2Шастир 18
18
Микаиа ялагдлыг зөгнөв
(1Ха 22:1–28)
1Иехошафат асар их эд баялаг, нэр хүндтэй байлаа. Тэрээр Ахабтай ураг холбож түүнтэй нэгдэв. 2Хэдэн жилийн дараа тэрээр Ахабтай уулзахаар Самарид ирэв. Ахаб түүнд болон түүнтэй хамт ирсэн хүмүүст зориулан маш олон хонь, үхэр нядалж, Рамот-гилеадыг довтлохоор явахад түүнийг ятгав. 3Израилийн хаан Ахаб, Иудагийн хаан Иехошафатад
—Чи надтай хамт Рамот-гилеадыг довтлохоор явах уу? гэхэд Иехошафат түүнд
—Би бол чи, миний хүмүүс чиний хүмүүс бид тулаанд чамтай хамт байна гэв.
4Тэгээд Иехошафат, Израилийн хаанд
—Өнөөдөр ЭЗЭНий үгийг асууж өгөөч гэж хэлэв. 5Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуун эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс
—Бид Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу эсвэл би түдгэлзэх үү? гэж асуусанд тэд
—Явагтун! Учир нь Бурхан тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав. 6Гэвч Иехошафат
—Бидэнд асуучихаар, ЭЗЭНий өөр эш үзүүлэгч энд алга уу? гэж асуулаа. 7Израилийн хаан Иехошафатад
—ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин мууг л хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлахын хүү Микаиа гэгч юм гэж хэлжээ. Харин Иехошафат түүнд
—Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ. 8Тэгэхэд Израилийн хаан албатаа дуудан
—Имлахын хүү Микаиаг даруй авчрагтун гэж тушаав. 9Израилийн хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөж, Самарийн гулдан хаалганы үүдэнд, нэгэн талбайд өөр өөрсдийн сэнтийд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд л тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа. 10Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүд хийгээд
—ЭЗЭН ийн айлдаж байна. Эдгээрээр та арамчуудыг устаж дуустал нэвт сүлбэх болно гэжээ. 11Бүх эш үзүүлэгчид
—Рамот-гилеад уруу явж, ялагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж эш үзүүлцгээж байлаа.
12Микаиаг дуудахаар явсан элч түүнд
—Харагтун, эш үзүүлэгчдийн үгс нэгэн дуугаар хааны талд байна. Үгээ тэдний нэгнийх нь үг шиг болгож, сайныг яригтун гэв. 13Харин Микаиа
—ЭЗЭН амьд! Бурхан надад юу хэлнэ, түүнийг л би ярих болно гэлээ. 14Түүнийг хааны өмнө ирэхэд хаан түүнээс
—Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү эсвэл би түдгэлзэх үү? гэж асуусанд Микаиа түүнд
—Явж, ялагтун. Тэд таны гарт өгөгдөх болно гэжээ 15Хаан харин түүнд
—ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамаас хичнээн удаа гуйх юм бэ? гэхэд нь 16Микаиа
—Бүх Израиль хоньчингүй хоньд мэт
Уулсын оройгоор тархан явахыг би харлаа.
ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй.
Тэд бүгд өөр өөрсдийн гэртээ амар тайван харьцгааг” гэв хэмээв.#Тоо 27:17; Езк 34:5; Мт 9:36; Мк 6:34
17Тэгэхэд Израилийн хаан, Иехошафатад
—Тэр миний тухай сайн юм эш үзүүлдэггүй, харин ёрын мууг л эш үзүүлдэг гэж би чамд хэлсэн биш бил үү? гэв. 18Микаиа
—Тиймээс ЭЗЭНий үгийг сонсогтун! ЭЗЭН сэнтийдээ залран Түүний баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм. 19ЭЗЭН “Хэн Израилийн хаан Ахабыг явуулж, Рамот-гилеадад унагахаар уруу татах вэ?” гэж асуулаа. Нэг нь ийм гэхэд нөгөө нь тийм гэж байлаа. 20Тэгтэл нэг сүнс урагш гарч ирэн ЭЗЭНий өмнө зогсоод, “Би түүнийг уруу татъя” гэсэнд ЭЗЭН түүнээс “Яаж?” гэж асуув. 21Тэрээр “Би явж, түүний бүх эш үзүүлэгчийн аманд хуурдаг сүнс болно” гэв. ЭЗЭН түүнд “Чи түүнийг уруу татагтун. Үүнийгээ чи бас чадах болно. Явж, үүнийгээ хийгтүн” гэлээ. 22Тиймээс одоо, үзэгтүн, ЭЗЭН энэ эш үзүүлэгчдийн чинь аманд хуурдаг сүнсийг хийсэн билээ. ЭЗЭН таны эсрэг гай гамшгийг тунхаглажээ гэв. 23Тэгэхэд Хенаанагийн хүү Зедекиа дөхөн ирж, Микаиагийн хацрыг алгадаад
—ЭЗЭНий Сүнс чамтай ярих гээд надаас аль замаар явчихаа вэ? гэв. 24Микаиа
—Үзэгтүн, дотоод өрөөнд нуугдахаар орох тэр өдөр чи мэдэх болно гэв. 25Израилийн хаан
—Микаиаг аваад, хотын захирагч Амон ба хааны хүү Иоаш уруу буцаагтун. 26Мөн “Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцаж иртэл энэ хүнийг шоронд байлган, чангалангийн талх, усаар өл залгуул» гэж байна” гэж хэл гэв. 27Микаиа
—Хэрэв та үнэхээр эсэн мэнд буцаж ирвэл ЭЗЭН надаар дамжуулан яриагүй гэсэн үг гээд
—Бүх ард түмэн, та нар үүнийг сонсогтун гэв.
Ахабын ялагдал ба үхэл
(1Ха 22:29–35)
28Ингээд Израилийн хаан ба Иудагийн хаан Иехошафат нар Рамот-гилеад өөд хөдлөв. 29Израилийн хаан, Иехошафатад
—Би зүсээ хувиргаад, тулалдаанд орно, харин та өөрийн хувцсаа өмсөгтүн гэв. Израилийн хаан зүсээ хувиргаад, тэд тулалдаанд орлоо. 30Арамын хаан тэрэгт цэргийнхээ ахмадуудад тушаан
—Та нар багатай нь ч, ихтэй нь ч бүү тулалд, харин зөвхөн Израилийн хаантай л тулалдагтун гэв. 31Тэрэгт цэргийн ахмадууд Иехошафатыг хараад
—Энэ яг Израилийн хаан мөн байна гээд, түүнийг дайрахаар эргэв. Тэгэхэд нь Иехошафат тусламж гуйн хашхирсанд ЭЗЭН түүнд тусалж, Бурхан тэднийг түүнээс холдуулав. 32Тэрэгт цэргийн ахмадууд түүнийг Израилийн хаан биш болохыг харангуутаа түүнээс эргэв. 33Харин нэгэн цэрэг нум сумаараа харваад орхитол, Израилийн хааныг хуягных нь завсраар оножээ. Хаан дэлбэгчдээ#18:33 Морин тэрэг жолоодогч.
—Эргээрэй, намайг тулалдааны талбараас авч гар. Би хүнд шархадлаа гэж хэлэв. 34Тэр өдөр тулаан ширүүсэж, Израилийн хаан арамчуудыг харсан чигтээ тэргэн дотроо түшүүлж байгаад, нар жаргах үеэр үхэв.
Одоогоор Сонгогдсон:
2Шастир 18: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.