YouVersion Logo
Search Icon

Езекиел 47

47
Сүмээс урсах гол
1Дараа нь тэр намайг өргөөний үүдэнд буцааж авчрав. Харагтун, өргөөний босгоны доороос зүүн зүг тийш ус урсан гарчээ. Учир нь өргөө зүүн тийш харжээ. Ус нь доороос, өргөөний баруун гар талаас, тахилын ширээний өмнө зүгээс урсаж байв.#Зех 14:8; Иох 7:38; Илч 22:1 2Тэгээд тэр намайг хойд дааман хаалгаар гадагш гаргаж, зүүн тийш харсан гаднах хаалга уруу дагуулан тойруулан явав. Харагтун, баруун гар талаас ус алгуурхнаар урсаж байв. 3Гартаа шугамтай хүн зүүн тийш явахдаа мянган тохойг хэмжиж, намайг шагайнд тулсан усан дундуур дагуулав. 4Тэр дахин нэг мянгыг хэмжиж, намайг өвдгөнд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин мянгыг хэмжиж, намайг бүсэлхийд тулсан усан дундуур дагуулав. 5Тэр дахин мянгыг хэмжив. Ус нэмэгдсэн учраас энэ нь миний гаталж чадахааргүй гол болов. Дотор нь сэлж болохоор хангалттай их устай, гаталж чадахааргүй гол байв. 6Тэр надад
—Хүний хүү! Үүнийг харав уу? гэв. Дараа нь тэр намайг голын эрэгт буцааж аваачив. 7Намайг буцаж ирсэнд, харагтун, голын энэтээ тэртээ эрэгт маш олон мод байв. 8Дараа нь тэр надад айлдахдаа
—Энэ ус зүүн нутаг уруу урсаж, Араба уруу уруудан очиж байгаа. Дараа нь тэд тэнгист цутгагдахаар тэнгисийн зүг урсаж, тэнгисийн ус нь цэнгэг болдог. 9Гол урсах газар бүрд үржин тархагч амьд амьтан бүр амьдрах болно. Тэнд асар их загас байна. Учир нь энэ ус тэнд очиж, цэнгэг болгож байгаа. Ийнхүү гол урсах газарт бүх юм амьдрах болно. 10Загасчид түүний дэргэд зогсох болно. Енгедигээс Енеглаим хүртэл тор тавих газар байна. Тэдгээрийн загас нь төрлөөрөө Их тэнгисийн загас адил үлэмж их болно. 11Гэвч түүний намаг болон балчиг газрууд цэвэр болохгүй. Давснаас болж тэдгээр нь орхигдох болно. 12Голын хажуугаар эрэг дээр, нэг талд болоод нөгөө талд нь хоол хүнсний янз бүрийн модод ургах болно. Навчнууд нь хатахгүй, жимс нь муудахгүй. Тэд сар бүр жимс гаргана. Учир нь тэдгээрийн ус ариун газраас урсан гарч, жимс нь хүнс болж, навч нь эмчилгээнийх байх болно гэв. #Илч 22:2
Газрын шинэ хил хязгаар
13Эзэн БУРХАН ингэж айлдав.
—Та нар Израилийн арван хоёр овгийн дунд өв болгон энэ газрыг хуваах хил хязгаарууд нь энэ юм. Иосеф хоёр хувийг авах ёстой.#47:13 хоёр хувь: Иосефын хоёр хүүд нэг нэг хувь ногдсон. 14Та нар үүнийг өв болгон нэгбүрийг нөгөөтэй нь тэнцүү хуваах ёстой. Учир нь үүнийг эцэг өвгөдөд чинь өгөхөөр Би тангарагласан бөгөөд энэ газар та нарт өв болон очих ёстой. 15Энэ газрын хил нь энэ байх болой. Хойд талд, Их тэнгисээс Хетлоны хоолойн замаар Зедад хүртэл, 16Дамаскийн хил ба Хаматын хилийн хооронд буй Хамат, Берота, Сибраим, Хаураны хилийн дагуу байх Хазерхаттикон юм. 17Хил нь тэнгисээс Дамаскийн хил дэх Хазар-енонд хүртэл үргэлжилж, хойд талд хойшоо Хаматын хил хүрэх ёстой. Энэ нь хойд тал билээ. 18Зүүн талд Хауран, Дамаск, Гилеад ба Израилийн газрын хоорондоос Иордан байх болой. Хойд хилээс дорнын тэнгис, Тамар хүртэл та нар хэмжих ёстой.#47:18 Еврейд нь энэ хэсэг тодорхой бус. Энэ нь зүүн тал. 19Өмнөд талд урагшаа Тамараас Мерибат-кадешийн усыг хүртэл үргэлжлэн Египетийн горхи ба Их тэнгист хүрэх ёстой. Энэ нь урагшаа өмнөд тал. 20Баруун талд Их Тэнгис байх бөгөөд өмнөд хилээс Лебо-хаматын хоолойн эгц харалдаа хүрэх ёстой. Энэ нь баруун тал. 21Ийнхүү та нар Израилийн овгуудын дагуу энэ газрыг өөрсдийнхөө дунд хуваагтун. 22Та нар үүнийг өөрсдөдөө мөн та нарын дотор хөвгүүдийг төрүүлэн дотор чинь суугч ирмэл хүмүүст өв болгон шавга орхин хуваах ёстой. Тэд та нарын хувьд Израилийн хөвгүүдийн дундах уугуул төрөгсөд адил байх ёстой. Израилийн овгуудын дунд та нартай хамт тэдэнд шавгаар энэ нь ногдох болно. 23Ирмэл хүний амьдарч буй овог дотор, та нар түүнд өвийг нь өгөх ёстой гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Currently Selected:

Езекиел 47: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in