Дуулал 107

107
ТАВДУГААР НОМ
(Дуулал 107–150)
Түмэн зовлонгоос гэтэлгэсэнд талархахуй
1ЭЗЭНд талархагтун!#1Шс 16:34; 2Шс 5:13, 7:3; Езр 3:11; Дуу 100:5, 106:1, 118:1, 136:1; Иер 33:11
Тэрээр сайн сайхан бөгөөд
Түүний хайр энэрэл мөнхийнх.
2Өстний гараас Түүний зольсон,
ЭЗЭНээр золигдсон хүмүүс ийн өгүүлэг.
3Өрнө хийгээд дорно,
Өмнө хийгээд умар,
Нутаг бүрээс тэднийг цуглуулсан билээ.
4Тэд цөлд зэлүүд замаар тэнэж,
Оршин суугчидтай хотыг эс олов.
5Өлсөж, цангаад
Тэдний сэтгэл нь сульджээ.
6Шаналал дундаа тэд ЭЗЭНд хашхирсанд
Шахаанаас нь Тэр сулласан.
7Оршин суугчидтай хот уруу нь явуулахаар
Тэр бас тэднийг шулуун замаар хөтөлсөн.
8Энэрэл хайрынх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө
ЭЗЭНд талархагтун!
9Учир нь цангасан хүнийг
Тэрээр хангалуун болгож,
Өлссөн хүнийг сайн зүйлсээр
дүүргэдэг билээ.
10Зарим нь харанхуйд болон
Үхлийн харанхуйд суусан агаад
Зовлон зүдүүр, төмөр гинжний хоригдлууд юм.
11Учир нь тэд Бурханы үгэнд тэрслэн
Хамгийн Дээд Нэгэний зөвлөгөөг зэвүүцсэн билээ.
12Тэдний зүрх хүчир хөдөлмөрт номхров.
Тэд бүдрэн унасан бөгөөд хэн ч эс туслав.
13Шаналал дундаа ЭЗЭНд тэд хашхирсанд
Шахаанаас нь Тэр аварчээ.
14Тэднийг харанхуйгаас ба
Үхлийн харанхуйгаас Тэр гаргаж,
Хүлээсийг нь таслав.
15Энэрэл хайрынх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө
ЭЗЭНд талархагтун!
16Учир нь Тэрээр хүрэл дааман хаалгыг хэмхэлж,
Хөндөл төмрийг нь хугалсан.
17Тэрслүү зам, хилэнцээсээ болж
Тэнэгүүд зовжээ.
18Тэдний сэтгэл бүхий л хоолонд дургүйцэж
Үхлийн үүд хаалганд ойртжээ.
19Шаналал дундаа тэд ЭЗЭНд хашхирсанд
Шахаанаас нь Тэр аварчээ.
20Үгээ илгээн тэднийг эдгээж,
Мөхлөөс нь аврав,
21Энэрэл хайрынх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө
ЭЗЭНд талархагтун!
22Тэд бас талархлын тахилуудыг өргөг!
Түүний үйлсийг уухайн дуугаар тунхаглаг!
23Усан онгоцоор далайд гарагчид,
Их усан дээр наймаа эрхлэгчид
24ЭЗЭНий үйлсийг хийгээд
Гүнд буй гайхамшгуудыг нь харж байна.
25Учир нь Тэр тушаан салхи шуургыг босгоод,
Түүгээр давалгааг хуйлруулав.
26Тэд тэнгэр өөд гарч,
Оёоргүй гүнд эргэн буужээ.
Гамшгийн улмаас сэтгэл нь мохжээ.
27Тэд согтуу хүн шиг дороо эргэлдэн гуйвж,
Оюун ухаан нь самуурав.
28Шаналал дундаа тэд ЭЗЭНд хашхирсанд
Шахаанаас нь Тэр гаргаж авав.
29Далайн давалгаануудыг нам гүм болгохоор
Тэрээр шуургыг аядуулав.
30Тэдгээр нь нам гүм болсонд
Тэд баярласан бөгөөд
Тэр тэднийг хүссэн боомт уруу нь газарчилжээ.
31Энэрэл хайрынх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө
ЭЗЭНд талархагтун!
32Тэд бас ард түмнүүдийн цуглаанд
Түүнийг өргөмжилж,
Ахмадуудын чуулаанд
Түүнийг магтаг.
33Тэрээр гол мөрнүүдийг цөл,
Усан булгуудыг улайдмал шороо,
34Шимтэй газрыг хужиртай болгодог нь
Тэнд оршин суугчдын ёрын муугаас болдог юм.
35Цөлийг усны цөөрөм,
Тэрээр хагсмал газрыг усны булгууд болгодог.
36Тэнд өлссөн хүмүүсийг суулгадаг бөгөөд
Тэднээр оршин суугчидтай хот босгуулан
37Талбайд тариа тариулж,
Үр жимс арвинтай ургацыг хураалгахын тулд
Усан үзмийн талбай байгуулуулдаг.
38Машид олшруулахаар тэднийг бас ерөөдөг бөгөөд
Мал сүргийг нь ч Тэрээр эс хорогдуулдаг.
39Дарамт, арчаагүйдэл, уй гашуугаар
Тэд цөөрч, доройтсон үед нь
40Тэрээр ноёдод зэвүүцэлээ юүлж,
Замгүй, зэлүүд газраар
тэднийг тэнүүчлүүлдэг.
41Харин Тэрээр гачигдагсдыг
Зовлон зүдүүрээс өндөрт өргөж,
Тэдний гэрийнхнийг хонин сүрэг мэт өсгөдөг.
42Чигч шударга хүн үүнийг хараад баяртай байна.
Хамаг гэмт байдал амаа хамхина.
43Мэргэн хэн боловч
Эдгээр зүйлийг анхаарч,
ЭЗЭНий хайр энэрлийг ойлгогтун!

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 107: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна