2Хаад 13
13
Израилийн хаан Иехоахаз
1Ахазиагийн хүү Иудагийн хаан Иоашийн хорин гуравдугаар онд Иехүгийн хүү Иехоахаз, Самарид Израилийн хаан болж, арван долоон жил захирчээ. 2Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглийг дагав. Тэрээр тэдгээрээс эргэсэнгүй.
3Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Арамын хаан Хазаелын гарт үргэлж өгч мөн Хазаелын хүү Бен-хададын гарт тушаасаар байв. 4Тэгэхэд Иехоахаз, ЭЗЭНий тааллыг хүсэмжлэн гуйсанд ЭЗЭН түүнийг сонсов. Арамын хаан тэднийг хэрхэн дарангуйлж байгааг болон Израилийн дарлагдлыг Тэр харжээ. 5ЭЗЭН, Израильд чөлөөлөгчийг илгээсэнд тэд арамчуудын гараас мултран гарав. Израилийн хөвгүүд хуучин янзаараа өөр өөрсдийн майхнууддаа амьдарчээ. 6Хэдий тийм боловч тэд Израилиар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын гэрийн нүглүүдээс эргэсэнгүй, харин тэдгээрийн дотор явсан юм. Ашера ч Самарид хэвээрээ үлдэв. 7Арамын хаан Иехоахазын цэргийг устган, гишгэлүүрийн тоос мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг үлджээ.
8Иехоахазын бусад үйл хэрэг, түүний хийсэн бүхэн мөн түүний хүч чадал нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 9Иехоахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Самарид нутаглуулав. Түүний хүү Иоаш түүний оронд хаан болов.
Израилийг Иехоаш хаанчлав
10Иудагийн хаан Иоашийн гучин долдугаар онд Иехоахазын хүү Иехоаш Самарид Израилийн хаан болж, арван зургаан жил захирчээ. 11Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглээс тэр эргэлгүй, харин тэдгээрийн дотор явжээ.
12Иоашийн бусад үйл хэрэг, түүний хийсэн бүхэн болон Иудагийн хаан Амазиагийн эсрэг тулалдсан түүний хүч чадал зэрэг нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 13Ингээд Иоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Иеробоам түүний сэнтийд заларчээ. Иоаш Израилийн хаадтай хамт Самарид тавигджээ.
Елиша өөд болов
14Елиша үхэлд хүргэх өвчин тусах үед Израилийн хаан Иоаш түүн дээр ирээд, түүний өмнө уйлан
—Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба түүний морьтон минь! гэв.#2Ха 2:12 15Елиша түүнд
—Нум сумаа ав гэхэд тэрээр нум сумаа авав. 16Тэгээд Елиша, Израилийн хаанд
—Гараа нуман дээр тавигтун гэхэд тэрээр гараа тавьсан бөгөөд дараа нь Елиша түүний гар дээр өөрийн гарыг тавив. 17Елиша
—Зүүн зүг харсан цонхыг нээ гэхэд тэрээр онгойлгов. Дараа нь Елиша
—Харвагтун! гэсэнд тэр харвав. Елиша
—ЭЗЭНий ялалтын сум буюу Арамыг ялах ялалтын сум. Учир нь та нар Афект арамчуудыг цохин, хүйс тэмтрэх болно гэв. 18Дараа нь тэр
—Сумнуудаа ав гэхэд хаан сумнуудаа авав. Тэрээр Израилийн хаанд
—Газрыг цохигтун гэхэд хаан гурван удаа цохиод болив. 19Иймээс Бурханы хүн түүнд уурлан
—Та тав юмуу зургаан удаа цохих байсан юм. Тэгсэн бол та бүрэн устгаж дуустал Арамыг цохих байсан юм. Харин одоо та Арамыг гурван удаа цохих болно гэж хэлэв.
20Елиша өөд болсонд тэд түүнийг нутаглуулав. Моабын дээрмийн бүлгүүд тэр жилийн хавар газар нутагт нь халдсаар байв. 21Нэгэн удаа нэг хүнийг хөдөөлүүлж байтал дээрэмчдийн бүлэг үзэгдэж, өнөөх хүнийг Елишагийн булшинд хаяжээ.#13:21 ЭНО-д хаяад зугтжээ. Өнөөх хүн Елишагийн яснуудад хүрмэгц амь орон сэргэж, хөл дээрээ босов.
Израиль хотуудаа эргүүлэн авав
22Иехоахазын бүхий л өдрүүдэд Арамын хаан Хазаел Израилийг дарангуйлав. 23Гэвч ЭЗЭН израильчуудад нигүүлсэнгүй хандаж тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн уруу эргэсэн бөгөөд одоо хүртэл тэднийг устгаагүй, Өөрийнхөө оршихуйгаас ч зайлуулаагүй билээ. 24Арамын хаан Хазаел үхэхэд түүний хүү Бен-хадад түүний оронд хаан болов. 25Тэгэхэд Иехоахазын хүү Иехоаш Хазаелын хүү Бен-хададын гараас хотыг дахин авчээ. Эдгээр хотуудыг тэр Иехоашийн эцэг Иехоахазын гараас дайн хийж булаан авсан байсан юм. Иоаш гурван удаа Бен-хададыг дийлж, Израилийн хотуудыг буцаан авав.
Одоогоор Сонгогдсон:
2Хаад 13: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.