Исаиа 40
40
Бурханы ард түмний тайтгарал
1Ард түмнийг минь
тайвшруул, тайвшруул,
Бурхан тань айлдаж байна.
2Иерусалимын зүрхэнд ярь.
Хүнд хүчир үүрэг нь дууссан.
Гэм буруугаас хэлтэрсэн.
Хамаг нүглийнхээ улмаас
хоёр дахин илүүг ЭЗЭНий мутраас
хүртсэн гэдгийг тунхагла.
3Хашхирагч нэгний дуу
“Зэлүүд талд ЭЗЭНий замыг бэлтгэцгээ.
Цөлд Бурханд маань
Их замыг шулуун болгогтун.#Мт 3:3; Мк 1:3; Иох 1:23 #Лк 3:4–6
4Хотгор бүр өргөгдөж,
Уул толгод бүр намсаж,
Тахир нь шулуун,
Энхэл донхол газар нь тэгш тал бологтун. 5Ингээд ЭЗЭНий цог жавхлан илэрч,
Махбодтой бүхэн хамтдаа үзэх болно.
Учир нь ЭЗЭНий ам айлдлаа” гэв.
6Нэгэн дуу “Тунхаглагтун” гэсэнд
Би “Би юуг тунхаглах вэ?” гэв.
Махтай бодтой бүхэн нь өвс мэт,
Гоо үзэсгэлэн нь хээрийн цэцэг мэт юм.#Иак 1:10–11; 1Пт 1:24–25
7ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвээс
Өвс хатдаг, цэцэг ганддаг.
Өргөн түмэн гэгч өвс л юм.
8Өвс хатдаг, цэцэг ганддаг.
Харин бидний Бурханы үг мөнхөд байна.
9Сайнмэдээчин Сион оо!
Өндөр уулан дээр гарагтун.
Сайнмэдээчин Иерусалим аа!
Дуугаа хүч чадалтайгаар өргөгтүн.
Өргөгтүн! Бүү айцгаа.
“Бурхан тань энэ байна” гэж
Иудагийн хотуудад хэлэгтүн.
10Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж,
Мутраараа Өөрийнхөө төлөө захирна.
Үзэгтүн, шагнал нь Түүнтэй,
Хариу нь Түүний өмнө байна.
11Тэр хоньчины ёсоор сүргээ хариулж,
Мутартаа хургануудаа цуглуулан
энгэртээ тэврээд,
Хөхүүлийг нь зөөлөн хөтөлнө.#Езк 34:15; Иох 10:11
12Далайг хэн алгандаа хэмжиж,
Тэнгэрийг төөлж тооцоолсон бэ?
Хэн газрын тоосыг хэмжүүрт багтааж,
Уулсыг жинлүүрээр
Толгодыг хос дэнсээр жинлэсэн бэ?
13Хэн ЭЗЭНий Сүнсийг удирдаж эсвэл
Зөвлөх нь болж
Түүнийг сургасан бэ?#Ром 11:34; 1Ко 2:16
14Тэр хэнтэй зөвлөлдөв?
Хэн Түүнд ухаарлыг өгч,
Шударга ёсны замыг Түүнд зааж,
Мэдлэгийг сургаж, ухаарлын замыг мэдүүлсэн бэ?
15Харагтун, үндэстнүүд хувингийн дусал мэт,
Дэнсэн дээрх ширхэг тоос мэт тооцогддог.
Үзэгтүн, арлуудыг нарийн тоос мэт
Тэрээр өргөнө.
16Шатаахад Ливан ч хангалтгүй,
Шатаалт тахилд араатан амьтад нь ч хангалтгүй билээ.
17Бүх үндэстэн Түүний өмнө юу ч биш,
Түүнд тэд юу ч үгүй, хоосон юм мэт тооцогдоно.
18Тэгвэл та нар Бурханыг хэнтэй адилтгах юм бэ?
Түүнийг ямар дүртэй зүйрлэх вэ?#Үйл 17:29
19Шүтээний хувьд, дархан хүн цутгаж,
Алтны дархан алтаар бүрж,
Мөнгөний дархан мөнгөн оосрыг нь хийдэг.
20Тийм өргөлд хэтэрхий ядуу нь
өмхөрдөггүй модыг сонгоод,
Тэрээр хөдөлдөггүй шүтээнийг бүтээх
Уран дархныг хайдаг.
21Та нар мэдэхгүй гэж үү?
Та нар сонсоогүй гэж үү?
Эхнээсээ та нарт үүнийг мэдүүлээгүй гэж үү?
Дэлхийн сууриас та нар ойлгоогүй юм уу?
22Царцаанууд шиг оршин суугчтай
дэлхийн тойрог дээр залардаг,
Тэнгэрийг хөшиг мэт татаж,
Майхан мэт дэлгэн оршдог нь Тэр билээ.
23Захирагчдыг Тэрээр юу ч биш болгон
Газрын шүүгчдийг хоосруулдаг.
24Тэднийг дөнгөж таригдаад,
дөнгөж үрслэгдээд,
Иш нь газарт дөнгөж үндэслэмэгц
Тэр тэдэн уруу үлээдэг бөгөөд
Тэд хатаж, сүрэл мэт хуй салхинд хийсдэг.
25“Тэгвэл та нар Намайг
Хэнтэй адилтгаж, хэнтэй харьцуулах вэ?” гэж
Ариун Нэгэн айлдаж байна.
26Хараагаа өндөрт өргөн
Тэдгээрийг хэн бүтээснийг харагтун.
Түг түмдийг нь тоо ёсоор авчирч
Бүгдийг нэрээр дууддаг нь Тэр юм.
Агуу их хүч, сүр жавхлангийнх нь улмаас
Тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй.
27“Зам минь ЭЗЭНээс далдлагдаж,
Үйлсийг минь миний Бурхан эс хайхарчээ” гэж
Чи юунд хэлнэ вэ, Иаков аа?
Чи юунд ярина вэ, Израиль аа?
28Чи мэдэхгүй гэж үү?
Чи сонсоогүй юм уу?
Мөнхийн Бурхан, ЭЗЭН,
Дэлхийн хязгаарыг Бүтээгч нь
Эцэж туйлддаггүй бөгөөд
ухаан нь хязгааргүй.
29Тэр эцэж ядарсанд тэнхээ өгч,
Чадал барагдсанд нь хүч нэмдэг.
30Залуус ч эцэж туйлдан
Идэр залуус ч бүдрэхдээ л бүдэрдэг.
31Харин ЭЗЭНд найдагчид хүчээ сэлбэнэ.
Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина.
Гүйлээ ч үл туйлдана
Алхлаа эс цуцна.
Currently Selected:
Исаиа 40: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.