СУРГААЛТ ҮГС 6:20-35

СУРГААЛТ ҮГС 6:20-35 Ариун Библи 2013 (АБ2013)

Эцгийнхээ тушаалуудыг сахь, хүү минь. Эхийнхээ заасан хуулийг бүү орхи, үр минь. Зүрхнээсээ үүнийг байнга уя, Хүзүүгээ үүгээр ороо. Энэ нь явахад чинь удирдаж, Нойрсоход чинь хамгаалан, Сэрэхэд чинь чамтай ярина. Тушаал нь дэнлүү, Хууль заавар нь гэрэл, Сургамжит зэмлэлүүд нь амийн зам. Ёрын эмээс ч тэр, Садар эмийн наалинхай үгсээс ч тэр, чамайг хамгаална. Гоо үзэсгэлэнг нь зүрхэндээ бүү оруул. Гоёмсог харцанд нь бүү олзлогд. Биеэ үнэлэгчийн төлөөс зүсэм талх. Бусдын эхнэрийн төлөөс нандин амийн нэхэл. Хувцсаа шатаахгүйгээр хүн гал өвөртөлж чадна гэж үү? Хөлөө түлэхгүйгээр хүн халуун нүүрсэн дээгүүр явж чадах уу? Хөршийнхөө эхнэр дээр ордог хүн ийм буюу. Хөршийнхөө эхнэрт хүрдэг хүн бүхэн шийтгэгдюү. Өлсөхийн эрхэнд өөрийгөө цатгах гэж хулгайлагч хулгайч үл жигшигдэнэ. Гэсэн ч баригдваас тэр долоо нугалан төлж, Гэр орныхоо хамаг эд хогшлыг өгнө. Гэтэл эмэгтэй хүнтэй завхайрагч хүн ухвар мөчид агаад Энэ үйлдлээрээ тэр өөрийгөө хөнөөдөг. Тэрээр шарх, гутамшгийг амсавч ичгүүр нь хэзээ ч арилахгүй. Учир нь хардалт нь эр хүний хилэнг бадраана. Өс хонзонгийн өдрөө тэр үл өршөөнө. Ямар ч төлөөсийг тооцохгүй, Ямар ч агуу бэлгийг авахгүй.

СУРГААЛТ ҮГС 6:20-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хүү минь, эцгийнхээ тушаалуудыг сахь. Эхийнхээ зааж сургасныг бүү огоор. Тэдгээрийг зүрхнээсээ байнга уя, хүзүүндээ зангид. Тэд чамайг явахад чинь удирдаж, Нойрсоход чинь хамгаална. Сэрэхэд чинь тэд чамтай ярина. Учир нь тушаал нь дэнлүү юм. Сургамж нь гэрэл юм. Сахилга батын зэмлэлүүд нь амь амьдралын зам мөн. Энэ нь чамайг хорон муу эмээс болон Садар эмийн уян наалинхай хэлээс хол байлгахын тулд билээ. Тэр эмийн гоо үзэсгэлэнг зүрхэндээ бүү хүс. Түүний зовхи нь ч чиний дур хүслийг бүү булааг. Учир нь садар самуун эмээс болж тэр хүн зүсэм талх болтлоо турж хорчийдог ба Завхайрагч эм үнэт амийг авладаг ажээ. Хүн хувцсаа шатаахгүйгээр гал өвөртөлж чадна гэж үү? Эсвэл хөлөө түлэхгүйгээр халуун нүүрсэн дээгүүр явж чадна гэж үү? Хөршийнхөө эхнэр уруу явдаг хүн тийм байна. Хөршийнхөө эхнэрт хүрдэг хүн бүр шийтгэгдэхгүйгээр өнгөрөхгүй. Өлсгөлөнгөө дарахын тулд хулгай хийдэг хулгайчийг хүмүүс харсан ч жигшихгүй. Харин баригдахдаа тэр долоо дахин нугалан төлж, Гэр орныхоо хамаг эд хогшлоо өгөх ёстой. Эмэгтэй хүнтэй завхайрагч хүн ухааны гачаалд автдаг нэгэн байх бөгөөд Завхайрснаараа өөрийгөө хөнөөдөг. Тэрээр шарх болон гутамшгийг амсах ба ичгүүр нь хэзээ ч арилахгүй. Учир нь хардалт нь эр хүний хилэнг бадраадаг бөгөөд Өс хонзон авах өдрөө тэр үл өршөөнө. Тэр эр ямар ч төлөөсийг хүлээж авахгүй, Мөн хичнээн бэлэг сэлт өглөө ч сэтгэлийг нь засаж эс чадна.