ДУУЛАЛ 103:1-13
ДУУЛАЛ 103:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун. Дотор минь байгаа бүхэн ч Түүний ариун нэрийг магтагтун. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж, Түүний ач тусын алийг нь ч бүү март. Тэр чиний бүх гэм бурууг уучилж, Чиний бүх өвчнийг илааршуулдаг. Тэр чиний амийг мөхлөөс аварч, Чамд хайр энэрэл болон өршөөлийн титмийг өмсгөдөг. Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулд Тэр чиний хүслийг сайн зүйлсээр хангадаг. ЭЗЭН дарлагдсан бүхний төлөө Зөв шударга үйлсийг болон шүүлтүүдийг үйлддэг. Тэр Өөрийн замыг Мосед, Өөрийн үйлсийг Израилийн хөвгүүдэд мэдүүлсэн. ЭЗЭН бол өрөвч, нигүүлсэнгүй, Уурлахдаа удаан болоод хайр энэрлээр элбэг баян. Тэр үргэлж тэмцэлдэхгүй, Уураа ч мөнхөд хадгалахгүй. Тэр бидний үйлдсэн нүглийн дагуу бидэнд хандаагүй, Бидний гэм буруугийн дагуу бидэнд хариу өгөөгүй. Учир нь тэнгэр газрын дээгүүр өндөрт байдаг шиг Түүнээс эмээгчдэд Түүний хайр энэрэл агуу их юм. Өрнө дорноос хол байдаг шиг Тэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан. Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн адил ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.
ДУУЛАЛ 103:1-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун Дотор минь байгаа бүгд Түүний ариун нэрийг магтагтун. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж, Ач тусыг нь ч бүү март. Тэрээр бүх хилэнцийг чинь уучилж, Бүх өвчнийг чинь илааршуулдаг. Тэрээр амийг чинь мөхлөөс зольж, Чамд хайр энэрэл ба өршөөлийн титмийг зүүлгэдэг. Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулд Тэрээр амьдралыг чинь сайнаар хангадаг. ЭЗЭН дарлагдсан бүхний төлөө Зөвт үйлс болон шүүлтүүдийг үйлддэг. Өөрийн замыг Мосед, Үйлсээ Израилийн хөвгүүдэд Тэрээр мэдүүлсэн. ЭЗЭН өрөвч, нигүүлсэнгүй, Уурлахдаа удаан, Хайр энэрлээр элбэг баян. Үргэлжид тэмцэлдэхгүй, Уураа ч Тэрээр мөнхөд хадгалахгүй. Хилэнцэд минь тааруулан Хандаагүй билээ, Тэрээр бидэнд Гэм буруугаар маань ч Хариулаагүй билээ, бидэнд. Учир нь тэнгэр нь газрын дээгүүр өндөрт байдаг шиг Түүнээс эмээгчдэд энэрэл хайр нь агуу их. Өрнө нь дорноос хол байдаг адил Гэмт үйлдлийг маань биднээс Тэрээр тийн холдуулсан. Эцэг хүн хөвгүүдээ өрөвддөгийн адил ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.