1Хаад 15
15
Иудагийн хаан Абиам: Шүтээн ба дайн
(2Шс 13:1—14:1)
1Небатын хүү Иеробоам хааны арван наймдугаар онд Абиам Иудагийн хаан болжээ. 2Тэр Иерусалимд гурван жилийн турш хаанчлав. Түүний эх нь Абишаломын охин Маака байв. 3Абиам эцгийнхээ үйлдсэн гэм болгоныг даган явсан ба түүний зүрх сэтгэл ЭЗЭНд бүрэн зориулагдсангүй, эцэг Давид шигээ зүрх сэтгэлтэй байсангүй. 4Гэсэн хэдий ч Давидыг бодон түүний Бурхан ЭЗЭН түүнийг залгамжлах хүүг өсгөж, Иерусалимыг сэргээн тогтоохын тулд түүнд Иерусалимд нэгэн дэнлүүг өгчээ.#1Ха 11:36 5Учир нь Давид ЭЗЭНий мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдэж, хит хүн Уриагийн хэргийг эс тооцвол амьдралынхаа бүх өдрүүдэд ЭЗЭНий түүнд тушаасан ямар ч зүйлийг зөрчсөнгүй.#2См 11:1–27 6Иеробоам, Рехобоам нарын хооронд амьдралынх нь бүх өдрүүдэд дайн дажин байв.
7Абиамын бусад үйл хэрэг, хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? Абиам, Иеробоам нарын хооронд ч дайн байлаа. 8Абиам эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Давидын хотод нутаглуулжээ. Түүний хүү Аса оронд нь хаан болов.
Иудаг Аса хаанчлав
(2Шс 15:16—16:6)
9Израилийн хаан Иеробоамын хорьдугаар онд Аса Иудагийн хаан болжээ. 10Тэрээр Иерусалимд дөчин нэгэн жилийн турш хаанчлав. Түүний эх нь Абишаломын охин Маака байлаа. 11Аса өөрийн эцэг өвөг Давидын адил, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв. 12Тэрээр бас шүтээний янхан эрчүүдийг газар нутгаасаа хөөн гаргаж, эцэг өвгөдийнхөө бүтээсэн шүтээнүүдийг зайлуулав. 13Тэр бас өөрийн эх Маакаг эх хатан байхыг нь болиулжээ. Учир нь эх нь Ашера мэт жигшүүрт хөргийг бүтээжээ. Аса эхийнхээ жигшүүрт хөргийг цавчиж, Кидрон гуунд шатаав. 14Гэвч мөргөлийн өндөрлөгүүд алга болсонгүй. Харин Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш ЭЗЭНд бүрэн зориулагдсан байв.
15Тэр эцгийнхээ болон өөрийнхөө ариун өргөл болох алт, мөнгө ба хэрэгслүүдийг ЭЗЭНий өргөөнд авчрав.
Израилийн эсрэг Арамтай эвсэв
16Аса ба Израилийн хаан Бааша нарын хооронд тэдний бүхий л өдрүүдэд дайн дажин байв. 17Израилийн хаан Бааша Иудаг довтлон ирж Иудагийн хаан Аса уруу хэнийг ч оруулахгүй бас гаргахгүй байхын тулд Рамаг барьж босгов. 18Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн санд үлдсэн бүх алт, мөнгийг Аса хаман түшмэдийнхээ гарт өгөөд, Дамаскт амьдарч байсан Арамын хаан Хезионы ач Табриммоны хүү Бен-хададад илгээн 19“Миний эцэг, таны эцэг нарын хооронд байсан шиг тийм гэрээг хоорондоо байгуулъя. Харагтун, би танд энэ алт, мөнгийг бэлэг болгон илгээсэн билээ. Израилийн хаан Баашатай тогтоосон гэрээгээ цуцлан, түүнийг надаас холдуулахад туслаач” гэж уламжлуулав. 20Бен-хадад Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор цэргийн жанжингуудаа илгээн Нафталийн бүх нутгаас гадна Ион, Дан, Абел-бет-маака болон Хиннеротын бүх нутгийг эзлэн авлаа. 21Бааша үүнийг дуулаад, Рамаг бэхлэн барихаа больж, Тирзад үлдэв. 22Тэр үед Аса хаан нэг ч хүнийг үлдээлгүйгээр бүх иуда хүмүүст тунхагласанд тэд Баашагийн барилгад хэрэглэж байсан Рамагийн чулуу, дүнз моднуудыг авч явав. Аса хаан түүгээр нь Бениамины Геба болон Мизпаг босгов.
23Асагийн бусад бүх түүх, түүний хүч чадал, түүний барьсан бүх хотууд ба хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? Гэвч тэрбээр насан өтөл үедээ хөл өвчтэй болов. 24Аса эцэг өвгөдийнхөө хамт нойрсон өөрийн эцэг Давидын хотод эцэг өвгөдийнхөө хамт тавигджээ. Хүү Иехошафат нь түүний оронд хаан болов.
Израилийг Надаб хаанчлав
25Иудагийн хаан Асагийн хоёрдугаар онд Иеробоамын хүү Надаб Израилийн хаан болж, хоёр жилийн турш Израилийг захирав. 26Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдсэн бөгөөд эцгийнхээ замаар замнаж, Израилиар нүгэл хийлгэсэн эцгийнхээ алдааг давтжээ. 27Тэгэхэд Иссахарын гэрийн Ахиагийн хүү Бааша түүний эсрэг хуйвалдаан гаргаж, филистчүүдэд харьяалагдах Гиббетонд байхад нь Надабыг цохиж алав. Тэгэхэд Надаб ба бүх Израиль Гиббетоныг бүсэлж байжээ. 28Иудагийн хаан Асагийн гуравдугаар онд Бааша, Надабыг алж оронд нь хаан боллоо. 29Бааша хаан болонгуутаа л Иеробоамын гэр бүлийнхнийг бүгдийг хүйс тэмтрэв. ЭЗЭН Өөрийн боол Шилогийн хүн Ахиагаар дамжуулан хэлсэнчлэн Бааша, Иеробоамд нэг ч хүн амьд үлдээлгүй бүгдийг устгав.#1Ха 14:10 30Учир нь Иеробоам нүгэл үйлдэж бас Израилиар ч нүгэл үйлдүүлэн Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм. 31Надабын бусад үйл хэрэг, хийсэн бүхэн нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 32Аса болон Израилийн хаан Бааша нар үргэлж хоорондоо дайтаж байлаа.
Бааша Израилийг хаанчлав
33Иудагийн хаан Асагийн гуравдугаар онд Ахиагийн хүү Бааша Тирзад бүх Израилийн хаан болж, хорин дөрвөн жилийн турш хаанчлав. 34Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэж, Израилиар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын замаар замнажээ.
Одоогоор Сонгогдсон:
1Хаад 15: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.