2Шастир 1

1
Соломон мэргэн ухаан гуйв
(1Ха 3:1–15)
1Давидын хүү Соломон хаант улсдаа бэхэжсэн бөгөөд Бурхан ЭЗЭН нь түүнтэй хамт байж, түүнийг ихэд өргөмжиллөө. 2Соломон, Израиль даяар, мянгат, зуутын дарга нар, шүүгчид болон бүх Израилийн удирдагчид, эцгийн бүлийн тэргүүн бүрд зарлиг буулгав. 3Ингээд Соломон бүх чуулганы хамтаар Гибеон дахь мөргөлийн гол өндөрлөг уруу явсан бөгөөд ЭЗЭНий зарц Мосегийн цөлд босгосон, Бурханы уулзалтын майхан тэнд байжээ. 4Гэвч Давид гэрээний авдарт зориулан Иерусалимд майхан бариад, Бурханы авдрыг Кириат-иеаримаас тийш нь зөөсөн билээ.#2См 6:1–17; 1Шс 13:5–14, 15:25—16:1 5Харин Хурын ач, Уригийн хүү Безалелын хийсэн хүрэл тахилын ширээ ЭЗЭНий асрын өмнө байлаа. Тиймээс Соломон чуулганы хамт түүнийг зорин очжээ.#Гэт 38:1–7 6Соломон тэнд уулзалтын майхны урд байсан хүрэл тахилын ширээ уруу өгсөж ЭЗЭНий өмнө очоод, мянган шатаалт тахил тахив. 7Бурхан тэр шөнө Соломонд үзэгдэж
—Би чамд юу өгөх вэ? Надаас гуйгтун гэж айлдав. 8Бурханд хандан Соломон
—Та эцэг Давидад минь агуу их хайр энэрлийг үзүүлж, намайг түүний оронд хаан болголоо. 9Одоо Бурхан ЭЗЭН минь ээ, миний эцэг Давидад өгсөн Таны амлалт биелэгдэг. Учир нь Та намайг газрын тоос шороо мэт үй олон ард түмний хаанаар томиллоо.#Эх 13:16, 28:14 10Энэ ард түмний өмнө би орж гарч явах мэргэн ухаан, мэдлэгийг надад өгөөч. Учир нь Таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах билээ? гэв.
11Бурхан түүнд
—Чи эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүнд, өстнүүдийнхээ амийг болон өөртөө урт насыг хүсэлгүй, харин чамайг хаанаар нь томилсон Миний ард түмнийг удирдахын төлөө өөртөө мэргэн ухаан, мэдлэгийг гуйн зүрхэндээ ийн санасан учир 12мэргэн ухаан, мэдлэг чамд өгөгдөнө. Түүнчлэн урьд хожид ямар ч хаадын эдэлж байгаагүй эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүндийг Би чамд өгнө гэж айлдлаа. 13Ингээд Соломон, Гибеон дахь мөргөлийн өндөрлөгөөс, уулзалтын майхны өмнөөс хөдлөн Иерусалимд ирж, Израилийг хаанчиллаа.
Соломон хааны цэргийн ба худалдааны үйл хэрэг
(1Ха 10:26–29)
14Соломон тэрэгт цэрэг ба морьдыг цуглуулжээ. Түүнд мянга дөрвөн зуун тэрэг, арван хоёр мянган морьд байсан бөгөөд Соломон тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны амьдардаг Иерусалимд байрлуулсан байв.#1Ха 4:26 15Соломон хаан Иерусалим дахь алт, мөнгийг чулуу шиг элбэг мөн хуш модыг нам газрын инжрийн мод шиг элбэг болгосон билээ. 16Соломон морьдоо Египет,#1:16 эсвэл Мисир Куегээс оруулж ирдэг байсан бөгөөд хааны худалдаачид тэднийг Куегээс#1:16 эсвэл Мисир ба Килик Соломоны үед морь үржүүлгийн төв газар болсон Туркийн зүүн өмнөд хэсэг байсан эртний хоёр улс. өндөр үнээр худалдан авдаг байв.#Дх 17:16 17Тэд Египетээс нэг тэргийг зургаан зуун шекелээр, нэг морийг зуун тавин мөнгөн шекелээр оруулж ирээд хитчүүдийн бүх хаан ба Арамын хаадад өөрсдийн гараар зардаг байв.#1:17 16–17-р эшлэл Еврейд нь тодорхой бус.

Одоогоор Сонгогдсон:

2Шастир 1: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү