СОЛОМОНЫ ДУУН 2:8-15

СОЛОМОНЫ ДУУН 2:8-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

Сонсогтун! Хайрт минь! Харагтун, уулан дээгүүр харайсаар, толгод дээгүүр үсэрсээр тэр ирж явна. Миний хайрт зээр эсвэл идэр бугатай адил бөлгөө. Харагтун, хананы маань цаана тэр зогсоод, цонхоор харж, сараалжаар цухуйна. Миний хайрт надад хэлэх нь “Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явъя. Хараач, өвөл өнгөрч, бороо зогсож арилав. Газарт цэцэгс хэдийн ургаж, Дуу хуурын цаг ирж, нутагт маань хүүрзгэнийн дуу сонсогдоно. Инжрийн мод жимсээ боловсруулж, цэцэглэж буй усан үзмийн модод анхилуун үнэрээ тараана. Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явъя!” гэнэ. Хадны хавцал, өгсүүр цохионы нуувчинд буй тагтаахан минь ээ, надад төрхөө үзүүлж, дуу хоолойгоо сонсгооч. Учир нь дуу хоолой чинь амттай, төрх чинь дур булаам сайхан аж. Усан үзмийн талбайг маань цэцэглэж байхад сүйтгэн буй бяцхан үнэгнүүдийг, тэр үнэгнүүдийг бидэнд барьж өгөөч.

СОЛОМОНЫ ДУУН 2:8-15 Ариун Библи 2013 (АБ2013)

Хайртын минь чимээ! Хараач, тэр уулсын дээгүүр дэгдэж, Толгод тойрон сүлжсээр ирмүй. Хайрт минь яг л Хангал буга, гөрөөс мэт амуй Хараач, хананы маань цаана тэр зогсоод, Цонхоор минь ширтэж Сараалжаар нь шагалзан баймуй. Хайрт минь надад хандаж өгүүлрүүн: —Сэрж босооч, хайр минь Цэвэрхэн ганц минь гарч ирээч. Өвөл нэгтээ өнгөрчээ, Бороо ч болиод татарчээ. Дэлхийд цэцэгс дэлгэрээд Жиргээн дуулиан жигдрээд Хүүрзгэнийн дуу нутагт маань дуулдаад Инжир мод жимслээд, Усан үзэм цэцэглээд Сэнгэнэм үнэр анхилж байна Сэрж босооч, хайр минь. Ангал цохионы үе нөмөрдөн суугаа ай миний тагтаахан Үзэмж зүс чинь жавхаалаг, өөрийн чинь дуу цовоолог тул Өнгө эгшгээ сонсгоод өөрийгөө нэг үзүүлээч. Цэцэглэж байгаа усан үзмийн минь Цэцэрлэгийг сүйтгэх үнэгнүүдийг, Өчүүхэн тэр үнэгдийг өөрсдөд минь бариад өгөөч.