2Хаад 19

19
Хезекиа Исаиатай зөвлөв
(Иса 37:1–7)
1Хезекиа хаан үүнийг сонсмогц хувцсаа урж, таар нөмрөн ЭЗЭНий өргөөнд оров. 2Тэрээр ордны даамал Елиаким, гүүш Шебнаг тахилч нарын ахмадуудын хамт, таар нөмөргөн Амозын хүү эш үзүүлэгч Исаиад илгээв. 3Тэд Исаиад
—Хезекиа ингэж хэлэв “Энэ өдөр зовлон шаналан, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадал алга. 4Амьд Бурханыг доромжлохоор өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг Бурхан ЭЗЭН тань сонссон биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбиралаа өргөөч” гэжээ. 5Ингээд Хезекиа хааны зарц нар Исаиа дээр ирэв. 6Исаиа тэдэнд
—Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. “ЭЗЭН айлдахдаа «Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэдгээр үгсээс бүү айгтун. 7Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад тэр нэг мэдээ сонсоод, нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана» хэмээв” гэв.
Сеннахерибын занал
(Иса 37:8–20)
8Тэгтэл Рабшаке буцаж ирээд, Лахишийг Ассирийн хаан орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байгааг нь мэдэв. 9Мөн Кушийн хаан Тирхакагийн тухайд
—Үзэгтүн, тэр чиний эсрэг дайтахаар хөдөлсөн гэхийг хаан сонсоод, тэрээр Хезекиад элч нарыг илгээж
10Иудагийн хаан Хезекиад та нар ингэж хэл. “Чиний итгэдэг Бурхан «Иерусалим Ассирийн хааны гарт орохгүй» гэж чамайг бүү мэхлэг. 11Үзэгтүн, Ассирийн хаад бүх газрыг бүрэн устгаж, юу хийснийг нь чи сонссон билээ. Тэгэхээр чи аврагдана гэж үү? 12Гозан, Харан, Резеф болон Телассарт байсан Едений хөвгүүд буюу миний эцэг өвгөдийн устгасан үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу? 13Хаматын хаан, Арпадын хаан, Сефарваимын хотын хаан болон Хена, Иввагийн хаад хаана байна?” гээрэй гэв.
Хезекиагийн залбирал
14Ингээд Хезекиа, элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв. 15ЭЗЭНий өмнө Хезекиа залбиран
—Херубуудын дээр залрагч, Израилийн Бурхан ЭЗЭН! Зөвхөн Та дэлхий дээрх бүх хаанчлалын ганц Бурхан мөн. Та тэнгэр ба газрыг буй болгосон билээ.#Гэт 25:22 16ЭЗЭН, чих тавин сонсооч. ЭЗЭН, мэлмийгээ нээн хараач. Амьд Бурханыг доромжлохоор Сеннахерибын илгээсэн үгийг сонсооч. 17ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр үндэстнүүдийг болон газар нутгийг нь сүйтгээд, 18бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ. 19Тиймээс бидний Бурхан ЭЗЭН минь ээ, биднийг түүний гараас авраач гэж би гуйж байна. Тэгвэл газар дэлхийн бүх хаанчлалууд Таныг ЭЗЭН, ганц Бурхан гэдгийг мэдэх болно гэв.
20Тэгтэл Амозын хүү Исаиа, Хезекиад үг илгээн
—Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ассирийн хаан Сеннахерибын талаар чиний Надад залбирсныг Би сонслоо” гэв. 21Түүний тухайд ЭЗЭНий айлдсан үг
“Онгон охин Сион минь чамайг тэр басамжлан элэглэв.
Иерусалим охин минь чиний араас толгойгоо тэр сэгсрэв.
22Хэнийг чи басамжлан доромжлов?
Хэний эсрэг дуугаа өндөрсгөн,
Ихэмсгээр нүдээ өргөв?
Израилийн Ариун Нэгэний эсрэг!
23Чи элч нараараа дамжуулан Эзэнийг доромжилж,
«Би тэрэгнийхээ олноор уулсын өндөрлөгүүдэд,
Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ.
Тэндхийн өндөр хуш, шилмэл майлс моддыг би тас цавчлаа.
Түүний хамгийн алс хязгаар, хамгийн өтгөн ойд би нэвтрэн орлоо.
24Би малтаж, харийн ус ууж,
Хөлийнхөө улаар Египетийн бүх голыг хатаасан билээ» гэв.
25Чи сонсоогүй юм уу?
Өнө эртнээс Би үүнийг төлөвлөж,
Эрт цагт үүнийг хийсэн юм.
Чамаар бэхлэгдсэн хотуудыг
нуранги балгас болгохыг
Одоо Би биелэл болголоо.
26Иймээс тэдний оршин суугчид хүчин мөхөсдөж,
Айн түгшиж, ичгүүрт орсон билээ.
Тэд хээр талын өвс, ургамал ногоо шиг,
Дээвэр дээр ургаад нахиалахаасаа өмнө#19:26 магадлалт хувилбар: дорнын халуун салхинд цохиулж сүйтгэгддэг өвс мэт болов.
27Харин Би чиний суух болон гарах орохыг
Миний өөдөөс шазруун байгааг чинь ч мэднэ.
28Чи Миний эсрэг уурлаж,
Чиний маадгар зан чихэнд минь хүрсэн учраас
Би хамарт чинь дөр юугаа зүүж,
Амыг чинь хазаарлаж,
Ирсэн замаар чинь чамайг буцаана.
29Тэгээд энэ нь чамд тэмдэг болно. Энэ жил чи юу ургасныг нь идэж, хоёр дахь жилд мөн түүнээс юу гарсныг нь идэж, харин гурав дахь жил нь тарьж хураан, усан үзэм тариалж, түүнийхээ үр жимсийг идэх болой. 30Иудагийн гэрийн амьд үлдэгсэд дахин доогуураа үндэслэн, дээгүүрээ үр жимс гаргах болно. 31Учир нь Иерусалимаас үлдэгсэд, Сион уулаас аврагдагсад гарч ирнэ. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ. 32Тиймээс Ассирийн хааны тухайд ЭЗЭН ингэж айлдаж байна. «Тэр энэ хот уруу ирэхгүй, нум сумаар ч харвахгүй. Хотын өмнө тэрээр бамбайтай ирэхгүй, бүслэлт овоо ч босгохгүй. 33Тэр ирсэн замаараа буцах бөгөөд энэ хотод орж ирэхгүй» гэж ЭЗЭН айлдаж байна. 34Учир нь Би Өөрийнхөө төлөө болон зарц Давидынхаа төлөө энэ хотыг аврахаар хамгаалах болно гэв” гэлээ.
Сеннахерибын ялагдал ба үхэл
35Тэгтэл тэр шөнө нь ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад тэд бүгд үхдэл болсон байжээ. 36Ингээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн буцаж, Ниневед амьдрав. 37Түүнийг Нисрох бурхныхаа дуганд мөргөл үйлдэж байхад нь хүү Адраммелех, Шарезер нар нь түүнийг илдээр алаад өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.

Одоогоор Сонгогдсон:

2Хаад 19: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү