YouVersion Logo
Search Icon

Езекиел 48

48
Овгуудын ногдол газар
1Овгуудын нэр нь эдгээр юм. Хойд хязгаараас, Хетлоны замаар Лебохамат уруу Дамаскийн хил дэх Хазар-енаныг хүртэл, Хаматын хажуугаар хойшоо, зүүнээс баруун тийш үргэлжлэх нь Даных бөгөөд нэгэн хувь юм. 2Даны хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл, Ашерынх бөгөөд нэгэн хувь юм. 3Ашерын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Нафталийнх бөгөөд нэгэн хувь юм. 4Нафталийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Манассегийнх бөгөөд нэгэн хувь юм. 5Манассегийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Ефраимынх бөгөөд нэгэн хувь юм. 6Ефраимын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Реубенийх бөгөөд нэгэн хувь юм. 7Реубений хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Иудагийнх бөгөөд нэгэн хувь юм.
8Иудагийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл та нарын тусгаарлах ногдол газар, хорин таван мянган тохой өргөн, урт нь зүүн талаас баруун тал хүртэл нэг хувь газрынхтай адил билээ. Ариун газар нь түүний төвд байх ёстой. 9Та нарын ЭЗЭНд тусгаарлах ногдол газар нь хорин таван мянган тохой урт, арван мянган тохой өргөн байх ёстой.
10Ариун ногдол нь эдгээрийн төлөө, тухайлбал тахилч нарын төлөө бөгөөд хойшоо хорин таван мянган тохой урттай, баруун тийш арван мянган тохой өргөнтэй, зүүн тийш арван мянган тохой өргөнтэй, урагшаа хорин таван мянган тохой урттай байх болой. ЭЗЭНий ариун газар нь түүний төвд байх ёстой. 11Израилийн хөвгүүдийг төөрөх үед левичүүдийн төөрсөн шиг төөрч явалгүй, Миний үүргийг сахисан Задокийн хөвгүүдийн ариусгагдсан тахилч нарт үүнийг зориул. 12Энэ нь газрын ногдлоос тэдэнд зориулагдсан ногдол буюу ариунаас ариун газар бөгөөд левичүүдийн хилийн дагуу байх ёстой. 13Тахилч нарын хилийн хажуугаар левичүүдэд хорин таван мянган тохой урт, арван мянган тохой өргөн газар байх болой. Бүх урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянга байх ёстой. 14Түүнээс гадна, тэд үүнийхээ алийг нь ч худалдаж эсвэл сольж болохгүй. Эсвэл газрын энэ шилмэл хувийг бусдад дамжуулж болохгүй. Учир нь энэ нь ЭЗЭНд ариун. 15Үлдсэн таван мянган тохой өргөн, хорин таван мянган тохой урт газар нь хотын нийтийн хэрэглээнд, сууц, задгай бэлчээр газруудад зориулагдах болой. Хот нь түүний төвд байх ёстой. 16Түүний хэмжээ нь эдгээр байх болой. Хойд талд дөрвөн мянга таван зуун тохой, өмнөд талд дөрвөн мянга таван зуун тохой, зүүн талд дөрвөн мянга таван зуун тохой, баруун талд дөрвөн мянга таван зуун тохой байна. 17Хотод задгай бэлчээр газрууд байх болой. Хойно нь хоёр зуун тавин тохой, өмнө талд хоёр зуун тавин тохой, зүүн талд хоёр зуун тавин тохой, баруун талд хоёр зуун тавин тохой байна. 18Ариун ногдлын хажуугаар уртаараа үлдсэн газар нь зүүн тал уруу арван мянган тохой, баруун тийш арван мянган тохой байх болой. Тэр нь ариун ногдлын хажуугаар байх ёстой. Түүний ургац нь хотын хөдөлмөрчдийн хүнс болой. 19Израилийн бүх овгоос гарсан хотын хөдөлмөрчид үүнийг хагалах ёстой. 20Ариун ногдол нь бүхэлдээ хорин таван мянгыг харьцах нь хорин таван мянган тохой байх болой. Та нар ариун ногдол болох дөрвөлжин талбайг хотын эзэмшилтэй хамт тусгаарлах ёстой.
21Ариун ногдол мөн хотын эзэмшлийн нэг тал ба нөгөө талд үлдэх газар ноёных болой. Ногдлын хорин таван мянган тохойн урд талд зүүн хил хүртэл баруун тийш, хорин таван мянган тохойн урд талд баруун хил хүртэл, хувиудын хажуугаарх нь ноёных байх болой. Ариун ногдол ба өргөөний ариун газар нь түүний голд байх ёстой. 22Ноёнд харьяалагдах газрын голд буй левичүүдийн эзэмшил, хотын эзэмшлээс бусад нь, Иудагийн хил, Бениамины хилийн хоорондох бүх юм ноёных байх ёстой.
23Үлдсэн овгуудын хувьд, зүүн талаас баруун тал хүртэл Бениаминых бөгөөд нэг хувь юм. 24Бениамины хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Симеоных бөгөөд нэг хувь юм. 25Симеоны хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Иссахарынх бөгөөд нэг хувь юм. 26Иссахарын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Зебулуных бөгөөд нэг хувь юм. 27Зебулуны хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Гадынх бөгөөд нэг хувь юм. 28Гадын хилийн хажуугаар өмнө талд урагшаа хил нь Тамараас Мерибат-кадешийн ус, Египетийн горхи ба Их Тэнгис хүртэл байх ёстой. 29Израилийн овгуудад өв болгон та нарын шавга орхиж хуваах газар энэ юм. Эдгээр нь тэдний хувь гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
30Хотын гарах хаалга нь эдгээр юм. Хойд тал нь дөрвөн мянга таван зуун тохой хэмжээтэй бөгөөд#Илч 21:12–13 31хотын хаалганууд нь Израилийн овгуудаар нэрлэгджээ. Хойд зүгт гурван гулдан хаалга буюу Реубений гулдан хаалга нэг, Иудагийн гулдан хаалга нэг, Левийн гулдан хаалга нэг байх болой. 32Зүүн талд дөрвөн мянга таван зуун тохой бөгөөд гурван гулдан хаалга буюу Иосефын гулдан хаалга нэг, Бениамины гулдан хаалга нэг, Даны гулдан хаалга нэг байх болой. 33Өмнө зүгт дөрвөн мянга таван зуун тохой хэмжээтэй бөгөөд гурван гулдан хаалга буюу Симеоны гулдан хаалга нэг, Иссахарын гулдан хаалга нэг, Зебулуны гулдан хаалга нэг байх болой. 34Баруун талд дөрвөн мянга таван зуун тохой бөгөөд гурван гулдан хаалга буюу Гадын гулдан хаалга нэг, Ашерын гулдан хаалга нэг, Нафталийн гулдан хаалга нэг байх болой. 35Хотын тойрог нь арван найман мянган тохой байх ёстой. Тэр өдрөөс хотын нэр нь “ЭЗЭН тэнд” гэж байх ёстой гэв.

Currently Selected:

Езекиел 48: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in