ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 2
2
1Левийн гэрийн нэгэн хүн явж, Левийн охиныг авав. 2Тэр эмэгтэй жирэмсэлж хүү төрүүлсэн бөгөөд хүүгийнхээ сайхныг үзэхдээ түүнийг гурван сар нуув. 3Гэвч түүнийг цаашид нууж чадахгүй болмогцоо түүнд зориулан зэгсэн сагс авч, барагшин болон давирхайгаар шавав. Тэр түүн дотор хүүхдээ хийж, Нилийн эргийн зэгсэн дунд тавив. 4Хүүд юу тохиолдохыг мэдэхийн тулд түүний эгч зайдуу зогсож байв. 5Фараоны охин усанд орохоор Нил уруу ирж, түүний шивэгчид Нилийн эргээр явцгааж байв. Зэгсэн дунд сагс байхыг тэр хараад, шивэгчнээ илгээж түүнийг авчрууллаа.
6Тэр нээж харсанд, нэгэн хүү уйлж байлаа. Тэр түүнийг өрөвдөн
—Энэ бол еврейчүүдийн хүүхдүүдийн нэг нь байна гэж хэлэв. 7Түүний эгч нь Фараоны охинд
—Би явж, еврей эмэгтэйчүүдээс таны төлөө хүүхдийг асрах асрагчийг дуудах уу? гэв. 8Фараоны охин түүнд
—Яв! гэхэд, охин явж, хүүхдийн эхийг дуудлаа. 9Фараоны охин түүнд
—Энэ хүүхдийг авч, надад асарч өг. Би чамд хөлсийг нь өгнө гэв. Тэгээд тэр эмэгтэй, хүүхдийг авч асрав. 10Хүүхдийг өсөж том болоход, эмэгтэй түүнийг Фараоны охинд аваачсан бөгөөд тэр түүний хүү болов. Тэрээр хүүг Мосе гэж нэрлээд
—Учир нь би түүнийг уснаас гаргаж авсан юм гэж өгүүлжээ.
11Мосе өсөж том болоод нэгэн өдөр өөрийн ах дүү нар уруу очиж, тэдний хүнд хүчир ажлыг харав. Өөрийнх нь ах дүү болох нэг еврей хүнийг египет хүн зодож байхыг тэр үзэв. 12Тэр ийш тийш хараад, хүнгүй байхыг үзмэгцээ, мөнөөх египет хүнийг алж, түүнийг элсэнд нуув. 13Түүнийг дараа өдөр нь очиход, хоёр еврей хүн зодолдож байгаа үзэгдэв. Тэр буруутанд хандан
—Чи юунд хөршөө зодно вэ? гэсэнд, 14харин нөгөө хүн
—Хэн чамайг бидний дээр захирагч, эсвэл шүүгчээр тавьсан юм бэ? Чи египет хүнийг алсан шигээ намайг бас алах гэж байна уу? гэсэнд, Мосе айж
—Хэрэг үнэхээр илэрчээ гэж хэлэв. 15Фараон энэ хэргийн тухай сонсоод, Мосег алахаар эрлээ. Харин Мосе Фараоны нүднээс зугтаж, Мидиан газарт амьдрав. Тэр худгийн дэргэд суулаа.
16Мидианы тахилч долоон охинтой ажээ. Тэд ус татахаар ирээд, эцгийнхээ хонин сүргийг услахын тулд онгоцнуудыг дүүргэв. 17Гэтэл хоньчид ирээд тэднийг хөөхөд Мосе босож, охидод туслаад, хонин сүргийг нь услав. 18Тэд өөрсдийн эцэг Реуелд ирэхэд, тэр
—Өнөөдөр та нар юунд ийм хурдан ирэв? гэж асуув. 19Тэд
—Нэг египет хүн биднийг хоньчдын гараас хамгаалсан. Түүгээр ч барахгүй, тэр бидэнд ус татан өгч, хонин сүргийг усалсан гэжээ. 20Тэр охиддоо
—Тэр хүн хаана байна? Та нар яагаад түүнийг орхив? Түүнийг дуудаад дайлагтун! гэж хэлэв. 21Мосе тэр хүнтэй хамт амьдрахыг зөвшөөрсөн бөгөөд Реуел өөрийн охин Зиппораг Мосед өгчээ. 22Тэгээд тэр хүү төрүүлсэнд, Мосе түүнд Гершом гэдэг нэр өгөөд
—Би хүний газарт харь хүн болсон юм гэж хэлэв.
23Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан нас барав. Израилийн хөвгүүд боолчлолоос болж санаа алдан, уйлжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрэв. 24Бурхан тэдний ёолох дууг сонсож, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээг санав. 25Бурхан Израилийн хөвгүүдийг харж анхаарав.
Currently Selected:
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 2: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society