2Шастир 25
25
Амазиагийн хаанчлал
(2Ха 14:2–6)
1Амазиа хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын Иехоаддан гэдэг байв. 2Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэн ч бүх зүрх сэтгэлээсээ үйлдсэнгүй. 3Хаанчлал түүний гарт бат атгагдмагц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав. 4Харин Мосегийн хуулийн номд бичигдсэний дагуу ЭЗЭН “Хөвгүүдээс нь болж эцгүүдийг нь цаазалж болохгүй мөн эцгүүдээс нь болж хөвгүүдийг нь ч цаазалж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө гэм нүглийн улмаас л цаазлагдах ёстой” гэж тушаасанчлан тэдний хөвгүүдийг тэрээр алсангүй.#Дх 24:16
Едомчуудыг хядсан нь
(2Ха 14:7)
5Үүнээс гадна Амазиа, иудачуудыг цуглуулан тэднийг Иуда, Бениамин даяар эцгүүдийнх нь бүлийн дагуу мянгат болон зуутын дарга нарт захируулав. Тэрээр хорь ба түүнээс дээш насны эрчүүдийн тооллого хийж, дайнд явах чадвартай, жад болон бамбай эзэмшсэн гурван зуун мянган шилдэг эрс байгааг нь олж мэдэв. 6Тэр бас Израилиас зуун мянган эрэлхэг дайчдыг зуун мөнгөн талантаар хөлслөн авав. 7Гэвч Бурханы хүн түүн дээр ирж
—Өө, хаантан, Израилийн цэргийг өөртэйгөө хамт бүү явуулаач. Учир нь ЭЗЭН Израильтай буюу Ефраимын хөвгүүдийн хэнтэй нь ч хамт байдаггүй юм. 8Гэсэн ч хэрвээ та явбал яв, тулаанд тууштай бай.#25:8 эсвэл тэдэнтэй хамт хүчтэй юм бол яв. Еврейд нь тодорхой бус. Харин Бурхан таныг дайсны өмнө унагаах болно. Учир нь туслах ба унагах эрх Бурханд бий гэв. 9Амазиа, Бурханы хүнд
—Гэвч Израилийн цэргүүдэд миний өгсөн зуун талант мөнгийг бид яах вэ? гэсэнд Бурханы хүн хариулахдаа
—Чамд өгөх юм ЭЗЭНд үүнээс хамаагүй их бий гэв. 10Тэгээд Амазиа тэднийг буюу Ефраимаас түүн дээр ирсэн цэргүүдийг нутагт нь буцааж явуулжээ. Үүнээс болж Иудагийн эсрэг тэдний уур дүрэлзэж, тэд уурандаа шатсаар нутагтаа харьцгаав. 11Амазиа зоригжин, ард түмнээ удирдав. Тэрээр Давст Хөндий уруу хөдөлж, Сеирийн хөвгүүдээс арван мянган хүнийг алав. 12Иудагийн хөвгүүд бас арван мянган хүнийг амьдаар нь олзлон авч, тэднийг хадан цохионы оройд аваачаад, тэндээс тэднийг бяцартал нь доош чулуудав. 13Гэвч дайнд явахыг нь болиулаад Амазиагийн буцаан илгээсэн цэргүүд Самариас Бет-хорон хүртэлх Иудагийн хотуудыг дээрэмдэж, гурван мянган хүнийг алж, маш их зүйл олзлов.
14Амазиа едомчуудыг хядсаны дараа ирэхдээ Сеирийн хөвгүүдийн бурхдыг авчран тэдгээрийг өөрийн бурхдаа болгож, тэдгээрийн өмнө мөргөж, тэдэнд утлага өргөв. 15Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Амазиагийн эсрэг шатаж, Тэр түүнд эш үзүүлэгчийг илгээн
—Чиний гараас ард түмнээ авраагүй тэр хүмүүсийн бурхдыг чи юунд эрэлхийлнэ вэ? гэж хэлүүлжээ. 16Түүнийг хаантай ярих зуур хаан түүнд
—Бид чамайг хааны зөвлөхөөр томилсон бил үү? Зогс! Яагаад чи алуулахаар юм хийж байна вэ? гэв. Эш үзүүлэгч зогсоод
—Чи үүнийг үйлдэж, зөвлөгөөг минь сонсоогүй учраас Бурхан чамайг устгахаар төлөвлөснийг би мэднэ гэлээ.
Иудаг Израиль ялав
(2Ха 14:8–20)
17Тэгэхэд Иудагийн хаан Амазиа зөвлөлдөж, Иехүгийн ач, Иехоахазын хүү Израилийн хаан Иоашт элч илгээн
—Ирэгтүн, нүүр нүүрээрээ тулъя гэв.#25:17 эсвэл хэлэлцээрт урив 18Израилийн хаан Иоаш Иудагийн хаан Амазиад хүн илгээн
—Ливанд байсан өргөст бут Ливанд байсан хуш модонд элч илгээн “Охиноо миний хүүд өгч, гэрлүүлээч” гэжээ. Гэвч Ливанд байсан зэрлэг араатан түүгээр өнгөрөн явж, өргөст бутыг гишгэн дэвсэлжээ. 19Чи “Харагтун, би Едомыг ялсан юм” гэв. Чиний зүрх ихэрхэл дотроо бардам болжээ. Одоо гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? гэв. 20Гэвч Амазиа сонссонгүй. Учир нь тэд Едомын бурхдыг эрэлхийлсэн тул Тэрээр тэднийг Иоашийн гарт оруулахын тулд Бурхан ийн үйлдсэн юм. 21Ингээд Израилийн хаан Иоаш хөдөлжээ. Тэр болон Иудагийн хаан Амазиа Иудад харьяалагддаг Бет-шемешт нүүр нүүрээрээ тулгарав. 22Иуда, Израильд ялагдан, хүн бүр өөр өөрсдийн майхан уруу зугтаажээ. 23Тэгээд Израилийн хаан Иоаш, Иехоахазын ач, Иоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, түүнийг Иерусалимд авчран Иерусалимын хэрмийг Ефраимын гулдан хаалганаас Булангийн гулдан хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газар нураав. 24Бурханы өргөөнд Обед-едомын халамжинд болон хааны өргөөний эрдэнэсийн санд байсан бүх алт, мөнгө болон бүх сав суулгыг тэр дээрэмдэж мөн хүмүүсийг олзлон авч, Самари уруу буцжээ.
Амазиагийн үхэл
25Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа нь Иехоахазын хүү Израилийн хаан Иоашийг өөд болсноос хойш арван таван жил амьдрав. 26Амазиагийн урьд хождын бусад үйлс нь Иуда, Израилийн Хаадын номд бичигдсэн бус уу? 27ЭЗЭНийг дагахаас Амазиа эргэсэн цагаас эхлэн Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн түүнийг тэнд алжээ. 28Тэгээд тэд шарилыг нь морин нуруун дээр тэгнэн авчирч, Иерусалимд эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод тавьжээ.
Одоогоор Сонгогдсон:
2Шастир 25: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.