2Шастир 17

17
Иехошафатын хаанчлал
1Түүний хүү Иехошафат оронд нь хаан болоод, Израилийн эсрэг өөрийгөө хүчтэй илэрхийлэв. 2Тэрээр Иудагийн бүх бэхлэгдсэн хотод цэргийн хүчин тавьж, эцэг Асагийнхаа эзлэн авсан Иудагийн газарт болон Ефраимын хотуудад цэргийн ангиудыг байрлуулжээ.
3ЭЗЭН, Иехошафаттай хамт байлаа. Учир нь тэрээр эцэг өвөг Давидынхаа эртний замыг дагаж, улмаар Баалуудыг эрэлхийлэлгүй 4харин эцгийнхээ Бурханыг эрэлхийлэн, Түүний тушаалуудыг дагасан бөгөөд Израилийн адил үйлдээгүй юм. 5Иймээс ЭЗЭН хаанчлалыг түүний гарт бататгаж, бүх Иуда Иехошафатад алба гувчуур авчирсанд тэрээр үлэмж баялагтай, нэр хүндтэй болов. 6Түүний зүрх ЭЗЭНий замуудад зоригжиж, тэрээр Иудагаас мөргөлийн өндөрлөгүүд болон Ашерагийн модон шонг зайлуулсан юм. 7Тэгээд хаанчлалынхаа гуравдугаар онд тэрээр Иудагийн хотуудад заан сургахаар өөрийн түшмэд болох Бен-хаил, Обадиа, Зехариа, Нетанел, Микаиа нарыг илгээв. 8Мөн тэдний хамт левичүүдийг буюу Шемаиа, Нетаниа, Зебадиа, Асахел, Шемирамот, Иехонатан, Адониа, Тобиа, Тобадониа гэх левичүүдийг мөн тэдний хамт тахилч Елишама, Иехорам нарыг явуулав. 9Тэд ЭЗЭНий хуулийн номыг өөртөө авч Иудад заан, Иудагийн бүх хотоор явж, ард түмнийг сургав.
10Иудагийн эргэн тойрон дахь бүх газрын хаанчлал дээр ЭЗЭНээс эмээхүй байсан бөгөөд тэд Иехошафатын эсрэг дайтсангүй. 11Филистчүүдээс Иехошафатад бэлэг сэлт болон алба гувчуурт мөнгө авчрав. Мөн арабууд түүнд долоон мянга долоон зуун хуц, долоон мянга долоон зуун ухнатай сүрэг авч иржээ. 12Иехошафат улам өргөмжлөгдөж, Иудад бэхлэлт цайз болон нөөц хангамжийн хотуудыг барьж байгуулав. 13Иудагийн хотуудад маш их хангамж мөн Иерусалимд дайчид ба эрэлхэг хүчит эрс түүнд байлаа. 14Эцгүүдийнх нь бүлийн дагуух тэдний жагсаалт ийм болой. Иудагийн мянгатын дарга нараас, жанжин Адна болон түүнтэй хамт гурван зуун мянган эрэлхэг дайчин, 15түүний дараах нь жанжин Иехоханан болон түүнтэй хамт хоёр зуун наян мянган дайчин, 16түүний дараах нь ЭЗЭНд өөрийгөө зориулсан, Зихрийн хүү Амасиа болон түүнтэй хамт хоёр зуун мянган эрэлхэг дайчин байв. 17Бениаминаас, эрэлхэг хүчит эр Елиада болон түүнтэй хамт нум, бамбайгаар зэвсэглэсэн хоёр зуун мянган дайчин, 18түүний дараах нь Иехозабад болон түүнтэй хамт дайнд зэвсэглэсэн зуун наян мянган дайчин байв. 19Эдгээр нь хааны үйлчлэлд байснаас гадна Иуда даяарх бэхлэгдсэн хотуудад хааны байрлуулсан хүмүүс юм.

Одоогоор Сонгогдсон:

2Шастир 17: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү