2Шастир 32

32
Сеннахерибын халдлага
(2Ха 18:13–37, 19:14–19,35–37; Иса 36:1–22, 37:8–38)
1Эдгээр итгэмжит үйлсийн дараа Ассирийн хаан Сеннахериб ирж, Иудаг довтлон, бэхлэгдсэн хотуудыг бүслэн авч, тэдгээрийг өөртөө эзлэн авахыг санаархав. 2Сеннахериб ирснийг мөн Иерусалим уруу дайрахаар төлөвлөж байгааг Хезекиа үзээд, 3тэрээр хотын гадна байдаг булгуудаас усыг таслахаар өөрийн түшмэд болон дайчидтайгаа хамтран шийдэв. Тэд ч түүнд туслав. 4Олон хүн цугларан
—Яагаад Ассирийн хаан ирж, энэ их усыг олж эзэмших ёстой юм бэ? гээд тэр дүүргээр урсдаг бүх булаг, сувгийг хаав. 5Тэрээр зориг орж, нурсан байсан бүх хэрмийг сэргээн босгож, дээр нь цамхгуудыг байрлуулаад, өөр гаднах ханыг барьж, Давидын хот дахь Миллог бат бэх болгож, их хэмжээний зэвсэг, бамбай хийв. 6Тэрээр ард түмнийг захирах цэргийн дарга нарыг томилоод, хотын гулдан хаалганы талбайд өөр уруугаа цуглуулж, тэднийг урамшуулан ярихдаа
7Тууштай бөгөөд зоригтой бай! Ассирийн хаанаас, түүнтэй хамт байгаа хамаг олноос бүү ай, бүү зүрх алдагтун! Учир нь бидэнтэй хамт байгаа нь түүнтэй хамт байгаагаас илүү юм. 8Түүнтэй хамт зөвхөн маханбодын гар байгаа бол бидэнд туслах бөгөөд тулалдаанд минь байлдах бидний Бурхан ЭЗЭН бидэнд байна гэхэд ард түмэн Иудагийн хаан Хезекиагийн үгэнд найджээ. 9Үүний дараа Ассирийн хаан Сеннахериб Лахиш хотыг бүх цэргийн хүчээрээ бүслэн байх үедээ Иерусалим уруу, Иудагийн хаан Хезекиа болон Иерусалимд байсан бүх иудачууд уруу зарц нараа илгээж
10Ассирийн хаан Сеннахериб ийн хэлж байна. “Та нар юунд найдаж, нэгэнт бүслэгдсэн Иерусалимд байсаар байна вэ? 11«Бидний Бурхан, ЭЗЭН биднийг Ассирийн хааны гараас аварна» хэмээн Хезекиа та нарыг төөрөгдүүлж, өлсгөж, цангааж үхэлд тушаах гэж байгаа бус уу? 12Тэр чинь мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг нь Хезекиа зайлуулаад, Иуда, Иерусалимд хандан «Та нар нэг тахилын ширээний өмнө мөргөж, түүн дээр л утлага өргөх ёстой» хэмээн тушааж байсантай адилхан юм биш үү? 13Би болоод миний эцэг өвгөд, өөр газар нутгийн ард түмнийг яасныг та нар мэдэхгүй гэж үү? Тэдгээр үндэстнүүдийн бурхад миний гараас газар нутгаа аварч чадсан гэж үү? 14Эцэг өвгөд маань тэдгээр үндэстнүүдийг бүрмөсөн устгахад, өөрийн ард түмнээ миний гараас аварч чадах ядаж ганц бурхан тэдгээр бурхдын дунд байсан гэж үү? Ийм атал та нарын Бурхан, та нарыг гараас минь аварч чадна гэж үү? 15Тиймээс одоо, Хезекиад ингэж бүү мэхлэгд, бүү төөрөлд мөн түүнд бүү итгэ! Учир нь ямар ч үндэстэн ба хаанчлалын ямар ч бурхан өөрийн ард түмнээ миний гараас, болон миний эцэг өвгөдийн гараас аварч чадаагүй. Иймд та нарын Бурхан, та нарыг гараас минь мөн аврах байх даа!” гэж хэлүүлжээ. 16Түүний зарц нар ЭЗЭН Бурхан хийгээд Түүний зарц Хезекиагийн эсрэг үргэлжлүүлэн арцалдав. 17Тэр мөн Израилийн Бурхан ЭЗЭНийг доромжлон “Өөр газар нутаг, үндэстнүүдийн бурхад ард түмнээ миний гараас аварч чадаагүй. Үүнтэй адил Хезекиагийн Бурхан ч ард түмнээ миний гараас аварч чадахгүй” гэж Түүний эсрэг ярихаар захидлуудыг бичив. 18Тэд хэрэм дээр байсан Иерусалимын хүмүүсийг айлган сүрдүүлж, хотыг авахыг санаархан тэдэн уруу үүнийгээ иуда хэлээр чанга дуугаар хашхирав. 19Тэд Иерусалимын Бурханы талаар ярихдаа, хүний гарын бүтээл болох дэлхийн ард түмний бурхдын тухай ярьж байгаа юм шиг ярьцгаав.
Сеннахерибын ялагдал ба үхэл
20Үүнээс болоод Хезекиа хаан, Амозын хүү эш үзүүлэгч Исаиа нар залбиран тэнгэр өөд хашхирцгаав. 21ЭЗЭН тэнгэрэлчээ илгээн Ассирийн хааны хуаранд бүх хүчит дайчин, жанжингууд ба түшмэдийг алуулжээ. Ингээд тэрээр ичгүүртэйгээр нутагтаа буцав. Тэр өөрийн бурхны сүмд орох үед төрсөн хөвгүүд нь түүнийг тэнд илдээр алжээ. 22ЭЗЭН, Хезекиаг болон Иерусалимын оршин суугчдыг Ассирийн хаан Сеннахерибын гараас мөн бүх дайсны гараас аварч, тэднийг тал бүрд нь удирджээ. 23Олон хүн Иерусалимд ирж, ЭЗЭНд өргөл, Иудагийн хаан Хезекиад үнэт зүйлс авчирч өгчээ. Үүнээс хойш тэрээр бүх үндэстний өмнө өргөмжлөгдсөн билээ.
Хезекиагийн өвчин
(2Ха 20:1–3,12–19; Иса 38:1–3, 39:1–8)
24Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болжээ. Тэрээр ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН түүнд айлдаж, тэмдэг өгөв. 25Харин Хезекиа хүлээж авсан ашгаасаа буцааж өгсөнгүй. Учир нь түүний зүрх бардам болжээ. Иймээс уур хилэн түүн дээр болон Иуда, Иерусалимын дээр буув. 26Харин Хезекиа болон Иерусалимын оршин суугчид зүрхнийхээ бардамналыг номхруулсан учраас ЭЗЭНий уур хилэн Хезекиагийн өдрүүдэд тэдний дээр буусангүй.
Хезекиагийн эд баялаг
(2Ха 20:20–21)
27Хезекиа үлэмж их баялагтай бас нэр хүндтэй байв. Тэр өөртөө зориулан мөнгө, алт, үнэт чулуу, анхилуун тос, бамбай болон бүх төрлийн үнэт хэрэглэлийн эрдэнэсийн сангуудыг 28мөн үр тарианы бүтээгдэхүүн, дарс, тосны агуулахуудыг байгуулж бас бүх төрлийн үхрийн хороо, хонины хашаануудыг барьжээ. 29Тэр өөртөө зориулан хотууд байгуулж, хонь, үхэр сүргийг үй түмээр эзэмшжээ. Учир нь Бурхан түүнд асар их баялаг өгсөн билээ. 30Гихоны усны дээд урсгалыг зогсоож, Давидын хотын баруун тал уруу урсгасан хүн нь Хезекиа байв. Хезекиа хийсэн бүгддээ амжилт олжээ.
31Уг газарт болсон тэмдгийн талаар асуухаар илгээгдсэн, Вавилоны захирагчдын төлөөлөгчдийн хэрэг дээр л Бурхан, Хезекиаг ганцааранг нь орхисон нь түүнийг сорьж, зүрх сэтгэлд нь байсан бүхнийг мэдэхийн тулд байсан юм.
32Хезекиагийн бусад үйл хэрэг, түүний хийсэн сайн үйлс нь, харагтун, бүгд Амозын хүү эш үзүүлэгч Исаиагийн үзэгдэлд, Израиль ба Иудагийн Хаадын номд бичигдсэн билээ. 33Ингээд Хезекиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Давидын хөвгүүдийн булшны дээд хэсэгт тавив. Бүх Иуда болон Иерусалимын оршин суугчид түүнийг үхэлд хүндэтгэл үзүүлэв. Түүний хүү Манассе оронд нь хаан болов.

Одоогоор Сонгогдсон:

2Шастир 32: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү