2Шастир 23

23
1Долоо дахь жилд Иехоиада өөрийгөө хүчирхэгжүүлэн, зуутын дарга нар болох Иерохамын хүү Азариа, Иехохананы хүү Ишмаел, Обедын хүү Азариа, Адаиагийн хүү Маасеиа, Зихрийн хүү Елишафат нарыг авч, тэдэнтэй гэрээ байгуулав. 2Тэд Иуда даяар явж, Иудагийн бүх хотоос левичүүдийг мөн Израилийн эцгүүдийн бүлийн тэргүүн нарыг цуглуулав. Тэд Иерусалимд ирцгээлээ. 3Тэгээд бүх чуулган Бурханы өргөөнд хаантай гэрээ байгуулав. Иехоиада тэдэнд
—Харагтун, Давидын хөвгүүдийн талаар ЭЗЭН айлдсаны дагуу хааны хүү хаанчлах болой.#2См 7:12 4Та нарын хийх зүйл энэ юм. Амралтын өдөр үүрэгтэй тахилч нар болон левичүүд буюу та бүгдийн гуравны нэг нь хаалгач болог. 5Гуравны нэг нь хааны өргөөнд мөн гуравны нэг нь Суур дааман хаалган дээр байгтун. Бүх ард олон ЭЗЭНий өргөөний хашаанд байгтун. 6Харин тахилч нар ба үйлчилж буй левичүүд ариун учраас ЭЗЭНий өргөөнд нэвтрэн орж болно. Тэднээс өөр хэнийг ч бүү нэвтрүүл. Бүх хүн ЭЗЭНий тушаасныг сахигтун. 7Леви хүн бүр зэвсгээ гартаа авч хааныг хүрээлэн зогс. Өргөөнд нэвтэрсэн хэнийг ч болов алагтун. Гарч орох бүрийд нь хаантай хамт байгтун гэв.
Иоаш хаан болов
8Ингээд левичүүд ба бүх иуда хүн тахилч Иехоиадагийн тушаасан бүгдийг ёсоор гүйцэтгэжээ. Тахилч Иехоиада аль ч бүлгийг тараагаагүй учир тэдний хүн бүр Амралтын өдөр ордог гардаг эрсээ дагуулан ирэв. 9Тэгээд зуутын дарга нарт тахилч Иехоиада Бурханы өргөөнд байсан, Давид хааны жад ба том, жижиг бамбайнуудыг өгөв. 10Тэрээр хүн бүрийн гарт зэвсэг бариулан өргөөний баруун талаас зүүн тал хүртэл хааныг хүрээлэн тахилын ширээ ба өргөөний хажуугаар бүх хүнийг зогсоосон юм. 11Тэгээд тэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэлийг өгч, түүнийг хаан болгов. Иехоиада болон түүний хөвгүүд түүнийг тослон
—Хаан мөнх наслаг! гэцгээв.
Аталиа хөнөөгдсөн нь
12Ард түмний гүйлдэх болон хааныг магтах дуу чимээг Аталиа сонсоод, хүмүүс уруу ЭЗЭНий өргөөнд орж иржээ. 13Түүнийг харахад, хаан үүдэнд баганын дэргэд зогсож, ахмадууд болон бүрээчид хааны хажууд зогсож байв. Тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээгээ хүнгэнүүлж, дуучид хөгжимдөн магтаалыг удирдаж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад,
—Тэрслэл! Тэрслэл! гэж хашхирав. 14Тахилч Иехоиада цэргийг захирахаар томилогдсон зуутын дарга нарыг авчраад, тэдэнд
—Тэр эмийг хүрээн дундаас гарга. Түүнийг дагах хэнийг ч бай илдээр цавчин алагтун гэж тушаав. Тахилч
—Тэр эмийг ЭЗЭНий өргөөнд бүү алагтун гэв. 15Ингээд тэд түүнийг баривчлан, хааны өргөөний Адууны хаалганы үүдээр гаргаж тэнд тэд түүнийг хороов.
16Дараа нь тэд ЭЗЭНий ард түмэн байх болно гэсэн гэрээг Иехоиада бүх ард түмэнтэй мөн хаантай байгуулсан юм. 17Тэрхүү газарт байсан бүх ардууд Баалын өргөөнд очоод, түүнийг буулган нураажээ. Түүний тахилын ширээнүүд ба хөргүүдийг нь тэд юу ч үгүй болтол эвдэж, Баалын тахилч Маттаныг тахилын ширээнүүдийн өмнө алав. 18Үүнээс гадна Иехоиада, ЭЗЭНий өргөөний харгалзагчийг Левийн тахилч нарын гарт өгөв. Урьд өмнө Давид энэ Левийн тахилч нарт ЭЗЭНий өргөөг хуваарилсан байлаа. Тэд Мосегийн хуульд бичигдсэнчлэн ЭЗЭНд шатаалт тахил тахиж, Давидын зааврын дагуу баяр хөөртэйгөөр магтан дуулжээ. 19Тэрээр ЭЗЭНий өргөөний хаалгануудад хаалгачдыг томилж, ямар нэг талаар цэвэр бус хэнийг ч дотогш оруулсангүй. 20Тэрээр зуутын дарга нар, язгууртнууд, ард түмний удирдагчдыг бас тэр газрын бүх ард түмнийг дагуулжээ. Тэд хааныг ЭЗЭНий өргөөнөөс авч дээд хаалгаар нэвтрэн хааны өргөөнд ирэв. Тэд хаант улсын сэнтийд хааныг залжээ. 21Ингээд тэр газрын бүх ард олон баярлан хөөрсөн бөгөөд Аталиаг илдээр цавчин хороосны дараа хот нам гүм болов.

Одоогоор Сонгогдсон:

2Шастир 23: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү