СОЛОМОНЫ ДУУН 2
2
1Би бол Шароны сарнай, талын сараана цэцэг билээ.
Болзоот залуу
— 2Охидын дундаас миний хонгор өргөст ургамал дундах сараана цэцгийн адил байдаг билээ.
Сүйт бүсгүй
— 3Залуусын дундаас миний хайрт ойн дундах алимын мод адил байдаг билээ.
Түүний сүүдэрт би үлэмж таашаалыг аван суухад
жимс нь ч надад чихэрлэг амттай байв.
4Намайг тэрээр цайллагын танхимдаа аваачив.
Миний дээгүүрх түүний туг нь хайр юм.
5Үзэмтэй боовоор намайг тэтгэн,
алимаар намайг сэргээгээч.
Учир нь би дурлалдаа шаналжээ.
6Түүний зүүн гар миний толгой дор байж,
баруун гар нь намайг тэврэг.
Болзоот залуу
— 7Иерусалимын охид оо,
хээрийн зээр болон марлаар би та нарт тушаая.
Тааламжтай болтол хайрыг та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.
Сүйт бүсгүй
— 8Сонсогтун! Хайрт минь!
Харагтун, уулан дээгүүр харайсаар,
толгод дээгүүр үсэрсээр тэр ирж явна.
9Миний хайрт зээр эсвэл идэр бугатай адил бөлгөө.
Харагтун, хананы маань цаана тэр зогсоод,
цонхоор харж, сараалжаар цухуйна.
10Миний хайрт надад хэлэх нь
“Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явъя.
11Хараач, өвөл өнгөрч, бороо зогсож арилав.
12Газарт цэцэгс хэдийн ургаж,
Дуу хуурын цаг ирж, нутагт маань хүүрзгэнийн дуу сонсогдоно.
13Инжрийн мод жимсээ боловсруулж,
цэцэглэж буй усан үзмийн модод анхилуун үнэрээ тараана.
Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явъя!” гэнэ.
14Хадны хавцал, өгсүүр цохионы нуувчинд буй тагтаахан минь ээ,
надад төрхөө үзүүлж, дуу хоолойгоо сонсгооч.
Учир нь дуу хоолой чинь амттай, төрх чинь дур булаам сайхан аж.
15Усан үзмийн талбайг маань цэцэглэж байхад
сүйтгэн буй бяцхан үнэгнүүдийг,
тэр үнэгнүүдийг бидэнд барьж өгөөч.
16Хайрт минь минийх бөгөөд би түүнийх билээ.
Тэрээр сүргээ сараана цэцэгсийн дунд бэлчээдэг.
17Сэрүү татаж, сүүдэр арилах хүртэл,
хайрт минь, буцан ирж,
Бетерийн уулс дээрх ооно,
эсвэл идэр буга шиг байгаач.
Одоогоор Сонгогдсон:
СОЛОМОНЫ ДУУН 2: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society