2Хаад 18
18
Иудаг Хезекиа хаанчлав
(2Шс 29:1–2; 31:1)
1Израилийн хаан Елагийн хүү Хошеагийн гуравдугаар онд Иудагийн хаан Ахазын хүү Хезекиа хаан болов. 2Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд хорин есөн жил хаанчлав. Түүний эхийг Зехариагийн охин Аби гэдэг байв. 3Тэр өвөг эцэг Давидынхаа хийсний адил, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв.
4Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онго баганануудыг хугалан хэсэглэж, Ашерагийн шонгуудыг цавчиж хаяжээ. Бас тэр өдрүүдийг хүртэл Израилийн хөвгүүд Мосегийн бүтээсэн зэс могойд утлага уугиулж, түүнийг Нехуштан гэдэг байсан тул тэрхүү зэс могойг тэрээр сэглэж хаяв.#Тоо 21:9 5Тэрээр Израилийн Бурхан ЭЗЭНд итгэж байв. Түүнээс өмнө ч, түүнээс хойш ч Иудагийн хаадын дотор түүн шиг хаан байгаагүй юм. 6Тэрээр ЭЗЭНээс зуурч, Түүнийг дагахаа болилгүй, харин Мосед ЭЗЭНий тушаасан тушаалуудыг сахижээ.
7ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа мэргэн ухааныг олж байв. Тэрээр Ассирийн хаанд үйлчилсэнгүй түүний эсрэг тэрслэв. 8Тэрээр Газ болон түүний хязгаар нутаг хүртэл, харуулын цамхгаас авахуулан бэхлэгдсэн хот хүртэлх бүх филистчүүдийг ялав.
9Хезекиа хааны дөрөв дэх жил буюу Израилийн хаан Елагийн хүү Хошеагийн долдугаар онд Ассирийн хаан Шалманесер Самарийн эсрэг хөдлөн ирж, бүслэн авав. 10Гурав дахь жилийн шувтаргаар тэд түүнийг эзлэв. Ийнхүү Хезекиагийн зургадугаар он буюу Израилийн хаан Хошеагийн есдүгээр онд Самари эзлэгджээ. 11Тэгээд Ассирийн хаан#18:11 17:6 тайлбар үз. израильчуудыг авч явж, тэднийг Гозаны голын дэргэдэх Хала болон Хаборт мөн Медегийн хотуудад суурьшуулжээ. 12Учир нь тэд Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дуулгавартай дагалгүй, харин Түүний гэрээг зөрчиж, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасан бүхнийг сонссон ч үгүй, хийсэн ч үгүй билээ.
Иудаг Сенахериб довтлов
(2Шс 32:1–19; Иса 36:1–22)
13Хезекиа хааны арван дөрөвдүгээр онд Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудыг довтлон ирж, эзлэн авав. 14Тиймээс Иудагийн хаан Хезекиа Лахишт байсан Ассирийн хаанд элч илгээн “Би нүгэл үйлдэв. Надаас холдооч. Та над дээр юу л тавина түүнийг би үүрэх болно” гэж хэлүүлэв. Тэгэхэд Ассирийн хаан гурван зуун талант мөнгө, гучин талант алтыг Иудагийн хаан Хезекиагаас шаарджээ. 15Ингээд Хезекиа түүнд ЭЗЭНий өргөө ба хааны өргөөний эрдэнэсийн сангаас олдсон бүх мөнгийг өгчээ. 16Тэр үед Иудагийн хаан Хезекиа ЭЗЭНий сүмийн хаалганууд болон баганануудаас өөрийн бүрүүлсэн алтыг хуулж, Ассирийн хаанд өгөв.
17Тэгтэл Ассирийн хаан Лахишаас Иерусалим уруу, Хезекиа хаан уруу Тартан, Раб-сарис, Рабшаке нарыг их цэргийн хамт илгээв. Тэд өгсөж явсаар Иерусалимд хүрч ирэв. Тэд хүрч ирээд, угаагчийн талбайн зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо. 18Тэд хааныг дуудахад Хилкиагийн хүү, өргөөний даамал Елиаким, гүүш Шебна, хэрэг хөтлөгч Асафын хүү Иоа нар тэдэн уруу гарч очив. 19Рабшаке тэдэнд
—Хезекиад ингэж хэл. “Агуу хаан болох Ассирийн хаан ийн айлдаж байна. «Чи юунд найдна вэ? 20Чи хоосон үгсийг дайтах зөвлөгөө болон хүч гэж бодоо юу? Эдүгээ чи хэнд найдаж миний эсрэг тэрсэлнэ вэ? 21Харагтун, чи энэ цуурсан хулсан таяг шиг Египетэд найдаж байна. Хүн ийм таягийг тулвал алгыг нь тэр шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдийг ингэдэг юм. 22Хэрэв та нар надад “Бид Бурхан ЭЗЭНдээ найддаг” гэж хэлэх юм бол Тэр чинь, Хезекиагийн “Та нар Иерусалим дахь энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн” гэж Иуда, Иерусалимд хэлээд, мөргөлийн өндөрлөгүүд ба тахилын ширээнүүдийг нь зайлуулж байсан Тэр биш үү? 23Тиймээс одоо ирж миний эзэн Ассирийн хаантай мөрий#18:23 эсвэл наймаалц тавь. Хэрэв чамд унах хүн байвал би чамд хоёр мянган агт өгье. 24Чи тэрэг ба морьт цэргийн талаар Египетэд найдаж байгаа бол миний эзний боолуудын дундаас хамгийн дорд захирагчийг ч няцааж яаж чадах вэ дээ? 25ЭЗЭНий зөвшөөрөлгүйгээр энэ газрыг устгахаар би довтлох байсан гэж үү? ЭЗЭН надад “Энэ газрын эсрэг явж, түүнийг устга” гэж айлдсан билээ»” гэв. 26Тэгэхэд Хилкиагийн хүү Елиаким, Шебна, Иоа нар Рабшакед
—Эдүгээ та боолуудтайгаа арам хэлээр яригтун. Бид ойлгоно. Харин хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иуда хэлээр бидэнтэй бүү яригтун гэв.
27Харин Рабшаке тэдэнд
—Эзэн минь эдгээр үгийг хэлүүлэхийн тулд намайг танай эзэн хийгээд та нар уруу л зөвхөн явуулсан гэж үү? Та нартай хамт баасаа идэж, шээсээ уух тавилантай, хэрмэн дээр сууж байгаа тэр хүмүүст бас илгээсэн бус уу? гэв. 28Тэгээд Рабшаке босож зогсоод иудей хэлээр чанга дуугаар хашхиран
—Агуу хаан болох Ассирийн хааны үгсийг сонсогтун. 29Хаан ийн хэлж байна. “Хезекиа та нарыг миний гараас аварч чадахгүй тул түүнд бүү мэхлэгдэгтүн. 30Түүнчлэн «ЭЗЭН биднийг заавал аварна. Энэ хотыг Ассирийн хааны гарт өгөхгүй» гэж та нарыг ЭЗЭНд итгүүлэхийн төлөө Хезекиагийн хэлж буй ятгалгад бүү ор. 31Хезекиаг бүү сонс. Учир нь Ассирийн хаан ингэж хэлж байна. «Надтай энхийн гэрээ байгуулж, над уруу гарч ирэгтүн. Тэгвэл танай хүн нэгбүр өөрийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, өөрийн нөөцлүүрийн уснаас ууцгаана. 32Би ирж, танай төрөлх нутагтай адил үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалан болон зөгийн бал, чидун моддын нутагт та нарыг аваачих хүртэл ийн байгтун. Ингэснээр та нар үхэхгүй, амьд үлдэнэ. Харин Хезекиа та нарыг “ЭЗЭН биднийг аварна” гэж төөрөлдүүлэхийг бүү сонс. 33Улс үндэстнүүдийн бурхдын дотроос Ассирийн хааны гараас газар нутгаа аварсан ямар нэгэн бурхан байна уу? 34Хамат, Арпадын бурхад хаана байна вэ? Сефарваим, Хена, Иввагийн бурхад хаана байна? Тэд Самарийг миний гараас аварсан уу? 35Эдгээр газруудын бүх бурхны дотроос хэн нь гараас минь газар нутгаа аварсан юм бэ? Тийм байтал ЭЗЭН гараас минь Иерусалимыг аварна гэж үү?»” гэв. 36Гэвч хүмүүс чимээгүй байж, түүнд нэг ч үг хариулсангүй. Учир нь хаан “Түүнд бүү хариулагтун” гэж тушаасан байлаа. 37Тэгээд Хилкиагийн хүү, өргөөний даамал Елиаким, гүүш Шебна, хэрэг хөтлөгч Асафийн хүү Иоа нар уранхай хувцастай чигээрээ Хезекиа уруу ирж, Рабшакегийн үгийг түүнд айлтгав.
Одоогоор Сонгогдсон:
2Хаад 18: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.