1Шастир 15

15
ЭЗЭНий авдрыг Иерусалимд авчрав
1Давид өөртөө зориулан Давидын хотод#15:1 Давидын хот: Суурьшиж байсан иебусчуудаас Давид хааны булааж авсан Иерусалимын хотын нэг хэсэг. (2См 5:6–10 үз.) өргөөнүүд бариулав. Бас тэрээр Бурханы авдарт зориулан газар бэлтгэж, түүнд асар босгов. 2Тэгээд Давид
—Бурханы авдрыг левичүүдээс өөр хэн ч өргөн зөөж болохгүй. Учир нь Бурханы авдрыг зөөлгөж, Өөртөө үүрд мөнхөд үйлчлүүлэхээр ЭЗЭН тэднийг сонгосон билээ гэв.#Дх 10:8 3Давид өөрийн бэлтгэсэн газарт ЭЗЭНий авдрыг авчруулахаар бүх Израилийг Иерусалимд цуглуулав. 4Аароны хөвгүүд болон левичүүдийг Давид хамтад нь цуглуулжээ. 5Кохатын хөвгүүдээс захирагч Уриел болон түүний ах дүүс болох зуун хорин хүн, 6Мерарийн хөвгүүдээс захирагч Асаиа болон түүний ах дүүс болох хоёр зуун хорин хүн, 7Гершомын хөвгүүдээс захирагч Иоел болон түүний ах дүүс болох зуун гучин хүн, 8Елизафаны хөвгүүдээс захирагч Шемаиа болон түүний ах дүүс болох хоёр зуун хүн, 9Хеброны хөвгүүдээс захирагч Елиел болон түүний ах дүүс болох наян хүн, 10Уззиелийн хөвгүүдээс захирагч Амминадаб болон түүний ах дүүс болох зуун арван хоёр хүн байв. 11Давид, тахилч Задок, Абиатар нар болон левичүүд Уриел, Асаиа, Иоел, Шемаиа, Елиел, Амминадаб нарыг дуудан 12тэдэнд
—Та нар левичүүдийн эцгийн бүлийн тэргүүнүүд билээ. Израилийн Бурхан ЭЗЭНий авдрыг миний түүнд зориулан бэлтгэсэн газарт авч ирэхийн тулд өөрсдийгөө болон ах дүүсээ ариусга. 13Эхний удаа та нар үүнийг үүрээгүй учраас бидний эсрэг Бурхан дүрсхийн уурласан юм. Учир нь бид Түүнийг журмынх нь дагуу эрж хайгаагүй байсан билээ гэж хэлэв. 14Ингээд Израилийн Бурхан ЭЗЭНий авдрыг авчрахын тулд тахилч болон левичүүд өөрсдийгөө ариусгав. 15ЭЗЭНий айлдвар ёсоор Мосегийн тушаасны дагуу левичүүдийн хөвгүүд Бурханы авдрыг дамнуургууд дээр тавин өргөж, мөрөн дээрээ үүрч явав.#Гэт 25:14 16Тэгээд хөгжмийн зэмсгүүд, босоо ятга, ятга, цангаар чанга хөгжимдөн баяр баяслын дууг өргөхөөр дуучид болох ах дүүсээ томилохыг Давид левичүүдийн захирагчдад тушаав. 17Иймээс левичүүд Иоелын хүү Хеман болон түүний ах дүүсийг, Берехиагийн хүү Асафыг мөн тэдний ах дүүс болох Мерарийн хөвгүүдээс Кушаиагийн хүү Етаныг 18мөн тэдний хамт удаах ах дүүс буюу хаалгачид болох Зехариа, Бен, Иазиел, Шемирамот, Иехиел, Унни, Елиаб, Бенаиа, Маасеиа, Маттитиа, Елифеле, Микнеиа, Обед-едом, Иеиел нарыг томилов. 19Ингээд дуучид болох Хеман, Асаф, Етан нар гуулин цан цохиж, 20Зехариа, Азиел, Шемирамот, Иехиел, Унни, Елиаб, Маасеиа, Бенаиа нар аламотод нийцүүлэн босоо ятга тоглож, 21Маттитиа, Елифеле, Микнеиа, Обед-едом, Иеиел, Азазиа нар шеминитэд нийцүүлэн ятга дарав. 22Левичүүдийн дуу хөгжмийн удирдагч Кенаниа хөгжим удирдах болов. Учир нь тэрээр үүнийг ойлгодог байв. 23Берехиа, Елкана нар авдрын хаалгачид байв. 24Тахилчид болох Шебаниа, Иошафат, Нетанел, Амасаи, Зехариа, Бенаиа, Елиезер нар Бурханы авдрын өмнө бүрээ үлээв. Обед-едом, Иехиа нар авдрын хаалгачид байлаа.
25Давид ба Израилийн ахмадууд, мянгатын дарга нар Обед-едомын гэрээс ЭЗЭНий гэрээний авдрыг авч ирэхээр баяр хөөртэйгөөр явлаа. 26ЭЗЭНий гэрээний авдрыг зөөсөн левичүүдэд Бурхан тусалсанд тэд долоон бух, долоон хуцаар тахил өргөв. 27Давид болон авдрыг үүрсэн бүх левичүүд, дуучид болон хөгжим ба дууны удирдаач Кенаниа нар ч мөн адил нарийн маалингаар хийсэн дээл өмсөв. Давид бас маалинган ефод өмссөн байлаа. 28Ингээд бүх Израиль уухайлан, эвэр бүрээ болон бүрээ үлээж, цан хөгжим цохин мөн босоо ятга ба ятгууд эгшиглүүлсээр ЭЗЭНий гэрээний авдрыг авч иржээ. 29Тэгтэл ЭЗЭНий гэрээний авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг хараад зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав.

Одоогоор Сонгогдсон:

1Шастир 15: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна