СУРГААЛТ ҮГС 3

3
1Хүү минь, миний сургаалыг бүү март.
Чи зүрхэндээ тушаалыг минь сахь.
2Учир нь өдрүүдийн хийгээд амьд явах он жилүүдийн урт,
Амар тайвныг тэд чамд нэмэх болно.
3Үнэн ба энэрэл чамайг бүү орхиг.
Эдгээрийг цээжнийхээ самбарт бичиж, хүзүүгээрээ ороо.
4Тийнхүү чи Бурханы болоод хүмүүсийн нүдний өмнө таалал хийгээд нэр төрийг олно.
5Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ.
Өөрийн ойлголтод бүү түшиглэ.
6Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд.
Тэр чиний замыг шулуун болгоно.
7Өөрийнхөө нүдний өмнө бүү мэргэн бай.
ЭЗЭНээс эмээж, хорон муугаас эргэ.
8Энэ нь ясанд чинь шим тэжээл, биенд чинь амин дэм болно.
9Бүх бүтээгдэхүүнийхээ дээжээр болон эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэл.
10Тэгвэл агуулах чинь пиг дүүрч,
Торхнууд чинь шинэ дарсаар бялхана.
11Хүү минь, ЭЗЭНий сахилгажуулалтыг бүү дургүйц, зэмлэлийг нь бүү огоор.
12Учир нь хүүгээ таалдаг эцэг хүний адил ЭЗЭН хайрладаг хүнээ зэмлэдэг юм шүү.
13Мэргэн ухааныг олдог хүн, ухаарал авдаг хүн ерөөлтэй еэ.
14Учир нь мэргэн ухааны ашиг болбоос цалин цагаан мөнгөний ашигаас ч илүү,
Орлого нь шижир алтныхаас ч илүү.
15Энэ нь эрдэнэсээс ч илүү нандин, чиний хүсэх ямар ч зүйл түүнтэй зүйрлэшгүй.
16Түүний баруун гарт нь урт удаан амьдрал залрах агаад зүүн гарт нь алдар суу болон баялаг буй.
17Мэргэн ухааны зам тааламжит бөгөөд бүх жим нь амар тайван.
18Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод.
Түүнийг тэр даруй барьж авах хүн бүр ерөөлтэй.
19ЭЗЭН мэргэн ухаанаар газрыг бий болгож,
Оюун ухаанаар тэнгэрийг тогтоожээ.
20Түүний мэдлэгээр гүнүүд нээгдэж, үүлнээс шүүдэр унасан.
21Хүү минь, саруул мэргэн ухаан хийгээд хэрсүү ухааныг сахиж,
Энэ бүхнийг нүднээсээ бүү салга.
22Тийм байх бөгөөс эдгээр нь сэтгэлд чинь амь,
Хүзүүнд чинь гоёл болно.
23Тэгвэл чи замаараа аюулгүй алхах бөгөөд чиний хөл бүдрэхгүй.
24Чи хэвтэх үедээ ч айж эмээхгүй.
Хэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх болно.
25Гэнэтийн аймшгаас бүү ай.
Хар санааны хор хөнөөл ирэх үед ч бүү ай.
26Учир нь ЭЗЭН чамд эр зориг болох бөгөөд
Хөлийг чинь занганд орохоос хамгаална.
27Хэрэв чиний хүч хүрэх юм бол хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз.
28Туслах боломжтой атлаа хөршдөө
“Яваад ир. Маргааш би өгье” гэж бүү хэл.
29Хажууд чинь амгалан амьдрах хөршийнхөө эсрэг хорон мууг бүү сэд.
30Хэрэв хүн чамд хорон мууг учруулаагүй бол шалтгаангүйгээр тэр хүнтэй бүү маргалд.
31Хүчирхийлэгч хүнд бүү жөтөөрх.
Тийм хүний аль ч замыг бүү сонго.
32Учир нь муу зальтай хүн ЭЗЭНий хувьд жигшүүртэй.
Харин Тэр цэх шулуун хүнтэй дотно байдаг юм.
33ЭЗЭНий хараал хар муу санаатны гэр дээр байна.
Харин Тэр шударга зөв байгчийн орон гэрийг ерөөнө.
34Хэдийгээр Тэр доромжлогч хүмүүсийг тохуурхдаг боловч
Зовж зүдрэгсдэд нигүүлслээ өгдөг.
35Мэргэн хүмүүс сайн нэрийг өвлөдөг бол
Мунхгууд муу нэрээрээ сайрхдаг ажээ.

Одоогоор Сонгогдсон:

СУРГААЛТ ҮГС 3: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү