1Шастир 28
28
Соломонд өргөөг зааварчлав
1Давид Израилийн бүх түшмэд, овгийн захирагчид, хаанд бүлгүүдээр үйлчилдэг хэсгүүдийн ахлагчид, мянгатын, зуутын дарга нар, хаан болон хааны хөвгүүдэд харьяалагдах бүх эд хөрөнгө, мал сүргийн харгалзагчид, тайганууд, хүчит эрс болон бүх нэр хүндтэй эрсийг Иерусалимд цуглуулжээ. 2Тэгээд Давид хаан хөл дээрээ босон зогсоод
—Ахан дүүс, ард түмэн минь, намайг сонсогтун. ЭЗЭНий гэрээний авдарт зориулан мөн бидний Бурханы хөлийн тавиур болгон амралтын өргөө барих санаа зүрхэнд минь байсан тул би түүнийг барихад бэлтгэсэн билээ.#2См 7:1–16; 1Шс 17:1–14 3Гэвч Бурхан надад “Чи дайнч хүн ба цус урсгасан тул Миний нэрд зориулан өргөө барьж болохгүй” гэж айлдав. 4Гэсэн ч Израилийн Бурхан ЭЗЭН намайг мөнхөд Израилийн хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь Тэрээр Иудаг удирдагчаар мөн Иудагийн гэр дотроос миний эцгийн гэрийг сонгосон бөгөөд миний эцгийн хөвгүүдийн дундаас намайг бүх Израилийн хаан болгохоор таалан соёрхсон билээ. 5ЭЗЭН надад олон хүү өгсөн учир миний бүх хөвгүүнээс Тэрээр миний хүү Соломоныг Израиль дахь ЭЗЭНий хаанчлалын сэнтийд залахаар сонголоо. 6Тэр надад “Миний өргөө болон Миний ордныг хүү Соломон чинь барих юм. Би түүнийг Өөрийн хөвгүүнээр сонгосон бөгөөд Би түүнд эцэг нь байх болно. 7Тэрээр өнөөдрийн адил Миний тушаал, Миний шүүлтийг чармайн сахивал, Би түүний хаанчлалыг үүрд мөнхөд тогтооно” гэж айлдсан юм. 8Иймээс энэ сайхан газрыг эзэмшиж, түүнийгээ өөрсдийн үр удамд мөнхөд өвлүүлэхээр үлдээхийн тулд ЭЗЭНий чуулган болох бүх Израилийн нүдэн дээр мөн бидний Бурханы сонорт Бурхан ЭЗЭНийхээ бүх тушаалыг сахин мөрдөгтүн.
9Миний хүү Соломон оо, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Тэр чамд олдоно. Харин чи Түүнийг орхих аваас, Тэр чамайг мөнхөд үл хэрэгсэнэ. 10Ариун газарт зориулан өргөөг бариулахаар ЭЗЭН чамайг сонгосныг одоо харагтун! Тууштай байж, үйлдэгтүн гэв. 11Тэгээд түүний үүдний танхим, өргөөнүүд, эрдэнэсийн сан, түүний дээд лаврин болон дотоод өрөөнүүд мөн эвлэрүүлгийн тагны загвар зургийг Давид өөрийн хүү Соломонд өглөө. 12Бас ЭЗЭНий өргөөний орднууд, эргэн тойрны бүх өрөө, Бурханы өргөөний агуулахууд болон ариун өргөлийн эрдэнэсийн сангийн бүх загвар зураг, түүнд сүнсээр байсан бүхнээ өгөв. 13Түүнчлэн тахилч болон левичүүдийн бүлгүүд, ЭЗЭНий өргөөний үйлчлэлийн бүх ажил, ЭЗЭНий өргөөн дэх үйлчлэлийн бүх эд хэрэглэл 14мөн бүх төрлийн үйлчлэлд хэрэглэх алтан сав суулгануудын алтны жин, бүх төрлийн үйлчлэлд хэрэглэх мөнгөн сав суулгануудын мөнгөний жин 15бас алтан дэнлүүний суурь болон тэдгээрийн алтан дэнлүүнүүдэд зориулан дэнлүүний суурь болон дэнлүү бүрийн алтны жин, мөнгөн дэнлүүний сууринд буюу дэнлүүний суурь болон дэнлүү бүрд мөнгөний жинг дэнлүүний сууриудын зориулалтын дагуу 16мөн тавиг талхны ширээнүүдэд зориулан ширээ бүрийн алтны жин болон мөнгөн ширээнүүдэд зориулан мөнгөн, 17бас шижир алтан сэрээ, тогоо, гүц мөн алтан аягануудад, аяга бүрийн жин болон мөнгөн аяга бүрд зориулан тусбүрийн жин 18мөн утлагат тахилын ширээнд тунгаамал алтны жин, далавчаа дэлгэн ЭЗЭНий гэрээний авдрыг бүрхдэг херубуудтэй тэрэгний загварын алт зэргийн загварыг өгчээ. 19Давид
—Дээрх зүйлс буюу энэ бүх загварыг ЭЗЭН мутрын бичгээрээ надад ойлгуулан зааж өгсөн юм гэв.
20Тэгээд Давид өөрийн хүү Соломонд
—Тууштай бөгөөд зоригтой байж, үйлдэгтүн. Миний Бурхан, ЭЗЭН Бурхан чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг орхихгүй, чамайг хөсөр хаяхгүй. 21Бурханы өргөөний бүх үйлчлэлд зориулан тахилчид ба левичүүдийн хэсгүүд энд байна. Мөн аливаа ажилд чадварлаг сайн дурын урчууд бүх төрлийн үйлчлэлд чамтай хамт байна. Бас захирагчид болон бүх ард түмэн чиний тушаалыг дагахад бэлэн байна гэв.
Одоогоор Сонгогдсон:
1Шастир 28: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.