СУРГААЛТ ҮГС 3:1-35

СУРГААЛТ ҮГС 3:1-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хүү минь, миний сургаалыг бүү март. Чи зүрхэндээ тушаалыг минь сахь. Учир нь өдрүүдийн хийгээд амьд явах он жилүүдийн урт, Амар тайвныг тэд чамд нэмэх болно. Үнэн ба энэрэл чамайг бүү орхиг. Эдгээрийг цээжнийхээ самбарт бичиж, хүзүүгээрээ ороо. Тийнхүү чи Бурханы болоод хүмүүсийн нүдний өмнө таалал хийгээд нэр төрийг олно. Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно. Өөрийнхөө нүдний өмнө бүү мэргэн бай. ЭЗЭНээс эмээж, хорон муугаас эргэ. Энэ нь ясанд чинь шим тэжээл, биенд чинь амин дэм болно. Бүх бүтээгдэхүүнийхээ дээжээр болон эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэл. Тэгвэл агуулах чинь пиг дүүрч, Торхнууд чинь шинэ дарсаар бялхана. Хүү минь, ЭЗЭНий сахилгажуулалтыг бүү дургүйц, зэмлэлийг нь бүү огоор. Учир нь хүүгээ таалдаг эцэг хүний адил ЭЗЭН хайрладаг хүнээ зэмлэдэг юм шүү. Мэргэн ухааныг олдог хүн, ухаарал авдаг хүн ерөөлтэй еэ. Учир нь мэргэн ухааны ашиг болбоос цалин цагаан мөнгөний ашигаас ч илүү, Орлого нь шижир алтныхаас ч илүү. Энэ нь эрдэнэсээс ч илүү нандин, чиний хүсэх ямар ч зүйл түүнтэй зүйрлэшгүй. Түүний баруун гарт нь урт удаан амьдрал залрах агаад зүүн гарт нь алдар суу болон баялаг буй. Мэргэн ухааны зам тааламжит бөгөөд бүх жим нь амар тайван. Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод. Түүнийг тэр даруй барьж авах хүн бүр ерөөлтэй. ЭЗЭН мэргэн ухаанаар газрыг бий болгож, Оюун ухаанаар тэнгэрийг тогтоожээ. Түүний мэдлэгээр гүнүүд нээгдэж, үүлнээс шүүдэр унасан. Хүү минь, саруул мэргэн ухаан хийгээд хэрсүү ухааныг сахиж, Энэ бүхнийг нүднээсээ бүү салга. Тийм байх бөгөөс эдгээр нь сэтгэлд чинь амь, Хүзүүнд чинь гоёл болно. Тэгвэл чи замаараа аюулгүй алхах бөгөөд чиний хөл бүдрэхгүй. Чи хэвтэх үедээ ч айж эмээхгүй. Хэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх болно. Гэнэтийн аймшгаас бүү ай. Хар санааны хор хөнөөл ирэх үед ч бүү ай. Учир нь ЭЗЭН чамд эр зориг болох бөгөөд Хөлийг чинь занганд орохоос хамгаална. Хэрэв чиний хүч хүрэх юм бол хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз. Туслах боломжтой атлаа хөршдөө “Яваад ир. Маргааш би өгье” гэж бүү хэл. Хажууд чинь амгалан амьдрах хөршийнхөө эсрэг хорон мууг бүү сэд. Хэрэв хүн чамд хорон мууг учруулаагүй бол шалтгаангүйгээр тэр хүнтэй бүү маргалд. Хүчирхийлэгч хүнд бүү жөтөөрх. Тийм хүний аль ч замыг бүү сонго. Учир нь муу зальтай хүн ЭЗЭНий хувьд жигшүүртэй. Харин Тэр цэх шулуун хүнтэй дотно байдаг юм. ЭЗЭНий хараал хар муу санаатны гэр дээр байна. Харин Тэр шударга зөв байгчийн орон гэрийг ерөөнө. Хэдийгээр Тэр доромжлогч хүмүүсийг тохуурхдаг боловч Зовж зүдрэгсдэд нигүүлслээ өгдөг. Мэргэн хүмүүс сайн нэрийг өвлөдөг бол Мунхгууд муу нэрээрээ сайрхдаг ажээ.

СУРГААЛТ ҮГС 3:1-35 Ариун Библи 2013 (АБ2013)

Хүү минь, хууль зааврыг минь бүү март Тушаалыг минь зүрхэндээ сахь Амьдралын чинь хоног жилийн урт Амар тайвныг эд л чамд нэмнэ. Энэрэл хайр ба үнэн чамаас бүү салаг Энэнийг хүзүүгээрээ ороож, зүрхнийхээ самбарт бичвэл Бурханы болоод хүмүүсийн нүднээ Таалал хийгээд сайн нэрийг чи олно. Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод. Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг Тэрээр зам харгуйг чинь шулуутгана. Өөрийнхөө нүдэнд бүү мэргэн бол ЭЗЭНээс эмээ, ёрын муугаас эргэ. Энэ нь маханд чинь эм, Ясанд чинь шим болно. ЭЗЭНээ эдээрээ болоод Бүтээгдэхүүнийхээ дээжээр алдаршуул Тэгвэл агуулах чинь арвинаар дүүрнэ Ингэвэл торхнууд чинь дарсаар бялхана. ЭЗЭНий сахилгыг бүү жигш, гэсгээлийг нь бүү зэвүүрх, хүү минь Хүүгээ таалан хайрладаг эцэг хүний адил Хайрладаг хүнээ ЭЗЭН шийтгэдэг юм шүү. Мэргэн ухааныг олдог хүн, Ухаан бодролыг өөрийн болгодог хүн ерөөлтэй еэ Ашиг нь мөнгөнийхөөс ч илүү Орлого нь алтныхаас ч илүү. Энэ нь эрдэнэсээс илүү нандин Тэр нь хүсэл татагч юутай ч зүйрлэшгүй. Түүний баруун гарт нь урт удаан амьдрал Үүний зүүн гарт нь баялаг, алдар суу бий. Түүний зам нь тааламжит Бүх жим нь амар тайван. Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод Түүнийг даруй барьж авагсад ерөөлтэй. Мэргэн ухаанаар газрыг ЭЗЭН суурилуулж, Мэдлэг ухаанаар тэнгэрсийг тогтоожээ Мэдлэгээр нь оёоргүй гүн нээгдэж, үүлс шүүдэр цавдмуй. Хүү минь, саруул ухаан хийгээд хянамгай чанарыг сахиж, Энэ бүхнийг нүднээсээ бүү салга Тэгэх аваас ахуй биед чинь амь, Хүзүүнд чинь гоёл болно, эдгээр нь. Замаараа чи аюулгүй алхах агаад Хөл чинь бүдрэхгүй. Хажуулах үедээ чи үл айх Хэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх. Гэнэтийн аймшгаас ч тэр Гэм буруутнуудыг цохих хөнөөлөөс ч бүү ай ЭЗЭН чамд эр зориг болж Хөлийг чинь занганд баригдахаас хамгаална. Хийх хүч гарт чинь байх аваас Хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз. Өөрт чинь байх аваас Хөршдөө “Яв, дараа ир Маргааш би өгье” гэж бүү хэл! Хажууд чинь амгалан амьдарч байхад нь Хөршийнхөө эсрэг хорон мууг бүү сэд! Хүн чамд хор учруулаагүй аваас Шалтгаангүйгээр түүнтэй бүү маргалд! Хүчирхийлэгч хүнд бүү атаарх! Ямар ч замыг нь бүү сонго! Бусармаг нэгэн нь ЭЗЭНд жигшил Чигч шударга нэгэнтэй Түүний андлал. Буруутын гэр дээр ЭЗЭНий хараал буух Зөвтийн оромжин дээр Түүний ерөөл орших. Тохуурхагчдыг Тэр тохуурхдаг атлаа Дарууд нигүүлсэл үзүүлдэг. Мэргэд алдар нэрийг өвлөх атал Мулгуучууд ичгүүрийг овоолох.