ЛУК 20

20
1Тэрхүү өдрүүдийн нэгэнд Есүс сүм дотор хүмүүст сургаалаа зааж сайн мэдээг дэлгэрүүлэн байхад нь ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчид цугтаа Түүн уруу ирж, 2Түүнд
—Та ямар эрх мэдлээр энэ бүхнийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгснийг бидэнд хэл? гэсэнд 3Тэр хариуд нь
—Би мөн та нараас нэг зүйлийг асууя. Надад та нар хэл. 4Иоханы баптисм тэнгэрээс ирсэн үү, эсвэл хүмүүсээс ирсэн үү? гэв. 5Тэд өөр хоорондоо
—Хэрэв бид “Тэнгэрээс” гэвэл, Тэр “Тэгээд та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ дээ. 6Харин бид “Хүмүүсээс” гэвэл, ард олон бүгд Иоханыг эш үзүүлэгч байсан хэмээн үздэг тул бидэн уруу чулуу шидэж ална шүү дээ гэж хэлэлцээд, 7тэд
—Хаанаас ирснийг нь бид мэдэхгүй гэв. 8Тэгэхэд нь Есүс
—Би ч гэсэн энэ бүхнийг ямар эрх мэдлээр үйлддэгээ та нарт хэлэхгүй гэжээ.
9Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав.
—Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэг байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд, удаан хугацаагаар холын аянд гарчээ. 10Тэгээд ургац хураах цаг болоход тэр усан үзэм авчруулахаар тэдэн уруу боолоо явуулжээ. Гэтэл усан үзмийн тариаланчид түүнийг зодоод, гар хоосон буцаав. 11Тэр өөр боолоо явуулсанд, тэд бас л түүнийг зодож доромжлон гутаагаад, гар хоосон буцаажээ. 12Тэр гурав дахийг нь явуулахад, тэд боолыг нь зодож гэмтээгээд хөөн явуулжээ. 13Тэгээд усан үзмийн цэцэрлэгийн эзэн “Би яах вэ? Би өөрийн хайртай хүүгээ явуулъя. Тэд түүнийг минь хүндлэх байх” гэв. 14Харин усан үзмийн тариаланчид хүүг хараад, “Энэ чинь өв залгамжлагч байна. Түүнийг алчихъя. Хөрөнгө нь биднийх болно шүү дээ” гэж өөр хоорондоо зөвшилцөөд, 15тэд түүнийг усан үзмийн цэцэрлэгээс гарган хаяж, алжээ. Тэгвэл усан үзмийн цэцэрлэгийн эзэн тэднийг яах вэ? 16Тэр ирж, усан үзмийн тариаланчдыг хөнөөгөөд, усан үзмийн цэцэрлэгээ өөр хүмүүст өгөх болно гэжээ. Үүнийг сонссон хүмүүс
—Тийм юм хэзээ ч бүү болог гэцгээхэд 17Есүс тэднийг хараад,
—Тэгвэл
“Барилгачдын голсон чулуу
Булангийн тулгуур чулуу болов”
гэж бичигдсэн нь ямар учиртай вэ? 18Тэр чулуун дээр унах хүн бүр хэдэн хэсэг хэмхрэх бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр хүнийг шороо мэт бутаргана гэж айлдав.
19Яг тэр үед хуулийн багш нар хийгээд ахлах тахилч нар Түүнд гар хүрэхийг завдсан ч, ард олноос айв. Учир нь Есүс сургаалт зүйрлэлийг тэдний эсрэг айлдсаныг тэд ойлгосон ажээ. 20Тэд Түүнийг ажиглан, зөвт мэт дүр эсгэгч туршуулуудыг Түүн уруу явуулав. Ингэсэн нь Түүнийг үгэн дээр нь олзлон барьж захирагчийн эрх мэдэлд тушаах зорилготой байв. 21Тэд Түүнээс
—Багш аа, Таныг зөв ярьж, сургадаг агаад хэнийг ч ялгалгүй, харин Бурханы замыг үнэнээр заадгийг тань бид мэднэ. 22Цезарьт татвар төлөх нь бидний хувьд хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуув. 23Гэвч Тэр тэдний заль мэхийг мэдэж, тэдэнд хандан
24Надад денар үзүүлээч. Хэний дүрс, бичээс энд байна? гэхэд тэд
—Цезарийнх гэжээ. 25Есүс тэдэнд
—Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдав. 26Ийнхүү тэд Түүнийг ард олны өмнө айлдсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч Түүний хариултанд нь гайхацгаан дуугаа хураав.
27(Амилалт гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Түүн уруу ирэв. 28Тэд Түүнээс асуун
—Багш аа, “Хэрэв хэн нэгний чинь ах үхэхдээ, тэр нь эхнэртэй атлаа үр хүүхэдгүй байсан бол, дүү нь эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж Мосе бидэнд бичжээ. 29Тэгвэл ах дүү долоо байжээ. Ууган нь эхнэр авч, үр хүүхэдгүй үхжээ. 30Хоёр дахь нь, 31гурав дахь нь ч мөн түүнийг авчээ. Ингэсээр ах дүү долуулаа үр хүүхдээ үлдээлгүй үхжээ. 32Эцэст нь мөнөөх эмэгтэй ч мөн үхэв. 33Иймд амилалт дээр тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болох вэ? Юу гэвэл тэд долуулаа түүнийг эхнэрээ болгон авсан шүү дээ гэжээ. 34Есүс тэдэнд
—Энэ үеийн хөвгүүд нь гэрлэж, охидоо хадамд гаргадаг. 35Харин тэрхүү үе хийгээд үхэгсдээс амилалтад хүрэх зохистой гэж тооцогдсон хүмүүс нь эхнэр ч авахгүй, нөхөрт ч гарахгүй. 36Тэд тэнгэр элч нартай адил тул цаашид үхэж чадахгүй бөгөөд амилалтын хөвгүүд тул Бурханы хөвгүүд юм. 37Харин Мосе шатаж буй бутны тухай хүүрнэлдээ Эзэнийг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэснээрээ үхэгсэд амилахыг харуулсан юм. 38Тиймээс Тэр үхэгсдийн Бурхан биш, харин амьдын Бурхан мөн. Учир нь Түүний хувьд бүгд амьд байдаг гэж айлдав. 39Хуулийн багш нарын зарим нь
—Багш аа, Та сайн хэллээ гэв. 40Учир нь тэд Түүнээс юуны ч тухай дахиж асуухыг зүрхэлсэнгүй.
41Тэр тэдэнд
—Христ бол Давидын Хүү мөн гэж тэд яагаад ярина вэ? 42Давид өөрөө Дуулал номд
“Эзэн миний Эзэнд
«Миний баруун гарт залрагтун.
43Ингэхдээ дайснуудыг чинь
Би Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл болой» гэж айлдав”
гэсэн. 44Давид Түүнийг “Эзэн” гэсэн юм бол, Тэр хэрхэн түүний хүү нь байж таарах билээ? гэв.
45Тийнхүү бүх ард олныг сонсож байх зуур Тэр шавь нартаа
46Урт дээлтэй явах дуртай, зах зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх, синагогт тэргүүн суудалд болоод найран дээр хойморт залрахыг дурлагч хуулийн багш нараас болгоомжлогтун. 47Тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэр орныг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Ийм хүмүүс үлэмжийн ял хүртэнэ гэв.

Àwon tá yàn lọ́wọ́lọ́wọ́ báyìí:

ЛУК 20: АБ2004

Ìsàmì-sí

Pín

Daako

None

Ṣé o fẹ́ fi àwọn ohun pàtàkì pamọ́ sórí gbogbo àwọn ẹ̀rọ rẹ? Wọlé pẹ̀lú àkántì tuntun tàbí wọlé pẹ̀lú àkántì tí tẹ́lẹ̀

Àwọn fídíò fún ЛУК 20