1Шастир 29
29
Өргөөний төлөөх өргөл
1Давид хаан бүх чуулганд
—Бурханы цорын ганц сонгосон миний хүү Соломон нас балчир, туршлагагүй бөгөөд энэ сүм хүнд бус, харин ЭЗЭН Бурханд зориулагдсан тул ажил ч асар их байна.#1Шс 22:5 2Би Өөрийн бүхий л чадлаар Бурханыхаа өргөөнд зориулан алтан эдлэлүүдэд алт, мөнгөн эдлэлүүдэд мөнгө, хүрэл эдлэлүүдэд хүрэл, төмөр эдлэлүүдэд төмөр, модон эдлэлүүдэд мод, судалт гартаам чулуу, шигтгэх чулуу, гоёмсог чулуу, олон өнгийн чулуу, бүх төрлийн эрдэнэсийн чулуу болон шохойн чулууг маш ихээр бэлдсэн. 3Ариун өргөөний төлөө бэлтгэсэн бүхий л зүйлээс гадна, миний Бурханы өргөө сэтгэлд минь нийцсэн тул би өөрийн эзэмшдэг алт, мөнгөн хөрөнгийг Бурханыхаа өргөөнд өгч байгаа юм. 4Үүнд: Офирын алтнаас гурван мянган талант алт, өрөөнүүдийн ханыг бүрэхэд долоон мянган талант цэвэршүүлсэн мөнгө, 5урчуудын гараар бүтэх бүх ажлын алтан эдлэлд алт, мөнгөн эдлэлд мөнгө байна. Тиймээс хэн энэ өдөр өөрийн гарыг ЭЗЭНий төлөө дүүргэхэд бэлэн байна вэ? гэв.
6Тэгэхэд эцгүүдийн бүлийн тэргүүн нар сайн дурын өргөл өргөж, Израилийн овгийн удирдагчид, мянгатын болон зуутын дарга нар мөн хааны үйлчлэлийн ахлагчид мөн үүнчлэн хийв. 7Бурханы өргөөний ажилд зориулан таван мянган талант ба арван мянган дарик алт, арван мянган талант мөнгө, арван найман мянган талант хүрэл, зуун мянган талант төмрийг өгөв. 8Үнэт чулуутай байсан нь түүнийгээ ЭЗЭНий өргөөний эрдэнэст зориулан гершон хүн Иехиелийн гарт өгөв. 9Ард олон бүхий л зүрхээрээ ЭЗЭНий төлөө бэлэн буйгаа харуулсан учраас ийнхүү дуртайяа үйлчилсэндээ баярлацгаав. Давид хаан ч бас маш ихээр баярлав.
Давидын талархал
10Ингээд Давид бүх чуулганы нүдэн дээр ЭЗЭНийг талархан магтахдаа
—Бидний эцэг өвөг Израилийн Бурхан ЭЗЭН, Та мөнхийн мөнхөд магтагдах болтугай. 11Өө, ЭЗЭН минь, тэнгэрт болоод газар дээрх бүх юмс Таных учир агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан Таных билээ. Өө, ЭЗЭН минь, Та, бүхний дээр эрхэм дээд тэргүүн тул хаанчлал Таных билээ.#Мт 6:13 12Эд баялаг, алдар хүндлэл аль аль нь Танаас ирдэг ба Та бүхнийг захирдаг. Таны мутарт эрх мэдэл, хүч чадал байдаг бөгөөд агуу болгох хийгээд хүчирхэгжүүлэх нь Таны мутарт атгаастай байдаг. 13Тиймээс, Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны яруу алдарт нэрийг магтъя. 14Гэхдээ би хэн болоод, миний ард түмэн юу болоод ийнхүү сайн дураар өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас бөгөөд Таны мутраас бид Танд өгсөн юм. 15Бид бүх эцэг өвгөдийнхөө адил Таны өмнө ирмэл хүмүүс бөгөөд түр суугчид билээ. Дэлхий дээрх өдрүүд маань сүүдэр адил бөгөөд ямар ч найдвар алга. 16Өө, Бурхан ЭЗЭН минь, Таны ариун нэрд зориулан Танд өргөө барихаар бидний бэлтгэсэн энэ үлэмж их юмс бүгдээрээ Таны мутраас бөгөөд бүгд Таных билээ. 17Бурхан минь, Та хүний зүрхийг тэнсэн үзэж, чигч шударгыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэдэв. Би чин үнэнч зүрхээрээ энэ бүх зүйлийг дуртайяа өргөсөн юм. Гэтэл одоо энд байгаа Таны ард түмэн Танд дуртайяа өргөж байгааг би баяртайгаар харлаа. 18Өө, ЭЗЭН, бидний эцэг өвгөд Абрахам, Исаак, Израилийн Бурхан, үүнийг Өөрийн ард түмний зүрхнийх нь хамаг бодол санаа болгоод үүрд иймээр нь хадгалж, тэдний зүрхийг Өөртөө хандуулаач! 19Таны тушаал, гэрчлэл болон зарлигуудыг сахиж тэр бүхнийг үйлдэх хоёргүй сэтгэлийг миний хүү Соломонд өгөөч. Тэгвэл миний бэлтгэсэн зүйлсээр тэрээр өргөөг барих болно гэв. 20Тэгээд Давид бүх чуулганд
—Бурхан ЭЗЭНээ одоо талархан магтагтун гэсэнд бүх чуулган нь эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг талархан магтаж, доор бөхийн, ЭЗЭНд болон хаанд мөргөв.
21Дараа өдөр нь тэд ЭЗЭНд нядлах тахил өргөж, шатаалт тахил тахин, мянган бух, мянган хуц, мянган хургыг ундаан өргөлтэй нь хамт болон бүх Израилийн төлөө хангалттайгаар тахил өргөж, 22тэр өдөртөө ЭЗЭНий өмнө баяртайгаар идэж, ууцгаав.
Соломоныг хаанаар өргөмжлөв
Тэд Давидын хүү Соломоныг хоёр дахь удаагаа хаанаар өргөмжлөв. Түүнийг ЭЗЭНий жонон болгон тосолж, Задокийг тахилчаар томилжээ. 23Тэгээд Соломон өөрийн эцэг Давидын оронд хаан болж, ЭЗЭНий сэнтийд залран, хөгжин дэвшсэн бөгөөд бүх Израиль түүнийг дуулгавартай дагав.#1Ха 2:12 24Бүх удирдагчид, хүчит эрс болон Давид хааны бүх хөвгүүд ч Соломон хааны өмнө унан мөргөцгөөв. 25ЭЗЭН, Соломоныг бүх Израилийн нүдэн дээр өндөрт өргөмжилж, түүнээс өмнө Израильд ямар ч хаанд байгаагүй хаант засаглалын цог жавхланг түүн дээр цутгав.
Давидын хаанчлалын товчоон
26Ийнхүү Иессигийн хүү Давид бүх Израилийг захирчээ. 27Давид Хебронд долоон жил, Иерусалимд гучин гурван жил, нийт дөчин жил Израилийг захирчээ.#2См 5:4–5; 1Шс 3:4 28Түүний өдөр хоногууд эд баялаг, нэр хүндээр дүүрэн байж сайхан өндөр наслаад үхэв. Түүний хүү Соломон түүний оронд хаан болов. 29Давид хааны үйлс, эхнийхээсээ эцсийнх хүртэл үзмэрч Самуелын шастир, эш үзүүлэгч Натаны шастир болон үзмэрч Гадын шастирт бичигдсэн бөгөөд 30түүний бүрэн засаглал, хүч чадал мөн түүнд, Израильд болон дэлхийн бүх улс орны хаант гүрэнд тохиолдсон үйл явдлууд тэнд бий.
Одоогоор Сонгогдсон:
1Шастир 29: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.