2Шастир 33

33
Манассегийн хаанчлал
(2Ха 21:1–9)
1Манассе хаан болохдоо арван хоёр настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд тавин таван жил хаанчлав. 2Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн жигшмээр үйлийг даган тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.#Иер 15:4 3Тэр өөрийн эцэг Хезекиагийн нураан хаясан мөргөлийн өндөрлөгүүдийг сэргээн барьж, Баалуудад зориулан тахилын ширээнүүд босгон, Ашерагийн модон шонг бүтээж бас тэнгэрийн бүх эрхэст мөргөн үйлчлэв. 4“Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд тавина” гэж ЭЗЭНий айлдсан ЭЗЭНий өргөөнд тэрээр тахилын ширээнүүд босгов.#2Шс 6:6 5Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов. 6Тэрээр хөвгүүдээ Бен-хинномын хөндийд гал дундуур явуулан, өөрөө ид шид үйлдэж, илбэ сурч, мэргэ төлгө ашиглаж, сүнс дуудагчид ба хар домч нартай холбогдов. ЭЗЭНий мэлмийд үлэмж их ёрын мууг үйлдэж, Түүний хилэнг өдөөжээ. 7Дараа нь тэр өөрийн бүтээсэн шүтээний сийлмэл хөргийг Бурханы өргөөн дотор байрлуулав. Энэ өргөөний тухай Давидад болон түүний хүү Соломонд Бурхан айлдахдаа “Би Израилийн бүх овгоос сонгосон энэ өргөө болон Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд мөнхөд тавих болно.#1Ха 9:3–5; 2Шс 7:12–18 8Хэрвээ Мосегоор дамжуулан өгөгдсөн бүх хууль, зарлиг хийгээд шүүлтийн дагуу тэд Миний тушаасан болгоныг сахин үйлдэж байвал Би та нарын эцэг өвгөдөд тогтоож өгсөн газар нутгаас Израилийн хөлийг дахин гаргахгүй” гэсэн билээ. 9Ийнхүү Израилийн хөвгүүдийн өмнө, ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүүгээр ёрын мууг үйлдэхэд нь Иуда болон Иерусалимын оршин суугчдыг Манассе уруу татжээ.
Манассе гэмшиж дахин сэргэв
10Манассед болон түүний ард түмэнд ЭЗЭН айлдсан боловч тэд анхаарсангүй.
11Тиймээс тэдний эсрэг Ассирийн хааны их цэргийн жанжингуудыг ЭЗЭН авчирсан бөгөөд тэд Манассег дэгээнүүдээр барьж, хүрэл гав гинжээр хүлж, Вавилон уруу авч явав. 12Зовлон зүдүүрт орсон хойноо, тэр өөрийн Бурхан ЭЗЭНд хандаж, эцэг өвгөдийнхөө Бурханы өмнө өөрийгөө ихэд дорд болгов. 13Манассе Түүнд залбирахад түүний гуйлтад Тэрээр сэтгэл хөдөлж, түүний айлтгалыг сонсож, түүнийг Иерусалимд, өөрийнх нь хаант засаг уруу дахин авчирчээ. Ингээд ЭЗЭН, Бурхан мөн гэдгийг Манассе мэдсэн билээ. 14Үүний дараа тэрээр Давидын хотын гадна Гихоны баруун тал дахь хөндийд гадуур хэрмийг босгож, Загасны гулдан хаалга хүртэл үргэлжлүүлэн, Офелыг хүрээлүүлсэн бөгөөд хэрмийг маш өндөр барив. Дараа нь Иудагийн бүх бэхлэгдсэн хотод тэрээр цэргийн дарга нарыг байрлуулав. 15Тэр бас ЭЗЭНий өргөөнөөс харийн бурхад, шүтээнүүдийг зайлуулж, ЭЗЭНий өргөөний уул болон Иерусалимд өөрийн босгосон тахилын ширээнүүдийг ч зайлуулан хотын гадна гаргаж хаяжээ. 16Тэрээр ЭЗЭНий тахилын ширээг босгон, дээр нь эвийн тахил болон талархлын тахилыг өргөв. Мөн Израилийн Бурхан ЭЗЭНд үйлчлэхийг тэрээр Иудад тушаав. 17Хэдийгээр ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээрээ тахил тахисаар байсан ч энэ нь зөвхөн Бурхан ЭЗЭНдээ зориулагдсан байв.
Манассегийн үхэл
(2Ха 21:17–18)
18Манассегийн бусад үйл хэрэг, Бурхандаа хандсан түүний залбирлууд болон Израилийн Бурхан ЭЗЭНий нэрээр түүнтэй ярьж байсан үзмэрчдийн үгс зэрэг нь Израилийн хаадын шастир дотор бий. 19Бас түүний залбирлууд болон хэрхэн Бурханд хүсэлт тавьж байсан нь, түүний бүх нүгэл, түүний итгэлгүй байдал, өөрийгөө дорд болгохоос өмнө түүний мөргөлийн өндөрлөгүүд босгож, Ашерагийн модон шон ба сийлмэл хөргүүдийг зоож байсан газрууд зэрэг нь Хозаигийн тэмдэглэлүүдэд бичигдсэн юм. 20Ингээд Манассе эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг гэрт нь нутаглуулжээ. Түүний хүү Амон оронд нь хаан болжээ.
Амоны хаанчлал ба үхэл
(2Ха 21:19–26)
21Амон хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд хоёр жил хаанчлав. 22Амон өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэж, өөрийн эцэг Манассегийн бүтээсэн бүх сийлмэл хөрөгт тахил тахиж, тэдгээрт үйлчлэв. 23Амон өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий өмнө өөрийгөө дорд болгосонгүй, харин ч тэрээр ял зэмийг арвижуулсан юм.
24Зарц нар нь түүний эсрэг хуйвалдаж, түүнийг гэрт нь алав. 25Гэвч тэр газрын ард түмэн Амон хааны эсрэг хуйвалдагчдыг бүгдийг алж, оронд нь түүний хүү Иосиаг хаан болгон өргөмжилжээ.

Одоогоор Сонгогдсон:

2Шастир 33: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү