YouVersion Logo
تلاش

Лук 22

22
Есүсийг алах хуйвалдаан
(Мт 26:1–5,14–16; Мк 14:1–2,10–11; Иох 11:45–53)
1Алгасалын гэгддэг Исгээгүй талхны баяр#Гэт 12:1–27 ойртож байлаа. 2Ахлах тахилч нар болон хуулийн багш нар Түүнийг хөнөөх аргаа хайж байлаа. Тэд ард олноос айж байв.
3Арван хоёрын нэг байсан Искариот гэгдэгч Иудаст Сатан шүглэв. 4Тэр явж, Есүсийг яаж бариулах талаар ахлах тахилч нар болоод түшмэдтэй зөвлөлдөв. 5Тэд баярлаж, түүнд мөнгө өгөхөөр тохиролцжээ. 6Иудас ч санаа нийлж, Түүнийг хурсан олноос зайдуухан тэдэнд барьж өгөх аятай завшааныг эрэлхийлж эхлэв.
Алгасал баярын бэлтгэл
(Мт 26:17–25; Мк 14:12–21; Иох 13:21–30)
7Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. 8Есүс, Петр Иохан нарыг илгээн
—Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв. 9Тэд Түүнд
—Биднээр хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэхэд 10Тэр тэдэнд
—Харагтун, та нарыг хот уруу ороход, ваартай ус авч яваа хүн тааралдана. Тэр хүний орох гэрт дагаж ор. 11Тэгээд та нар гэрийн эзэнд “Багш маань «Шавь нартайгаа Алгасал баярын зоог барих зочны өрөө хаана байна вэ?» гэж хэлүүлж байна” гээрэй. 12Тэр та нарт дээд давхрын тавилгатай том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлд гэжээ. 13Тэд явж, Түүний айлдсанаар бүгдийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв.
Эзэний зоог
(Мт 26:26–30; Мк 14:22–26; 1Ко 11:23–25)
14Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. 15Есүс тэдэнд
—Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. 16Би та нарт хэлье. Энэ нь Бурханы хаанчлалд биелэгдтэл Би хэзээ ч дахиж зоог барихгүй гээд, 17Тэр аягыг авч, талархал өргөн
—Үүнийг авч, дундаа хүртэцгээ. 18Би та нарт хэлье. Үүнээс хойш Би усан үзмийн дарсыг Бурханы хаанчлал иртэл уухгүй гэв. 19Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө
—Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. 20Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч,
—Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.#22:20 ЗБ-т 19-р эшлэл дэх Энэ миний бие гэснээс хойших ба 20-р эшлэл бүтнээрээ байхгүй. 21Харин үзэгтүн, Надаас урвагч нэгний гар Миний хамт ширээн дээр байна.#Дуу 41:9 22Учир нь үнэхээр Хүний Хүү тогтоогдсоноороо явж байна. Харин Түүнээс урвагч хүн золгүй еэ! гэв. 23Тэд өөр хоорондоо
—Бидний хэн нь тийм зүйл хийх юм бол? хэмээн ярилцаж эхлэв.
Агуу байх тухай маргаан
24Тэрчлэн тэдний дунд хэн хамгийн агуу нь байх талаар ч маргаан дэгджээ.#Мт 18:1; Мк 9:34; Лк 9:46 25Тэр тэдэнд
—Харийнхны хаад ард олноо ноёрхдог бөгөөд эрх баригчид нь “Буянтнууд” хэмээгддэг.#Мт 20:25–27; Мк 10:42–44 26Харин та нар тийм байж болохгүй. Та нарын дунд хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог, удирдагч нь зарц мэт байг.#Мт 23:11; Мк 9:35 27Ширээнд тухлагч, үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж үү? Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг.#Иох 13:12–15 28Намайг сорилтод байх үед Миний хажууд зогсож байсан нь та нар мөн. 29Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн Би та нарт өгнө. 30Та нар Миний хаанчлалд ширээнд минь идэж уун, сэнтийд залран, Израилийн арван хоёр овгийг шүүх болно.#Мт 19:28
Петрийн үгүйсгэлийг зөгнөв
(Мт 26:31–35; Мк 14:27–31; Иох 13:36–38)
31Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг буудай мэт шигшихийн тулд Сатан зөвшөөрөл гуйсан. 32Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул гэхэд 33тэр Түүнд
—Эзэн минь, Тантай хамт шоронд ороход ч, үхэхэд ч би бэлэн байна гэв. 34Есүс
—Петр ээ, Би чамд хэлье. Өнөөдөр чи Намайг танихгүй гэж гурвантаа үгүйсгэх хүртэл чинь тахиа донгодохгүй гэв.
Хүүдий, богц, илд
35Тэгээд Тэр тэдэнд
—Би та нарыг хүүдийгүй, богцгүй, шаахай ч үгүй явуулахад та нар ямар нэг юмаар дутсан уу?#Мт 10:9–10; Мк 6:8–9; Лк 9:3, 10:4 гэж айлдахад тэд
—Үгүй, юугаар ч дутаагүй гэв. 36Тэр тэдэнд
—Харин одоо, хэнд хүүдий байна, түүнийгээ аваг. Хэнд богц байна, бас аваг. Хэн илдгүй байна, тэр дээлээ зарж илд худалдаж аваг. 37Би та нарт хэлье. “Тэр нүгэлтнүүдийн хамт тоологдсон” гэж бичигдсэн нь Надад биелэгдэхийн тулд энэ бүгд нь хэрэгтэй гэв.#Иса 53:12 38Тэгтэл тэд
—Эзэн, хараач, энд хоёр илд байна гэхэд Тэр
—Энэ чинь хангалттай#22:38 эсвэл үүнд хангалттай гэв.
Чидун уулан дээр залбирав
(Мт 26:36–46; Мк 14:32–42)
39Тэгээд Тэр тэндээс гарч, дадсан ёсоороо Чидун уул өөд өгсөв. Шавь нар ч Түүнийг дагалаа. 40Тэнд ирээд Тэр тэдэнд хандаж
—Та нар уруу татагдахгүйн тулд залбирцгаа гээд 41тэднээс чулуу шидэх зайтай холдон, өвдөг сөгдөөд ингэж залбирав.
42Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас алгасуулаач. Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог гэв. 43Тэгтэл тэнгэрэлч Түүнд тэнгэрээс үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа. 44Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.#22:44 ЗБ-т 43–44-р эшлэл байхгүй. 45Тийнхүү залбирсныхаа дараа Тэр босож шавь нар уруугаа очоод, уй гунигаасаа болж унтаж буй тэднийг олж хараад, 46тэдэнд
—Та нар юунд унтана вэ? Босоцгоо, уруу татагдахгүйн тулд залбирцгаа гэж айлдав.
Урвалт ба баривчилгаа
(Мт 26:47–56; Мк 14:43–50; Иох 18:3–11)
47Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, бөөн хүн хүрч ирэв. Арван хоёрын нэг Иудас тэднийг тэргүүлжээ. Есүсийг үнсэхийн тулд тэр дэргэд нь ойртон ирэв. 48Харин Есүс түүнд
—Иудас аа, чи Хүний Хүүг үнсэлтээр барьж өгч байна уу? гэв. 49Түүнийг хүрээлэн зогсогсод юу болох гэж буйг хараад
—Эзэн, бид илдээрээ цавччих уу? гээд 50тэдний нэг нь тэргүүн тахилчийн зарцыг цохиж, баруун чихийг нь тас цавчжээ. 51Тэгтэл Есүс
—Боль, үүнийгээ зогсоо гээд чихэнд нь хүрч мөнөөх боолыг эдгээв. 52Тэгээд хүрч ирсэн ахлах тахилч нар, ахлагчид болон сүмийн түшмэдэд Есүс
—Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? 53Өдөр бүр та нартай сүмд хамт байхад минь та нар Надад гар хүрээгүй. Харин энэ цаг болоод харанхуйн хүч нь та нарынх юм гэв.#Лк 19:47, 21:37
Есүсийг Петр үгүйсгэв
(Мт 26:57–58,69–75; Мк 14:53–54,66–72; Иох 18:12–18,25–27)
54Тэд Түүнийг баривчлан тэргүүн тахилчийн гэрт хүргэв. Харин Петр алсуур дагасаар очив. 55Хүмүүс хашааны дунд гал түлээд тойрон сууцгаахад Петр ч тэдний дунд суулаа. 56Нэгэн зарц охин Петрийг галын гэрэлд суухыг хараад түүнийг ширтэн
—Энэ хүн ч бас Түүнтэй хамт байсан гэхэд 57Петр үүнийг үгүйсгэж
—Эмэгтэй, Түүнийг чинь би танихгүй гэжээ. 58Удалгүй, өөр нэг нь түүнийг хараад
—Чи бас тэдний нэг байна гэхэд Петр
—Хүн гуай, би биш гэв. 59Нэг цаг орчмын дараа өөр нэг нь
—Энэ бас Галилынх тул Түүнтэй хамт байсан нь мэдээж гэлээ. 60Тэгтэл Петр
—Хүн гуай, таны юу яриад байгааг би мэдэхгүй л байна шүү гэв. Түүнийг ийнхүү ярьж байх тэр мөчид тахиа донгодов. 61Эзэн эргэж Петрийн зүг харав. Тэгээд Петр «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ» гэж өөрт нь айлдсан Эзэний үгийг санаад 62гадагш гарч, гашуунаар уйлав.
Есүсийг тохуурхаж, зодов
(Мт 26:67–68; Мк 14:65)
63Харгалзагчид Есүсийг зодож, Түүгээр доог тохуу хийв. 64Тэд Есүсийн нүдийг боогоод
—Чамайг хэн цохисныг эш үзүүлээдэх гэж Түүнээс асууцгааж байлаа. 65Тэд Түүний эсрэг элдвийн юм хэлж, доромжлон гутааж байв.
Иудейн Зөвлөлийн өмнө
(Мт 26:59–66; Мк 14:55–64; Иох 18:19–24)
66Өглөө болоход ард олны ахлагчдын Зөвлөл хуран чуулж, ахлах тахилч нар болон хуулийн багш нар Есүсийг Зөвлөлийн танхимд хүргүүлэв. 67Тэд
—Хэрэв Чи Христ мөн юм бол бидэнд хэлээдэх гэхэд Тэр
—Би хэлбэл та нар итгэхгүй. 68Би та нараас асуувал та нар хариулахгүй. 69Харин үүнээс хойш Хүний Хүү Бурханы сүр хүчний баруун талд залрах болно гэжээ.#Дуу 110:1 70Тэд бүгд
—Чи тэгээд Бурханы Хүү юм уу? гэсэнд Тэр тэдэнд
—Би мөн гэдгийг та нар хэлж байна гэв. 71Тэд
—Бидэнд өөр ямар гэрчлэл хэрэгтэй юм бэ? Бид өөрсдөө үүнийг Түүний Өөрийнх нь амнаас сонслоо шүү дээ гэцгээв.

موجودہ انتخاب:

Лук 22: АБ2013

سرخی

شئیر

کاپی

None

کیا آپ جاہتے ہیں کہ آپ کی سرکیاں آپ کی devices پر محفوظ ہوں؟ Sign up or sign in