2Шастир 24

24
ЭЗЭНий өргөөг Иоаш засварлав
(2Ха 12:1–16)
1Иоаш хаанаар өргөмжлөгдөхдөө долоон настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд дөчин жил хаанчилжээ. Түүний эхийг Беершебагаас гаралтай Зибиа гэдэг байв. 2Тахилч Иехоиадагийн бүх өдрийн турш Иоаш ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв. 3Иехоиада түүнд хоёр эхнэр авч өгсөн бөгөөд тэр хөвгүүд, охидын эцэг болов.
4Үүний дараа Иоаш, ЭЗЭНий өргөөг сэргээн босгохоор шийджээ. 5Тэрээр тахилч нар болон левичүүдийг цуглуулан тэдэнд
—Иудагийн хотууд уруу явцгаа. Жил бүр Бурханыхаа өргөөг сэргээн босгоход зориулж бүх Израилиас мөнгө цуглуул. Та нар үүнийг яаралтай үйлдэгтүн гэв. Гэвч левичүүд шуурхай хөдөлсөнгүй. 6Иймээс тэргүүн тахилч Иехоиадаг хаан дуудан түүнд
—Яагаад та Израилийн чуулган дээр ЭЗЭНий боол Мосегийн ногдуулсан гэрчлэлийн майхны алба гувчуурыг Иуда, Иерусалимаас авчрахыг левичүүдээс шаардахгүй байна вэ? гэв.#Гэт 30:11–16 7Учир нь балмад эм Аталиагийн хөвгүүд Бурханы өргөөнд цөмрөн орж, ЭЗЭНий өргөөний ариун юмсыг хүртэл Баалд ашигласан байлаа.
8Ингээд хаан тушаасанд тэд хайрцаг хийж, түүнийг гадна талд ЭЗЭНий өргөөний дааман хаалганы дэргэд тавив. 9Цөлд, Бурханы зарц Мосегийн Израильд ногдуулсан алба гувчуурыг ЭЗЭНд авчрахыг Иуда, Иерусалимд тэд тунхагласан билээ. 10Бүх удирдагчид болон бүх ард түмэн баярлав. Тэгээд тэд авчирч хайрцагт хийсээр түүнийг дүүргэжээ. 11Левичүүд хааны түшмэд уруу хайрцгийг авчрах бүрд тэд тэнд маш их мөнгө байгааг хардаг байв. Хааны гүүш болон тэргүүн тахилчийн түшмэл ирж, хайрцгийг хоослон суллаад, буцааж байранд тавьдаг байлаа. Тэд өдөр бүр ийнхүү ажиллаж, маш их мөнгө хураав. 12Хаан, Иехоиада нар уг мөнгийг ЭЗЭНий өргөөний үйлчлэлийн ажлыг хийж байсан хүмүүст өгчээ. Тэд ЭЗЭНий өргөөг сэргээн засварлахын тулд чулуучид, мужаанууд болон төмөр, хүрлээр урлах ажилчдыг хөлсөлсөн билээ. 13Ажилчид хөдөлмөрлөсөөр, сэргээн босголтын ажил ч тэдний гарт урагшилж, тэд Бурханы өргөөг хэлбэр төрхийнх нь дагуу засварлаж, бат бөх болголоо. 14Тэд ажилаа дуусгаад, үлдсэн мөнгийг хаан, Иехоиада нарын өмнө авчирчээ. Уг мөнгийг ЭЗЭНий өргөөний хэрэглэл буюу үйлчлэл болон шатаалт тахилд зориулах хэрэглэл, алт мөнгөн сав, хэрэглэлийг хийхэд ашигласан билээ. Тэд Иехоиадагийн бүх өдөрт ЭЗЭНий өргөөнд үргэлжлүүлэн шатаалт тахилуудыг тахисаар байв.
Иоашийн урвалт
15Иехоиада насныхаа тоог гүйцээгээд үхэв. Өөд болохдоо тэрээр зуун гучин настай байлаа. 16Тэд түүнийг Давидын хотод хаадын дунд нутаглуулсан билээ. Учир нь тэрээр Израильд болон Бурхан ба Түүний өргөөнд сайныг үйлджээ.
17Гэвч Иехоиадаг нас барсны дараа Иудагийн түшмэд ирж, хаанд мэхийсэнд хаан тэднийг сонсов. 18Тэд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг орхин Ашерагийн модон шон болон шүтээнүүдэд үйлчилжээ. Тэдний энэ гэм буруугийн улмаас Иуда болон Иерусалим дээр ял бууж ирэв. 19Гэсэн ч тэднийг ЭЗЭНд буцаан авчрахын тулд Тэрээр тэдэнд эш үзүүлэгчдийг илгээлээ. Эш үзүүлэгчид тэдний эсрэг гэрчилсэн хэдий ч тэд сонссонгүй.
20Тэгэхэд Бурханы Сүнс тахилч Иехоиадагийн хүү Зехариа дээр буужээ. Тэрээр ардуудын дээр зогсоод, тэдэнд
—Бурхан айлдахдаа “Та нар яагаад ЭЗЭНий тушаалуудыг зөрчиж байна вэ? Ингэснээр та нар хөгжиж дэвжихгүй. Учир нь та нар ЭЗЭНийг умартсан учраас Тэр бас та нарыг умартсан билээ” гэж байна гэв.#Мт 23:35; Лк 11:51 21Тэгээд хүмүүс түүний эсрэг хуйвалдаж, хааны тушаалаар ЭЗЭНий өргөөний хашаан дотор түүн уруу үхтэл нь чулуу шидэв. 22Түүний эцэг Иехоиадагийн өөрт нь үзүүлж байсан хайр энэрлийг Иоаш хаан дурсан саналгүй түүний хүүг алжээ. Зехариа үхэхдээ
—ЭЗЭН хараад, өшөө авах болтугай гэжээ.
Иоашийн үхэл
23Дараа жилийн эхэнд арамчуудын цэрэг Иоашийн эсрэг дайран ирэв. Тэд Иуда, Иерусалимд хүрч ирээд, хүмүүсийн дундаас ард түмний удирдагчдыг бүгдийг алж, бүх олз омогоо Дамаскийн хаанд илгээжээ. 24Үнэндээ арамчуудын цэрэг цөөхөн тооны дайчидтай байв. Гэтэл иудачууд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНийг умартсан учраас тэдний үлэмж их цэргийг ЭЗЭН арамчуудын гарт оруулж өгчээ. Ингээд тэд Иоашийн дээр шийтгэлийг гүйцэлдүүлжээ.
25Тэд түүнийг хүнд шархтай нь орхин түүнээс салж явахад зарц нар нь тахилч Иехоиадагийн хүүгийн#24:25 Еврейд нь хөвгүүдийн цуснаас болж түүний эсрэг хуйвалдаж, орондоо байхад нь түүнийг алжээ. Ингэж Иоаш үхсэн бөгөөд тэд түүнийг Давидын хотод нутаглуулсан боловч, түүнийг хаадын булшинд тавьсангүй. 26Түүний эсрэг хуйвалдсан хүмүүс аммон эмэгтэй Шимеатын хүү Забад, моаб эмэгтэй Шимритийн хүү Иехозабад нар юм. 27Иоашийн хөвгүүд, түүний авсан хатуу сануулга болон Бурханы өргөөг сэргээн засварласан тухай Хаадын номын тайлбарт бичигдсэн юм. Дараа нь түүний хүү Амазиа оронд нь хаан болов.

Одоогоор Сонгогдсон:

2Шастир 24: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү