ДУУЛАЛ 69:1-12

ДУУЛАЛ 69:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бурхан, намайг авраач. Учир нь их ус аминд минь заналхийлсэн. Би гүн намагт живсэн бөгөөд тэнд хөл тогтох газар үгүй. Би гүн усанд орж, үерт автсан. Би хашхирсаар байгаад ядарчээ. Хоолой минь хатжээ. Би Бурханаа хүлээхэд нүд минь гархилсан. Намайг утга учиргүйгээр үзэн ядагчид толгойн үснээс минь ч олон байна. Шударга бусаар миний дайсан болон намайг устгах гэгчид хүчтэй байна. Би хулгайлаагүй зүйлээ буцааж өгөх ёстой болж байна. Бурхан, миний мунхаглалыг мэддэг нь Та бөгөөд Миний буруу Танаас нууцлагдаагүй. Түмэн цэргийн БУРХАН Эзэн, Таныг хүлээгчид надаас болж ичгүүрт бүү ороосой. Израилийн Бурхан, Таныг эрэн хайгчдыг надаас болж шившигт бүү оруулаасай. Учир нь Таны төлөө би жигшил зэвүүцлийг үүрчээ. Миний нүүрийг ичгүүр нөмөрсөн. Би ах дүүстээ харийн хүн болж, Эхийнхээ хөвгүүдэд ч гаднын хүн болсон. Таны өргөөний төлөөх хичээл зүтгэл намайг залгиж, Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал надад ирсэн. Намайг мацаг барин сэтгэлдээ уйлахад, Тэр нь чухамдаа миний шившиг болсон. Намайг тааран хувцас өмсөхөд, Би тэдний хувьд, сургамж яриа болсон. Дааман хаалганы дэргэд суугчид миний тухай ярьдаг бөгөөд Би согтуурагчдын дуу нь болсон.

Хуваалцах
ДУУЛАЛ 69 унших

ДУУЛАЛ 69:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)

Бурхан, намайг авраач. Учир нь их ус аминд минь заналхийлжээ. Гүн намагт би живж Тэнд хөл тогтох газар үгүй. Гүн усанд би орж, үерт автлаа. Хашхирсаар байгаад би ядарчээ Хоолой минь хатжээ. Бурханаа хүлээсээр Нүд минь гархилжээ. Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчид Толгойн үснээс минь ч олон Утгагүйгээр дайсагнагч Устгах гэж оролдогсод хүчтэй байна. Би хулгайлаагүй зүйлээ Буцааж өгөх ёстой болж байна. Аяа Бурхан, мунхаглалыг минь Та мэддэг нь бөгөөд Ял зэм минь Танаас нууцлагдаагүй. Түг түмдийн БУРХАН Эзэн, Таныг хүлээгчдийг надаас болж Ичгүүрт бүү оруулаач! Израилийн Бурхан, Таныг эрэн хайгчдыг надаас болж Шившигт бүү оруулаач! Учир нь Таны төлөө би Жигшил зэвүүцлийг үүрчээ. Нүүрийг минь ичгүүр нөмөрлөө. Би ах дүүстээ харийн хүн болж, Эхийнхээ хөвгүүдэд ч гаднын хүн болсон. Таны өргөөний төлөөх зүтгэл Намайг залгиж, Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув. Мацаг барин сэтгэлдээ уйлаад Буруушаал болов би. Тааран хувцас өмсөөд Ёгт үг болов би тэдэнд. Гулдан хаалганы дэргэд суугчид Миний тухай ярьж Би согтуурагчдын элэглэл дуу болжээ.

Хуваалцах
ДУУЛАЛ 69 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна