ДУУЛАЛ 107:1-43

ДУУЛАЛ 107:1-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр бол сайн бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх. ЭЗЭНий золигдсон хүмүүс өгүүлэгтүн. Тэднийг Тэр өстний гараас зольж, Өрнө хийгээд дорноос, Өмнөд хийгээд умраас, Нутаг бүрээс цуглуулсан. Тэд цөл нутагт зэлүүд газар тэнэж байв. Тэд оршин суугчидтай хот уруу хөтлөх замыг олж чадахгүй байв. Өлсөж, цангаад Тэдний сэтгэл тэдний дотор сульдсан. Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан. Оршин суугчидтай хот уруу нь явуулахаар Тэр бас тэднийг шулуун замаар хөтөлсөн. Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун! Учир нь Тэр цангасан сэтгэлийг хангалуун болгож, Өлссөн сэтгэлийг сайн зүйлсээр дүүргэсэн. Тэд бол харанхуйд болон үхлийн сүүдэрт суугчид, Арчаагүй байдал болон төмрөөр гинжлэгдсэн хүмүүс юм. Яагаад гэвэл тэд Бурханы үгсийн эсрэг тэрслэн, Хамгийн Дээд Нэгэний зөвлөгөөг үл тоосон. Тиймээс Тэр тэдний зүрхийг хөдөлмөрөөр номхтгосон. Тэд бүдрэн унасан бөгөөд хэн ч тусалсангүй. Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан. Тэр тэднийг харанхуйгаас болоод үхлийн сүүдрээс гаргаж, Тэдний хүлээсийг тасалсан. Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун! Учир нь Тэр хүрэл дааман хаалгыг хэмхэлж, Төмөр түгжээг нь хугалсан. Өөрсдийнхөө тэрслүү зам болон Өөрсдийн гэм буруугаас болж тэнэгүүд зовжээ. Тэдний сэтгэл бүхий л төрлийн хоолонд дургүйцсэн бөгөөд Тэд үхлийн дааман хаалга уруу ойртсон. Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс аварсан. Тэр Өөрийн үгийг илгээн, тэднийг эдгээж, Тэднийг мөхлөөс нь аварсан. Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун! Тэднээр бас талархлын тахилуудыг өргүүлэн, Түүний үйлсийн тухай баясгалантай дуугаар тунхаглуул! Усан онгоцоор далайд гарагчид, Их усан дээр наймаа эрхлэгчид ЭЗЭНий үйлсийг хийгээд Гүнд буй Түүний гайхамшгуудыг харсан. Учир нь Тэр тушааж, хар салхийг босгож, Түүгээр далайн давалгааг хуйлруулсан. Тэдгээр нь тэнгэр өөд гарч, Гүн уруу эргэн буув. Сүйрлийн улмаас тэдний сэтгэл хайлсан. Тэд согтуу хүн шиг дороо эргэлдэн, гуйвсан бөгөөд Тэдний оюун ухаан нь самуурсан. Тэгээд тэд зовлонгийнхоо дундаас ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь гарган авсан. Далайн давалгаануудыг нам гүм болгохоор Тэрээр шуургыг номхтгосон. Тэдгээр нь нам гүм болсон учраас тэд баярлаад, Тиймээс Тэр тэднийг хүссэн боомт уруу нь газарчилсан. Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун! Тэднээр бас ард түмнүүдийн цуглаанд Түүнийг өргөмжлүүлж, Ахмадуудын зөвлөлд Түүнийг магтуул. Тэр гол мөрнүүдийг цөл болгон, Усны булгуудыг ангасан газар болгон хувиргадаг. Тэнд оршин суугчдын хорон муугаас болж Шимтэй газрыг хужиртай газар болгосон. Тэрээр цөлийг усны цөөрөм, Хатсан газрыг усны булгууд болгон хувиргадаг. Тэнд Тэрээр өлссөн хүмүүсийг суулгадаг. Энэ нь тэднээр оршин суугчидтай хотыг босгуулан, Талбайд тариа тариулж, усан үзмийн талбай байгуулуулж, Үр жимс сайтай ургацыг хураалгахын тулд болой. Тэр бас тэднийг ерөөдөг бөгөөд тэд өнөр өтгөн болж, Тэр тэдний мал сүргийг ч хорогдохыг зөвшөөрдөггүй. Тэд дарамт, арчаагүй байдал, уй гашуугаас болж Цөөрч, доройтсон үед Тэр ноёдод зэвүүцлээ юүлж, Замгүй зэлүүд газраар тэднийг тэнүүчлүүлдэг. Харин Тэрээр гачигдагсдыг зовлон зүдгүүрээс хол, өндөрт өргөж, Тэдний гэр бүлүүдийг хонин сүрэг мэт өсгөдөг. Шулуун шударга хүн үүнийг хардаг бөгөөд баяртай байна. Харин хамаг зөвт бус байдал амаа хамхидаг. Хэн мэргэн бэ? Тэр нь эдгээр зүйлсийг анхаарч, ЭЗЭНий хайр энэрлийг тунгааг.

Хуваалцах
ДУУЛАЛ 107 унших

ДУУЛАЛ 107:1-43 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭНд талархагтун! Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх. Өстний гараас Түүний зольсон, ЭЗЭНээр золигдсон хүмүүс ийн өгүүлэг. Өрнө хийгээд дорно, Өмнө хийгээд умар, Нутаг бүрээс тэднийг цуглуулсан билээ. Тэд цөлд зэлүүд замаар тэнэж, Оршин суугчидтай хотыг эс олов. Өлсөж, цангаад Тэдний сэтгэл нь сульджээ. Шаналал дундаа тэд ЭЗЭНд хашхирсанд Шахаанаас нь Тэр сулласан. Оршин суугчидтай хот уруу нь явуулахаар Тэр бас тэднийг шулуун замаар хөтөлсөн. Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун! Учир нь цангасан хүнийг Тэрээр хангалуун болгож, Өлссөн хүнийг сайн зүйлсээр дүүргэдэг билээ. Зарим нь харанхуйд болон Үхлийн харанхуйд суусан агаад Зовлон зүдүүр, төмөр гинжний хоригдлууд юм. Учир нь тэд Бурханы үгэнд тэрслэн Хамгийн Дээд Нэгэний зөвлөгөөг зэвүүцсэн билээ. Тэдний зүрх хүчир хөдөлмөрт номхров. Тэд бүдрэн унасан бөгөөд хэн ч эс туслав. Шаналал дундаа ЭЗЭНд тэд хашхирсанд Шахаанаас нь Тэр аварчээ. Тэднийг харанхуйгаас ба Үхлийн харанхуйгаас Тэр гаргаж, Хүлээсийг нь таслав. Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун! Учир нь Тэрээр хүрэл дааман хаалгыг хэмхэлж, Хөндөл төмрийг нь хугалсан. Тэрслүү зам, хилэнцээсээ болж Тэнэгүүд зовжээ. Тэдний сэтгэл бүхий л хоолонд дургүйцэж Үхлийн үүд хаалганд ойртжээ. Шаналал дундаа тэд ЭЗЭНд хашхирсанд Шахаанаас нь Тэр аварчээ. Үгээ илгээн тэднийг эдгээж, Мөхлөөс нь аврав, Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун! Тэд бас талархлын тахилуудыг өргөг! Түүний үйлсийг уухайн дуугаар тунхаглаг! Усан онгоцоор далайд гарагчид, Их усан дээр наймаа эрхлэгчид ЭЗЭНий үйлсийг хийгээд Гүнд буй гайхамшгуудыг нь харж байна. Учир нь Тэр тушаан салхи шуургыг босгоод, Түүгээр давалгааг хуйлруулав. Тэд тэнгэр өөд гарч, Оёоргүй гүнд эргэн буужээ. Гамшгийн улмаас сэтгэл нь мохжээ. Тэд согтуу хүн шиг дороо эргэлдэн гуйвж, Оюун ухаан нь самуурав. Шаналал дундаа тэд ЭЗЭНд хашхирсанд Шахаанаас нь Тэр гаргаж авав. Далайн давалгаануудыг нам гүм болгохоор Тэрээр шуургыг аядуулав. Тэдгээр нь нам гүм болсонд Тэд баярласан бөгөөд Тэр тэднийг хүссэн боомт уруу нь газарчилжээ. Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун! Тэд бас ард түмнүүдийн цуглаанд Түүнийг өргөмжилж, Ахмадуудын чуулаанд Түүнийг магтаг. Тэрээр гол мөрнүүдийг цөл, Усан булгуудыг улайдмал шороо, Шимтэй газрыг хужиртай болгодог нь Тэнд оршин суугчдын ёрын муугаас болдог юм. Цөлийг усны цөөрөм, Тэрээр хагсмал газрыг усны булгууд болгодог. Тэнд өлссөн хүмүүсийг суулгадаг бөгөөд Тэднээр оршин суугчидтай хот босгуулан Талбайд тариа тариулж, Үр жимс арвинтай ургацыг хураалгахын тулд Усан үзмийн талбай байгуулуулдаг. Машид олшруулахаар тэднийг бас ерөөдөг бөгөөд Мал сүргийг нь ч Тэрээр эс хорогдуулдаг. Дарамт, арчаагүйдэл, уй гашуугаар Тэд цөөрч, доройтсон үед нь Тэрээр ноёдод зэвүүцэлээ юүлж, Замгүй, зэлүүд газраар тэднийг тэнүүчлүүлдэг. Харин Тэрээр гачигдагсдыг Зовлон зүдүүрээс өндөрт өргөж, Тэдний гэрийнхнийг хонин сүрэг мэт өсгөдөг. Чигч шударга хүн үүнийг хараад баяртай байна. Хамаг гэмт байдал амаа хамхина. Мэргэн хэн боловч Эдгээр зүйлийг анхаарч, ЭЗЭНий хайр энэрлийг ойлгогтун!

Хуваалцах
ДУУЛАЛ 107 унших

ДУУЛАЛ 107:1-43

ДУУЛАЛ 107:1-43 АБ2004ДУУЛАЛ 107:1-43 АБ2004