2Хаад 15
15
Иудаг Азариа хаанчлав
(2Шс 26:1–23)
1Израилийн хаан Иеробоамын хорин долдугаар онд Иудагийн хаан Амазиагийн хүү Азариа хаан болжээ. 2Хаан болохдоо тэр арван зургаан настай байсан бөгөөд Иерусалимд тавин хоёр жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын Иеколиа гэдэг байв. 3Тэрээр эцэг Амазиагийнхаа хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв. 4Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахилгалж, утлага уугиулсаар байв.
5Хааныг ЭЗЭН цохисон бөгөөд үхэх өдрөө хүртэл тэр уяман өвчтэй байж, тусдаа өргөөнд амьдарчээ. Хааны хүү Иотам, хааны гэрийг захиран улс орныхоо хүмүүсийг шүүв. 6Азариагийн бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 7Азариа эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүнийг эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод нутаглуулсан юм. Түүний хүү Иотам оронд нь хаан болов.#Иса 6:1
Израилийг Зехариа хаанчлав
8Иудагийн хаан Азариагийн гучин наймдугаар онд Иеробоамын хүү Зехариа Израилийн хаан болж Самарид зургаан сар захирав. 9Эцэг өвгөдийнхөө үйлдсэний адил тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй. 10Тэгтэл Иабешийн хүү Шаллум түүний эсрэг хуйвалдаж, ард түмний өмнө#15:10 ЭНО-д Иблаемд түүнийг цохин алж, түүний сууринд хаанчлав. 11Зехариагийн бусад үйлс, харагтун, тэд Израилийн Хаадын шастир номд бичигдсэн билээ. 12Иехүд хандан “Чиний дөрвөн үеийн хөвгүүд Израилийн хаан сэнтийд заларна” гэж айлдсан ЭЗЭНий үг энэ бөгөөд тийнхүү биелэгджээ.#2Ха 10:30
Израилийг Шаллум хаанчлав
13Иабешийн хүү Шаллум, Иудагийн хаан Уззиагийн гучин есдүгээр онд хаан болж, Самарид нэг сар хаанчлав. 14Тэгтэл Гадигийн хүү Менахем Тирзагаас хөдлөн Самарид ирж, Иабешийн хүү Шаллумыг Самарид цохин алж, түүний оронд хаан болов. 15Шаллумын бусад үйлс болон түүний зохиосон хуйвалдаан зэрэг нь, харагтун, Израилийн Хаадын шастир номд бичигдсэн юм.
16Тэр үед хотын хаалгыг нээж өгөөгүйгээс болж Менахем Тирзагаас авахуулан Тифсаг#15:16 эсвэл Таппуа буюу түүн дотор болон хил хязгаарт нь байсан бүх хүнийг цохиж, бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг нь сийчжээ.
Израилийг Менахем хаанчлав
17Иудагийн хаан Азариагийн гучин есдүгээр онд Гадигийн хүү Менахем Израилийн хаан болж, Самарид арван жил хаанчлав. 18Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглээс бүх өдрүүдийнхээ туршид салсангүй.
19Ассирийн хаан Пул тэр нутагт ирсэн бөгөөд Менахем түүнд мянган талант мөнгө өгөв. Ингэсэн нь хаанчлалыг гартаа батжуулахад нь Пулын гар түүнийг дэмжиж магад гэснийх байлаа. 20Ассирийн хаанд төлөх гэж Израилиас буюу баян чинээлэг хүмүүсээс, хүн тусбүрээс тавин шекел мөнгийг Менахем гаргуулжээ. Тиймээс Ассирийн хаан тэр нутагт үлдэлгүй буцжээ.
21Менахемын бусад үйлс болон түүний хийсэн бүхэн Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 22Менахем эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Пекахиа оронд нь хаан болов.
Израилийг Пекахиа хаанчлав
23Иудагийн хаан Азариагийн тавьдугаар онд Менахемын хүү Пекахиа Самарид Израилийн хаан болж, хоёр жил захирав. 24Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.
25Тэгтэл түүний түшмэл Ремалиагийн хүү Пека түүний эсрэг хуйвалдаж, Аргоб, Арие нар болон гилеадчуудаас тавин эрийн хамт түүнийг Самарид, хааны өргөөний шилтгээнд цохив. Тэрээр түүнийг алж оронд нь хаан болов. 26Пекахиагийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн нь, харагтун, Израилийн Хаадын шастир номд бичигдсэн юм.
Израилийг Пека хаанчлав
27Иудагийн хаан Азариагийн тавин хоёрдугаар онд Ремалиагийн хүү Пека Самарид Израилийн хаан болж, хорин жил хаанчлав. 28Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.
29Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ. 30Тэгтэл Елагийн хүү Хошеа, Ремалиагийн хүү Пекагийн эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг цохиж алаад, Уззиагийн хүү Иотамын хорьдугаар онд түүний сууринд хаан болов. 31Пекагийн бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь, харагтун, Израилийн Хаадын шастир номд бичигдсэн юм.
Иудаг Иотам хаанчлав
(2Шс 27:1–9)
32Израилийн хаан Ремалиагийн хүү Пекагийн хоёрдугаар онд Иудагийн хаан Уззиагийн хүү Иотам хаан болов. 33Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилсан юм. Түүний эхийг Задокийн охин Иеруша гэдэг байв. 34Тэрээр өөрийн эцэг Уззиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв. 35Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдаагүй бөгөөд ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил тахиж, утлага уугиулсаар байв. Иотам ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг босгосон юм. 36Иотамын бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 37Тэр өдрүүдэд Иудагийн эсрэг Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Пека нарыг ЭЗЭН илгээж эхлэв. 38Иотам эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, өвөг эцэг Давидынхаа хотод эцэг өвгөдийнхөө хамт тавигдав. Хүү Ахаз нь түүний оронд хаан болов.
Одоогоор Сонгогдсон:
2Хаад 15: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.