Сургаалт үгс 5
5
Ёс бус ба завхайрлаас сэрэмжил
1Хүү минь, мэргэн ухааныг минь анхаарч,
Ухаан бодролд минь чих тавигтун.
2Ингэвээс хянамгай чанарыг сахиж,
Мэдлэгийг уруулдаа нөөцөлнө.
3Садар эмийн уруул нь зөгийн бал дуслуулж
Тосноос ч илүү зөөлөн ярьдаг ч
4Хожим тэр нь шарилж мэт гашуун агаад
Хоёр талдаа иртэй илд мэт хурц ажгуу.
5Тэр эмийн хөл үхэл уруу уруудна
Түүний алхаа нь Үхэгсдийн оронд аваачна.
6Тэрээр амийн жимийг бодож эс цэгнэнэ
Түүний зам мурийжээ, тэр эс мэднэ.
7Иймд хөвгүүд минь, намайг сонс,
Амнаас минь гарах үгнээс бүү зөр.
8Тэр эмээс явах замаа хол байлга.
Гэрийнх нь үүдээр ч ойрхон бүү яв.
9Эс тэгвээс хүндлэл чинь бусдынх болж
Нас жилээ чи харгис нэгэнд алдах вий.
10Хүч юуг чинь хөндлөнгийн хүмүүс завшиж,
Зүтгэлээр олсон юм чинь харь хүний гэрт очих вий.
11Эцэст нь бие махбод чинь тэнхээгээ барах цагт
Чи гасалж
12“Сургамжийг ямар их үзэн ядав аа, би
Гэсгээлтийг яасан их үл ойшоов оо, зүрх минь
13Багш нарынхаа дуу хоолойг үл сонсож,
Сургагч нараа ч би чих тавин сонсоогүй,
14Хохирол сүйрлийн ирмэгт одоо тулж иржээ
Хотол түмэн хийгээд чуулган дотор шүүгджээ” гэж хэлнэ.
15Өөрийнхөө усан сангаас уу
Өөрийнхөө худгаас ундрах усыг уу.
16Ундарга чинь гудамж уруу,
Усны чинь урсгал талбайгаар нэг халих ёстой гэж үү?
17Эдгээр нь гаднынхных биш
ганцхан чинийх л байг
18Ундарга чинь ерөөгдөх болтугай!
Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярла
19Энхрийхэн марал, гоолигхон согоон адил
Эхнэрийн чинь хөх чамайг
ямагт хангалуун байлгаж,
Хайранд нь чи үргэлж хөлчүүрэх болтугай.
20Хүү минь, чи садар эмтэй самуурч,
Харь эмийн цээжийг тэврэх ёстой гэж үү?
21Хүмүүний замнал ЭЗЭНий мэлмийн өмнө ил ажгуу.
Хамаг жимийг нь Тэр дэнсэлюү.
22Хилэнц нь буруутыг баривчилж
Нүглийнхээ уяанд тэр хүлэгдэнэ.
23Сургамж дутсанаас болж тэр үхдэг.
Мунхаглал илүүдсэнээс болж тэр төөрөлддөг.
Currently Selected:
Сургаалт үгс 5: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.