2Шастир 35
35
Алгасалыг тэмдэглэв
(2Ха 23:21–23)
1Дараа нь Иосиа, ЭЗЭНд Алгасалыг Иерусалимд тэмдэглэж, нэгдүгээр сарын арван дөрвөнд тэд Алгасалын хургануудыг төхөөрөв. 2Тэрээр тахилч нарыг үүрэгт ажилд оруулан ЭЗЭНий өргөөнд үйлчлэхэд тэднийг урамшуулав. 3Тэрээр мөн хамаг Израилийг зааварладаг, Эзэнд ариун левичүүдэд
—Ариун авдрыг Израилийн хаан Давидын хүү Соломоны барьсан өргөөнд оруулан залагтун! Энэ нь дахиж мөрөн дээрх ачаа болохгүй. Одоо Бурхан ЭЗЭНдээ болон Түүний ард түмэн Израильд үйлчлэгтүн! 4Израилийн хаан Давидын бичиг болон түүний хүү Соломоны бичгийн дагуу өөрсдийн бүлгүүд дэх эцгийнхээ гэрийн дагуу бэлэн байгтун!#2Шс 8:14 5Үүнээс гадна, өөрсдийн ах дүүс болох эгэл ардуудын эцгийн гэрийн бүлүүдийн дагуу мөн левичүүдийн эцгийн гэрийн хэсэг бүрээр ариун газарт зогсогтун! 6Алгасалын хургануудыг нядалж, өөрсдийгөө ариусгаж, Мосегоор дамжуулсан ЭЗЭНий үгийн дагуу үйлдэхэд ах дүүсээ бэлтгэгтүн! гэв. 7Иосиа тэнд байсан бүгдэд буюу ард түмний хөвгүүдийн Алгасалын тахилд зориулан гучин мянган хурга ба ишиг хандивласан бөгөөд түүн дээр гурван мянган бух нэмжээ. Эдгээр нь хааны өмч байв. 8Түүний түшмэд ардууд, тахилч нар болон левичүүдэд сайн дураараа хандивлав. Бурханы өргөөний түшмэд болох Хилкиа, Зехариа, Иехиел нар Алгасалын өргөлд зориулан хоёр мянга зургаан зуун хурга мөн гурван зуун үхэр тахилч нарт өгчээ. 9Левичүүдийн захирагчид болох Конаниа, түүний ах дүүс Шемаиа, Нетанел нар, Хашабиа, Иеиел, Иозабад нар Алгасалын өргөлд зориулан таван мянган хурга мөн таван зуун бухыг левичүүдэд хандивлав. 10Ингээд үйлчлэлийн бэлтгэл хангагдсанд хааны тушаалын дагуу тахилч нар байр байрандаа мөн левичүүд хэсэг хэсэгтээ зогсоцгоолоо. 11Тэд Алгасалын хургануудыг нядлав. Тэгээд левичүүд арьсыг нь өвчих хооронд тахилч нар тэдний гараас цусыг авч цацав. 12Тэгээд тэд шатаалт тахилыг тусгайлан тавьж, эгэл ардуудын эцгийн гэрийн бүлэг тусбүрд өгөөд, Мосегийн номд бичигдсэний дагуу тэдгээрийг ЭЗЭНд өргөв. Бухнуудыг мөн адил өгөв. 13Ингээд тэд Алгасалын хургануудыг зааврын дагуу гал дээр шарж, ариун өргөлийг сав, тогоо, түмпэнд чанаад, бүх ард түмний хөвгүүдэд түргэхэн шиг аваачжээ.#Гэт 12:8–9 14Үүний дараа тэд өөрсдөдөө болон тахилч нарт зориулан бэлтгэв. Учир нь тахилч нар болох Аароны хөвгүүд шатаалт тахилууд ба өөхийг шөнө хүртэл өргөжээ. Тиймээс левичүүд өөрсдөдөө болон Аароны хөвгүүд болох тахилч нарт зориулан бэлдсэн юм. 15Асафын хөвгүүд болох дуучид ч Давид, Асаф, Хеман болон хааны үзмэрч Иедутуны тушаалын дагуу байрлалаа эзэлсэн байв. Мөн хаалга хаалган дээрх хаалгач нар үйлчлэлээсээ холдох шаардлага гарсангүй. Учир нь тэдний ах дүүс левичүүд тэдэнд зориулан бэлтгэсэн байлаа.#1Шс 25:1 16Алгасалыг тэмдэглэж, Иосиа хааны тушаалаар ЭЗЭНий тахилын ширээн дээр шатаалт тахилуудыг өргөхөөр ЭЗЭНий бүх үйлчлэл тэр өдөртөө цэгцэрсэн байв. 17Ингээд тэнд байсан Израилийн хөвгүүд тэр үед Алгасалыг мөн Исгээгүй талхны баярыг долоон өдөр тэмдэглэжээ.#Гэт 12:1–20 18Эш үзүүлэгч Самуелын үеэс хойш Алгасалыг энэ мэтээр тэмдэглэж байсан удаагүй билээ. Мөн Израилийн хаадын нэг нь ч Иосиагийн үйлдсэн шиг тахилч нар, левичүүд, тэнд байсан бүх Иуда, Израиль болон Иерусалимын оршин суугчдын хамт тийм Алгасалыг тэмдэглэж байгаагүй билээ. 19Иосиагийн хаанчлалын арван найм дахь жилд энэ Алгасалыг тэмдэглэсэн юм.
Некогийн ялалт ба Иосиагийн үхэл
(2Ха 23:28–30)
20Энэ бүгдийн дараа буюу Иосиа сүмийг янзалсны дараа Египетийн хаан Неко дайтахаар Евфрат дахь Кархемишт ирсэн бөгөөд Иосиа түүнийг довтлохоор явлаа. 21Гэвч Неко түүнд элч нарыг илгээн
—Иудагийн хаантан, танаар би юу хийх билээ? Өнөөдөр би таны эсрэг бус, харин миний дайтаж буй гэрийн эсрэг явж байгаа бөгөөд Бурхан надад яаравчлахыг тушаав. Түүгээр устгуулахгүйн тулд өөрийгөө бодож надтай хамт байгаа Бурханыг эсэргүүцэхээ болигтун гэв. 22Гэсэн хэдий ч Иосиа түүнээс эргэж хургалгүй, түүнтэй дайтахаар өөрийгөө далдлан зүсээ хувиргав. Тэрээр Бурханы амнаас гарсан Некогийн үгийг үл сонсон Мегиддогийн талд тулалдахаар гарч ирэв. 23Харваачид Иосиа хааныг харван оносонд хаан зарц нартаа
—Би хүнд шархадсан болохоор намайг аваад яв гэв. 24Тиймээс түүний зарц нар түүнийг тэрэгнээс нь буулган авч, өөрт байсан хоёр дахь тэргэнд тавин Иерусалимд авч ирэхэд тэрээр тэнд үхэж, эцэг өвгөдийнхөө булшинд оршуулагдсан билээ. Бүх Иуда ба Иерусалим Иосиагийн араас гашууджээ. 25Дараа нь Иеремиа, Иосиад зориулан гашуудлын дуу дуулжээ. Бүх эр, эм дуучин Иосиагийн хойноос үүнийг гашуудан дуулсанд өнөөг хүртэл тэр нь Израильд заншил болжээ. Харагтун, тэдгээр нь бас Гашуудал номд бичигдсэн юм. 26Иосиагийн бусад үйл хэрэг болон ЭЗЭНий хуулийн дагуух түүний сайн үйлс, 27түүний урьд хождын үйл хэрэг, харагтун, тэдгээр нь Израиль ба Иудагийн Хаадын номд бичигдсэн юм.
Одоогоор Сонгогдсон:
2Шастир 35: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.