2Шастир 34

34
Иосиагийн хаанчлал
(2Ха 22:1–2)
1Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гучин нэгэн жил хаанчлав.#Иер 3:6 2Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, өөрийн өвөг эцэг Давидын замаар замнасан бөгөөд үүнээсээ зүүн тийш ч, баруун тийш ч хазайсангүй. 3Хаанчлалынхаа найм дахь жилд, залуу хүү байхдаа тэрээр өвөг эцэг Давидынхаа Бурханыг эрэлхийлж эхлэв. Арван хоёр дахь жилд тэрээр мөргөлийн өндөрлөгүүд, Ашерагийн модон шон ба сийлмэл, цутгамал хөргүүдээс Иуда болон Иерусалимыг цэвэрлэж эхэлсэн юм. 4Тэд түүний өмнө Баалуудын тахилын ширээнүүдийг нурааж, өндөрт байрлуулсан утлагын тахилын ширээнүүдийг тэр цавчин унагав. Бас Ашерагийн модон шон, сийлмэл болон цутгамал хөргүүдийг тэрээр хэсэглэн бутлаад, нунтаг болтол үйрүүлэн, тэдгээрт тахил өргөж байсан хүмүүсийн булшнууд дээгүүр тараав.#2Ха 21:3; 2Шс 33:3 5Тэгээд тэрээр тахилч нарын ясыг тахилын ширээнүүд дээр шатааж, Иуда ба Иерусалимыг цэвэршүүлжээ.#1Ха 13:2 6Манассе, Ефраим, Симеоны хотууд болон Нафталийг хүртэл, эргэн тойрных нь балгасуудад ч 7тахилын ширээнүүдийг тэр нурааж, Ашерагийн модон шон ба сийлмэл шүтээнүүдийг нунтаглан бутлаад, Израиль газар нутаг даяар утлагын тахилын ширээнүүдийг цавчиж хаяв. Тэгээд тэрээр Иерусалим уруу буцжээ.
Хуулийн ном олдсон нь
(2Ха 22:3–20)
8Тэрээр газар нутаг болон өргөөг цэвэрлэсэн байх үед буюу хаанчлалынхаа арван наймдугаар онд өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг засварлуулахаар Азалиагийн хүү Шафан, хотын түшмэл Маасеиа, зөвлөх Иоахазын хүү Иоа нарыг илгээв. 9Тэд тэргүүн тахилч Хилкиа уруу очоод, Бурханы өргөөнд авчирсан мөнгийг тушаажээ. Уг мөнгийг левичүүд болох хаалганы сахиулууд Манассе, Ефраим болон Израилийн үлдэгсэд бүгдээс мөн бүх Иуда, Бениамин хийгээд Иерусалимын оршин суугчдаас цуглуулсан байв. 10Тэд ЭЗЭНий өргөөг хариуцан ажиллаж буй хүмүүсийн гарт уг мөнгийг өгсөн бөгөөд ЭЗЭНий өргөөнд ажиллаж байсан ажилчид өргөөг сэргээн барьж, засварлахад хэрэглэсэн юм. 11Тэр мөнгийг тэд зассан чулуу ба залган сэлбэхэд ашиглах гуалин худалдаж авахад мөн Иудагийн хаадын сүйрүүлж орхисон барилгуудад дүнз хийхэд зориулж мужаан, барилгачдад эргүүлэн өгчээ. 12Хүмүүс нь ажилаа итгэмжтэйгээр хийв. Тэднийг хянаж байсан даамлууд нь Мерарийн хөвгүүдээс гаралтай левичүүд болох Иахат, Обадиа нар, Кохатын хөвгүүдээс гаралтай Зехариа, Мешуллам нар болон бүгдээрээ хөгжмийн зэмсэгт гарамгай хүмүүс болох левичүүд байв. 13Тэд бас ачаа зөөгчдийг хариуцаж, мэргэжил бүрийн ажилчид бүгдийг хянаж байв. Левичүүдээс зарим нь гүүш, түшмэд болон дааман хаалганы сахиулуудын үүргийг гүйцэтгэж байв.
14ЭЗЭНий өргөөнд авчирсан байсан мөнгийг тэд гаргах үеэр, Мосегоор дамжуулан өгсөн ЭЗЭНий хуулийн номыг тахилч Хилкиа олжээ. 15Хилкиа, гүүш Шафанд хариулан
—Би ЭЗЭНий өргөөнд хуулийн ном оллоо гэв. Хилкиа тэр номыг Шафанд өгчээ. 16Тэгээд Шафан номыг хаанд авчрав. Түүнээс гадна тэр хаанд үг хэлж
—Таны зарц нарт даалгагдсан бүхнийг тэд гүйцэтгэж байгаа. 17Тэд өргөөнөөс олдсон мөнгийг цуглуулж, ЭЗЭНий өргөөг хариуцагч ба ажил хийгчдийн гарт даатгав гэв.
18Үүнээс гадна гүүш Шафан, хаанд
—Тахилч Хилкиа надад нэг ном өгсөн гэв. Шафан уг номоос хаанд уншжээ. 19Хаан тэрхүү хуулийн үгсийг сонсоод хувцсаа урав. 20Дараа нь Хилкиа, Шафаны хүү Ахикам, Микагийн хүү Абдон,#34:20 2Ха 22:12-т Ахбор гүүш Шафан болон хааны зарц Асаиа нарт хаан тушаан
21Явж, миний төлөө болон Израиль ба Иудад үлдсэн хүмүүсийн төлөө олдсон номын үгсийн талаар ЭЗЭНээс асуугтун. Энэ номд бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр ЭЗЭНий үгийг бидний эцэг өвгөд сахиагүй учраас бидний дээр асгарсан ЭЗЭНий уур хилэн үлэмж ажээ гэв.
Эш үзүүлэгч Хулдагийн зөвлөгөө
22Тэгээд Хилкиа болон хааны илгээсэн хүмүүс Шаллумын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Хулда уруу явав. Шаллум нь Хасрагийн ач, Токхатын хүү бөгөөд хувцасны агуулахын сахиул юм. Хулда, Иерусалимын хоёрдугаар дүүрэгт амьдардаг байв. Тэд мөнөөх зүйлийн талаар түүнтэй ярилцжээ. 23Тэрээр тэдэнд
—Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарыг Над уруу илгээсэн хүнд хэлэгтүн. 24ЭЗЭН айлдахдаа «Үзэгтүн, Би энэ газарт болон эндхийн оршин суугчид дээр гай гамшгийг буулгана. Тэр нь Иудагийн хааны өмнө тэдний уншсан тэрхүү номд бичигдсэн бүх хараал юм. 25Учир нь тэд Намайг хаяж, өөр бурхдад өргөл өргөж, гарынхаа бүх ажлаар Намайг хилэгнүүлсэн билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газар дээр цутгах бөгөөд үл унтарна» гэж байна” гэв. 26Харин ЭЗЭНээс асуулгахаар та нарыг илгээсэн Иудагийн хаанд та нар үүнийг хэлэгтүн. “Израилийн Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. «Чиний сонссон үгсийн тухайд 27зүрх чинь зөөлөрч, энэ газар болон эндхийн оршин суугчдын эсрэг хэлсэн Түүний үгсийг сонсоод, Бурханы өмнө чи өөрийгөө даруу болгосон бөгөөд Миний өмнө чи өөрийгөө даруу болгож, хувцсаа уран Миний өмнө уйлсан учир Би чамайг үнэхээр сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 28«Үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд уруу аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар ба эндхийн оршин суугчид дээр Миний авчрах бүх гай гамшгийг чиний нүд үзэхгүй» гэсэн” гэв. Тэд хариу үгийг хаанд авчрав.
Гэрээг шинэчлэв
(2Ха 23:1–20)
29Хаан дараа нь хүн илгээж, Иуда болон Иерусалимын бүх ахмадыг цуглуулав. 30Хаан ба Иудагийн бүх эрс, Иерусалимын оршин суугчид, тахилч нар, левичүүд болон их багагүй бүх ард түмэн ЭЗЭНий өргөө уруу явав. ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгийг тэдний сонорт хаан уншив.
31Тэгээд хаан өөрийн байрандаа зогсоод, тэрээр ЭЗЭНийг дагаж бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав.#34:31 2Ха 23:3 үз. 32Тэгээд тэрээр Иерусалимд ба Бениаминд байсан бүгдийг өөртэйгөө хамт энэ гэрээнд нэгдүүлэв. Ингэж Иерусалимын оршин суугчид, Бурханы гэрээний дагуу эцэг өвгөдийнхөө Бурханд ийн үйлджээ.
33Иосиа, Израилийн хөвгүүдэд харьяалагдах бүх газар нутгаас бүх бузрыг зайлуулаад, Израильд буй бүх хүнийг өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлүүлсэнд тэд түүний амьдралынх нь туршид эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг дагахаас эргээгүй юм.

Одоогоор Сонгогдсон:

2Шастир 34: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү