1Шастир 16

16
ЭЗЭНий авдрыг асарт байрлуулав
1Ингээд тэд Бурханы авдрыг дотогш авчран Давидын зориулан босгосон майхны голд байранд нь заллаа. Тэд Бурханы өмнө шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв. 2Давид шатаалт тахил болон эвийн тахилыг өргөж дуусаад ЭЗЭНий нэрээр ард олныг ерөөв. 3Тэрээр Израилийн бүх хүн, эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүрд нэг талх, хэсэг мах, үзэмтэй боов тараав. 4Тэрээр левичүүдийн заримыг ЭЗЭНий авдрын өмнө үйлчлүүлэхээр буюу магтан дуулж, талархаж, Израилийн Бурхан ЭЗЭНийг магтаж байхаар томилов. 5Тэргүүлэгч нь Асаф, удаах нь Зехариа, Иеиел, Шемирамот, Иехиел, Маттитиа, Елиаб, Бенаиа, Обед-едом, Иеиел нар босоо ятга, ятгуудтай байв. Бас Асаф цан хөгжмийг дуугаргаж, 6тахилчид болох Бенаиа, Иахазиел нар Бурханы гэрээний авдрын өмнө үргэлж бүрээ үлээж байв.
Давидын талархлын дуулал
(Дуу 105:1–15; 96:1–13; 106:1,47–48)
7Тэр өдөр Давид анх удаа Асаф болон түүний ах дүүст ЭЗЭНд талархал өргөхийг даалгав.
8Аяа, ЭЗЭНд талархлыг өргөн
Алдар нэрийг нь дуудан
Ард түмний дунд үйлсийг нь мэдүүлэгтүн.
9Түүнд дуулж, Түүнд магтуу дууг дуулагтун.
Түүний бүх гайхамшгуудыг яригтун.
10Түүний ариун нэрд алдар байг.
ЭЗЭНийг эрэлхийлэгчийн зүрх баясах болтугай.
11ЭЗЭНийг хийгээд
Түүний хүч чадлыг эрэлхийлэгтүн.
Түүний нүүр царайг үргэлж хайгтун.
12ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг,
Түүний тэмдгүүд болон
Түүний амнаас гарах шүүлтүүдийг санагтун.
13Түүний зарц Израилийн үр удам,
Түүний сонгосон хүмүүс,
Иаковын хөвгүүд ээ!
14Тэр бидний Бурхан ЭЗЭН.
Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна.
15Мянга мянган үеийнхэнд
Түүний тушаасан үг, гэрээг нь мөнхөд санагтун.
16Абрахамтай тогтоосон гэрээ,
Исаакт өгсөн амлалтаа#Эх 12:7, 26:3
17Иаковт зарлиг,
Израильд мөнхийн гэрээ болгож баталсан юм.#Эх 28:13
18Ингэхдээ “Би та нарт Канаан нутгийг
Өв залгамжлалын хувь болгон өгнө” гэж айлдсан билээ.
19Тэд тоогоор цөөн, дорой бөгөөд
тэнд харь хүмүүс байсан
20Тэд нэг үндэстнээс нөгөө үндэстэн уруу,
Нэг хаанчлалаас нөгөө ард түмэн уруу тэнүүчилсэн.
21Тэднийг дарлахыг Тэрээр хэнд ч үл зөвшөөрч,
Тэдний төлөө хаадыг зэмлэсэн.#Эх 20:3–7
22“Миний тослогдсон хүмүүст бүү хүр,
Эш үзүүлэгчдэд минь хор хөнөөл бүү учруул” гэсэн.
23Бүх газар дэлхий, ЭЗЭНд дуулагтун.
Түүний авралыг өдрөөс өдөрт тунхаглагтун.
24Түүний яруу алдрыг үндэстнүүдэд тунхаглаж,
Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд яригтун.
25Учир нь ЭЗЭН аугаа бөгөөд агуу ихээр магтагдах Нэгэн.
Мөн бүх бурхдаас дээгүүр
Түүнээс эмээгтүн.
26Учир нь хүмүүсийн бүх бурхад нь шүтээнүүд юм.
Харин ЭЗЭН, тэнгэрсийг бүтээсэн билээ.
27Түүнд яруу алдар ба сүр жавхлан бий.
Түүний газарт хүч чадал, баяр баясгалан бий.
28Ард түмнүүдийн ургууд аа,
ЭЗЭНд өргөгтүн,
ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн.
29Нэрд нь дүйцэх яруу алдрыг
ЭЗЭНд өргөгтүн.
Өргөлөө авчран Түүний өмнө ир.
Ариун хүндэтгэл дунд ЭЗЭНд мөргөгтүн.
30Бүх дэлхий, Түүний өмнө чичрэгтүн.
Үнэхээр ертөнц дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй.
31Тэнгэрс баясаж, газар дэлхий баярлаг.
“ЭЗЭН хаанчилдаг” гэж үндэстнүүдийн дунд тэд хэлэг.
32Далай болон түүний доторх бүх юмс нүргэлэг,
Тал болон дээр нь байгаа бүх юмс баясаг.
33Ойн бүх мод ЭЗЭНий өмнө бас баясан дуулна
Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна.
34Түүнд талархал өргөгтүн.
ЭЗЭН сайн сайхан бөгөөд,
Түүний хайр энэрэл үүрдийнх.#2Шс 5:13, 7:3; Езр 3:11; Дуу 100:5, 106:1, 107:1, 118:1, 136:1; Иер 33:11
35Тэгээд “Бидний авралын Бурхан, биднийг авраач.
Таны ариун нэрд талархлыг,
Таны магтаал дотор алдрыг бид өргөхийн тулд
үндэстнүүдийн дундаас биднийг цуглуулж, чөлөөлөөч” гэж хэлэгтүн.
36Израилийн Бурхан ЭЗЭН
Мөнхөөс мөнхөд магтагдах болтугай.
Дараа нь бүх ард түмэн
—Амен гээд ЭЗЭНийг магтав.
Байнгын үйлчлэл
37Ингээд өдөр тутмын ажилд авдрын өмнө үргэлжлүүлэн үйлчлэхийн тулд Асаф болон ах дүүсийг нь тэнд, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө Давид үлдээсэн билээ. 38Мөн Обед-едомыг түүний ах дүү, жаран найман хүнтэй үлдээв. Иедутуны хүү Обед-едом болон Хоса нар хаалгач болов. 39Тахилч Задок болон түүний ах дүү, тахилчдыг Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээрх ЭЗЭНий асрын өмнө үлдээсэн нь 40ЭЗЭНий Израильд тушаасан ЭЗЭНий хуульд бичигдсэн бүгдийн дагуу ЭЗЭНд шатаалт тахилыг шатаалт тахилын ширээн дээр өглөө оройгүй үргэлжлүүлэн өргөхийн тулд байв. 41Тэдний хамт Хеман, Иедутун болон ЭЗЭНий энэрэл хайр үүрдийнх учир Түүнд талархал өргөж байхаар нэрс нь тогтоогдож, сонгогдсон бусад хүмүүсийг үлдээв. 42Хеман Иедутун нар эгшиглүүлэх бүрээ, цан, Бурханы магтаалд зориулсан хөгжмийн зэмсгүүдтэйгээ тэдэн дээр байлаа. Иедутуны хөвгүүд нь хаалгач болов. 43Тэгээд бүх ард олон өөр өөрийн гэр уруу явцгааж, Давид ч өөрийн гэрийнхнийг ерөөхөөр буцав.#2См 6:19–20

Одоогоор Сонгогдсон:

1Шастир 16: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна