1Шастир 17

17
Давидтай хийсэн ЭЗЭНий гэрээ
(2См 7:1–17)
1Давид өргөөндөө тухлан амьдарч байх үедээ эш үзүүлэгч Натанд
—Хараач, би хуш модон өргөөнд заларч байхад ЭЗЭНий гэрээний авдар майхны хөшгөн доор байна гэв. 2Натан, Давидад
—Зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь Бурхан тантай хамт байна гэв.
3Гэтэл тэр шөнө Бурханы үг Натанд ирж
4Яв, Миний зарц Давидад хэлэгтүн. “ЭЗЭН айлдахдаа «Миний оршин суух өргөөг чи барихгүй. 5Учир нь Би Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхан ба асарт аялж байв. 6Би Израилийн хамт хэрэн нүүж байх бүх хугацаандаа ард түмнээ хариулуулахаар тушаан зааварласан Израилийн шүүгч нарын хэн нэгэнд нь “Яагаад чи Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?” хэмээн хэлсэн гэж үү?»” 7Тиймээс одоо чи Миний зарц Давидад ингэж хэл. “Түг түмдийн ЭЗЭН «Өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгохын тулд Би Өөрөө чамайг бэлчээр дээрээс, хонин сүргийн араас авсан. 8Чамайг хаашаа ч явсан Би чамтай хамт байсаар, чиний өмнөөс хамаг дайсныг чинь устгаж байсан. Би чамд газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил нэрийг өгнө. 9Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Ингэснээр тэд өөрсдийн орон нутагтаа амьдарч дахин эс түйвээлгэнэ. Ард түмэн Израилийнхаа дээр шүүгчдийг томилсон урьдын цагийнх шиг мууг үйлдэгч хүмүүс тэднийг дахин зовоохоо болино. 10Би хамаг дайсныг чинь номхруулна. Түүнчлэн Би чамд мэдүүлье. ЭЗЭН чамд нэгэн гэр барьж өгнө. 11Чиний өдрүүд гүйцэж чи эцэг өвгөддөө одох үед Би чиний үрийг, хөвгүүдийн чинь нэгийг чиний дараа босгож түүний хаанчлалыг бэхжүүлнэ. 12Надад тэрээр өргөө барина. Би түүний сэнтийг мөнхөд тогтооно. 13Би түүний эцэг болж, тэр Миний хүү болно. Би чиний өмнө байсан нэгнээс авсныхаа адилаар эс байж, Өөрийн хайр энэрлийг түүнээс салгахгүй.#2Ко 6:18; Евр 1:5 14Тэгээд Би түүнийг Өөрийн өргөө, Өөрийн хаанчлалд мөнхөд суулган, түүний хаан ширээ мөнхөд тогтоно» гэв.” 15Натан эдгээр бүх үг ба үзэгдлийн дагуу Давидад айлтгалаа.
Давидын залбирал
(2См 7:18–29)
16Тэгээд Давид хаан явж, ЭЗЭНий өмнө суугаад
—ЭЗЭН Бурхан минь, би хэн болоод, миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ? 17Гэлээ ч энэ нь Таны мэлмийд өчүүхэн зүйл байсан, Бурхан минь. Та зарцынхаа гэрийн алс ирээдүйн тухай агуу зүйлийг айлдлаа. Эрхэм дээд хүний хэмжүүрээр Та надад хандлаа, ЭЗЭН Бурхан минь. 18Таны зарцдаа өгсөн хүндлэлийн талаар Давид үүнээс өөр Танд юу хэлэх вэ? Та Өөрийн зарцыг мэддэг билээ. 19Өө, ЭЗЭН минь Та зарцынхаа төлөө энэ бүх агуу зүйлийг ухааруулан Та зүрх сэтгэлийнхээ дагуу энэ бүх агуу үйлийг хийжээ. 20Өө, ЭЗЭН минь, бидний чихээрээ сонссон бүхний дагуу Тантай адил хэн ч үгүй бөгөөд Танаас өөр Бурхан байхгүй билээ. 21Таны ард түмэн Израильтай хэн адил вэ? Ард түмнээ болгон чөлөөлөхөөр Бурхан нь явж, Өөрийн ард түмний өмнөөс үндэстнүүдийг зайлуулан Египетээс золин авч, агуу бөгөөд сүрдмээр зүйлсийг үйлдэн Өөртөө нэр алдрыг авсан тийм Бурхантай өөр ямар үндэстэн газар дэлхийд байна вэ? 22Учир нь Та Өөрийн ард түмэн Израилийг мөнхөд Өөрийнхөө ард түмэн болгосон бөгөөд ЭЗЭН Та тэдний Бурхан нь болжээ. 23Тиймээс одоо, ЭЗЭН Бурхан минь, Та Өөрийнхөө зарц ба түүний гэрийн талаар хэлсэн үгийн тань дагуу энэ нь үүрд тогтож Та айлдсанаараа үйлдэх болтугай. 24Тийнхүү Таны нэр бэхжиж, мөнхөд аугаа болж “Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН нь Израилийн Бурхан билээ” гэж хэлэгдэх болно. Таны зарц Давидын гэр ч Таны өмнө бэхжих болно. 25Бурхан минь ээ, Та зарцдаа гэрийг барьж өгнө гэдгээ илчилсэн тул зарц тань Таны өмнө залбирах боломжийг олсон билээ. 26ЭЗЭН, Та Бурхан бөгөөд Та энэхүү сайныг Өөрийнхөө зарцад амласан билээ. 27Тэгэхээр зарцынхаа гэрийг Өөрийнхөө өмнө мөнхөд байлгахын тулд одоо түүнийг ерөөх нь Таны таалалд нийцэг. Учир нь ЭЗЭН минь, Та ерөөсөн агаад тэр нь мөнхийн ерөөл болсон билээ гэв.

Одоогоор Сонгогдсон:

1Шастир 17: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү