ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 3
3
1Мосе өөрийн хадам эцэг Мидианы тахилч Иетрогийн хонин сүргийг хариулж байв. Тэр сүргийг цөлийн баруун талд аваачиж, Бурханы уул Хоребт хүрчээ. 2ЭЗЭНий тэнгэр элч бутан дотроос галын дөл дунд түүнд үзэгдэв. Үзэгтүн, бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа. 3Тэгээд Мосе
—Бут яагаад шатахгүй байгаа энэ гайхамшигт үзэгдлийг одоо би очиж харах ёстой гэлээ. 4Түүний харахаар эргэхийг ЭЗЭН хараад, бутны дундаас Бурхан түүнийг дуудан
—Мосе! Мосе! гэсэнд, тэр
—Би энд байна гэж өгүүлэв. 5Тэгтэл Тэр
—Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар бол ариун газар учраас чи хөлөөсөө шаахайгаа тайл гэж айлдав. 6Мөн
—Би чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэж айлдсанд, Мосе Бурханыг үзэхээс айж, нүүрээ нуув. 7ЭЗЭН
—Египетэд байгаа Өөрийн ард түмний зовлонг Би сайтар харж, дарлагчдаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлонг мэдсэн. 8Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гарган, канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү балаар бялхсан сайхан уудам нутаг уруу аваачихаар Би бууж ирлээ. 9Үзэгтүн, Израилийн хөвгүүдийн хашхираан Надад хүрсэн. Цаашилбал египетчүүд тэднийг хэрхэн дарлаж байгааг ч Би харсан. 10Тиймээс, одоо нааш ир. Би чамайг Фараон уруу илгээж, чамаар Өөрийн ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс авчруулъя гэв. 11Гэвч Мосе Бурханд
—Фараон уруу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ? гэж хэлсэнд, 12Тэр
—Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчраад, та нар энэ ууланд Бурханд мөргөнө. Энэ нь чамд Миний чамайг илгээсний тэмдэг болно гэж айлдав.
13Тэгэхэд Мосе Бурханд
—Хараач. Би Израилийн хөвгүүд уруу очиж, тэдэнд “Та нарын өвөг дээдсийн Бурхан намайг та нар уруу илгээв” гэж хэлэхэд, тэд надаас “Түүний нэр хэн бэ?” гэж асуувал, би тэдэнд юу гэж хэлэх вэ? гэв. 14Бурхан Мосед
—Би бол “Би байдаг” гэв. Тэгээд Тэр
—Израилийн хөвгүүдэд чи “«Би байдаг» намайг та нар уруу илгээв” гэж хэл гэлээ. 15Цааш нь Бурхан Мосед
—Израилийн хөвгүүдэд чи “Та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан болох ЭЗЭН намайг та нар уруу илгээв” гэж хэл. Энэ бол мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм. 16Явж, Израилийн ахмадуудыг хамтад нь цуглуулан “Та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахам, Исаак, Иаковын Бурхан ЭЗЭН надад үзэгдэн «Би та нарыг үнэхээр анхаарч, Египетэд та нарт юу тохиолдсоныг харав. 17Тиймээс та нарыг Египетийн зовлонгоос гаргаж, сүү балаар бялхсан нутаг канаан, хит, амори, периз, хиви, иебусчуудын нутаг уруу аваачна гэж Би айлдлаа»” гэж хэл. 18Тэд чиний үгийг сонсоно. Чи Израилийн ахмадуудтай хамт Египетийн хаан уруу очоод “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН бидэнтэй уулзсан. Тиймээс одоо бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд цөл уруу гурван өдрийн аянд явахыг бидэнд зөвшөөрөөч!” гэж хэл. 19Харин хүчит мутраар цохихоос нааш Египетийн хаан та нарын явахыг зөвшөөрөхгүйг Би мэдэж байна. 20Би Өөрийн мутраа сунгаж, Египетийн голд үйлдэх бүхий л гайхамшгуудаараа тэр улсыг цохисны дараа тэр та нарыг явуулна. 21Би египетчүүдийн нүдэн дээр энэ ард түмэнд хайр энэрлийг соёрхох болно. Та нар явахдаа гар хоосон явахгүй. 22Харин эмэгтэй хүн бүр хөршөөсөө болон гэрт нь амьдардаг эмэгтэйгээс алт, мөнгөн эдлэл ба хувцас гуйж аваад, хөвгүүд охиддоо өмсгөж зүүлгэ. Ингэж та нар египетчүүдийг тонох болно гэв.
Currently Selected:
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 3: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society