СУРГААЛТ ҮГС 6:20-35
СУРГААЛТ ҮГС 6:20-35 АБ2004
Хүү минь, эцгийнхээ тушаалуудыг сахь. Эхийнхээ зааж сургасныг бүү огоор. Тэдгээрийг зүрхнээсээ байнга уя, хүзүүндээ зангид. Тэд чамайг явахад чинь удирдаж, Нойрсоход чинь хамгаална. Сэрэхэд чинь тэд чамтай ярина. Учир нь тушаал нь дэнлүү юм. Сургамж нь гэрэл юм. Сахилга батын зэмлэлүүд нь амь амьдралын зам мөн. Энэ нь чамайг хорон муу эмээс болон Садар эмийн уян наалинхай хэлээс хол байлгахын тулд билээ. Тэр эмийн гоо үзэсгэлэнг зүрхэндээ бүү хүс. Түүний зовхи нь ч чиний дур хүслийг бүү булааг. Учир нь садар самуун эмээс болж тэр хүн зүсэм талх болтлоо турж хорчийдог ба Завхайрагч эм үнэт амийг авладаг ажээ. Хүн хувцсаа шатаахгүйгээр гал өвөртөлж чадна гэж үү? Эсвэл хөлөө түлэхгүйгээр халуун нүүрсэн дээгүүр явж чадна гэж үү? Хөршийнхөө эхнэр уруу явдаг хүн тийм байна. Хөршийнхөө эхнэрт хүрдэг хүн бүр шийтгэгдэхгүйгээр өнгөрөхгүй. Өлсгөлөнгөө дарахын тулд хулгай хийдэг хулгайчийг хүмүүс харсан ч жигшихгүй. Харин баригдахдаа тэр долоо дахин нугалан төлж, Гэр орныхоо хамаг эд хогшлоо өгөх ёстой. Эмэгтэй хүнтэй завхайрагч хүн ухааны гачаалд автдаг нэгэн байх бөгөөд Завхайрснаараа өөрийгөө хөнөөдөг. Тэрээр шарх болон гутамшгийг амсах ба ичгүүр нь хэзээ ч арилахгүй. Учир нь хардалт нь эр хүний хилэнг бадраадаг бөгөөд Өс хонзон авах өдрөө тэр үл өршөөнө. Тэр эр ямар ч төлөөсийг хүлээж авахгүй, Мөн хичнээн бэлэг сэлт өглөө ч сэтгэлийг нь засаж эс чадна.