗЭНд залбирав. 34Тэрээр дээшээ очиж, хүүхдийн дээр хэвтэн, амаа хүүгийн аманд, нүдээ хүүгийн нүдэнд, гараа хүүгийн гар дээр тавьж, хүүгийн дээр сунан хэвтэв. Хүүхдийн бие махбод бүлээн боллоо.#1Ха 17:21 35Дараа нь Елиша буцаад, гэр дотор нааш цаашаа нэг удаа алхаж, дээшээ гарч, хүүгийн дээр сунан хэвтэв. Хүү долоон удаа найтаагаад, нүдээ нээв. 36Елиша, Гехазийг дуудаад
—Тэр шунем эмэгтэйг дууд гэв. Тэрээр тэр эмэгтэйг дуудлаа. Эмэгтэйг түүн дээр орж ирэхэд Елиша
—Хүүгээ ав гэж хэлэв. 37Тэгтэл эмэгтэй дотогш орж, түүний хөлд унан газарт доор мэхийж, хүүгээ аваад, гарч явлаа.
Тогоотой шөлийг цэвэршүүлэв
38Елишаг Гилгал уруу буцаж ирэхэд газар нутагт нь өлсгөлөн болсон байв. Эш үзүүлэгч хөвгүүд түүний өмнө сууцгааж байхад тэрээр зарцдаа
—Том тогоо тавьж, эш үзүүлэгч хөвгүүдэд зориулан шөл буцалга гэж хэлэв. 39Тэгтэл нэг нь ногоо цуглуулахаар талбай уруу гарч, зэрлэг ороонго ургамал олоод, түүнээс хормойгоо дүүртэл зэрлэг жимс цуглуулан буцаж ирээд, тэдгээрийг шөлтэй тогоондоо хэрчиж хийв. Учир нь тэд мэдээгүй ажээ. 40Ингээд тэд хүмүүст идүүлэхээр аягалав. Тэд шөлнөөс идэж байтал хашхиран
—Бурханы хүн ээ, тогоон дотор үхэл байна гэцгээлээ. Тэд идэж чадахгүй байв. 41Харин Елиша
—Гурил аваад ир гээд түүнийг тогоонд хийгээд
—Хүмүүст аягалж өг, тэд идэцгээг гэж хэлэв. Тэгтэл тогоонд ямар ч хор үгүй болсон байлаа.
Зуун хүнийг хооллов
42Нэгэн хүн Баал-шалишагаас ирэхдээ Бурханы хүнд ургацынхаа дээж болгон арвайн хорин талх, тарианы шинэхэн түрүүг сагсандаа авчирчээ. Елиша
—Хүмүүст өг, тэд идэцгээг гэв. 43Зарц нь
—Юу, би үүнийг зуун хүний өмнө тавих гэж үү? гэв. Харин Елиша
—Хүмүүст өг, тэд идэцгээг. Учир нь ЭЗЭН айлдахдаа “Тэд идээд бас үлдээнэ” гэж байна гэв. 44Ингээд тэр тэдний өмнө тавихад ЭЗЭНий үгийн дагуу тэд идэцгээж бас үлдээжээ.
Одоогоор Сонгогдсон:
2Хаад 4: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.