2Шастир 19
19
1Тэгээд Иудагийн хаан Иехошафат Иерусалим дахь өөрийн гэртээ эсэн мэнд буцаж ирэв. 2Үзмэрч Хананигийн хүү Иехү түүнийг угтахаар гарч ирээд, Иехошафат хаанд
—Та гэм буруутнуудад туслан ЭЗЭНийг үзэн ядагчдыг хайрлана гэж үү? Үүнээс чинь болоод ЭЗЭНээс ирэх уур хилэн өөр дээр чинь буув. 3Гэвч та энэ газраас Ашеротыг зайлуулан, зүрх сэтгэлээ Бурханыг эрэлхийлэхэд хандуулсан сайн зүйлс бас бий гэв.
Иехошафатын шинэчлэл
4Ингээд Иехошафат Иерусалимд амьдран Беершебагаас Ефраимын уулархаг нутаг хүртэлх ард түмний дундуур дахин явж, тэднийг эцэг өвгөдийнх нь Бурхан болох ЭЗЭН өөд буцаан авчрав. 5Тэрээр газар нутагт, Иудагийн бүх бэхлэгдсэн хотод буюу хот тусбүрд шүүгчдийг томилов. 6Тэрээр шүүгчдэд
—Юу хийж байгаагаа эргэцүүлэгтүн. Учир нь та нар хүнд бус, харин шүүлтийг үйлдэх үед чинь та нартай хамт байдаг ЭЗЭНд зориулан шүүдэг билээ. 7Тиймээс ЭЗЭНээс эмээх сэтгэл та нарын дээр байх болтугай. Хийж буй зүйлдээ маш хянуур ханд. Учир нь бидний Бурхан ЭЗЭНтэй шүүлтэд шударга бус ба ялгаварлал, хээл хахууль авах нь байдаггүй юм гэв. 8Мөн Иерусалимд Иехошафат зарим левичүүд, тахилч нар мөн Израилийн эцгүүдийн бүлийн зарим тэргүүнүүдийг ЭЗЭНий шүүлтэд болон Иерусалимын оршин суугчдын дундах#19:8 Еврейд нь энэ тодорхой бус. маргаануудыг шийдвэрлүүлэхээр томилов. 9Тэгээд тэр тэдэнд даалган
—Та нар ЭЗЭНээс эмээхүй дотор, итгэлтэйгээр мөн чин зүрх сэтгэлээр үүнийг үйлдэгтүн. 10Өөрийн хотууддаа амьдардаг та нарын ах дүүсээс цус цусны хоорондох, хууль, тушаал, зарлиг болон шүүлт хоорондох ямар нэгэн маргаан та нарт ирвэл, тэд ЭЗЭНий өмнө гэм буруутан болохгүй бас та нарын болон ах дүүсийн чинь дээр уур хилэн буухгүйн тулд та нар тэдэнд анхааруулах ёстой. Та нар ийнхүү үйлдэх ёстой бөгөөд тэгвэл та нар гэм буруугүй байх болно. 11Харагтун, ЭЗЭНд хамаатай бүхэнд та нарыг ахлах тахилч Амариа, хаанд хамаатай бүхэнд та нарыг Иудагийн гэрийн захирагч, Ишмаелын хүү Зебадиа захирах болно. Мөн левичүүд та нарын өмнө түшмэд байх болно. Хүчтэй байж үйлдэгтүн. ЭЗЭН зөвт нэгэнтэй хамт байх болтугай гэв.
Одоогоор Сонгогдсон:
2Шастир 19: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.