СУРГААЛТ ҮГС 27:1-27
СУРГААЛТ ҮГС 27:1-27 Ариун Библи, 2004 (АБ2004)
Маргаашаар бүү сайрх. Учир нь маргааш юу болохыг чи үл мэднэ. Өөрийн чинь ам бус харин өөр хүн, уруул чинь бус харин гаднын хүн чамайг магтаг. Хад чулуу хүнд ба элс ч жин татна. Харин мунхгийн өдөөн хатгалга энэ хоёроос ч хүнд аж. Хилэн бол хэрцгий, уур бол өршөөлгүй. Харин хэн атаархлыг тэсвэрлэн зогсож чадах вэ? Далдлагдсан хайраас ил зэмлэл нь хавьгүй дээр. Анд нөхрийн чинь учруулах шарх итгэмжтэй, Харин дайсны чинь үнсэлт заль мэхтэй юм. Цатгалан хүн зөгийн балыг ч хүсдэггүй. Харин өлссөн хүнд гашуун юм ч амттай санагддаг. Гэр орноосоо холдогч хүн болбоос үүрээ орхисон жигүүртэн мэт буюу. Анхилуун үнэрт тос ба сүрчиг нь зүрхийг баясгадаг бол Хүний зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт буюу. Өөрийн анд нөхрийг болон эцгийнхээ анд нөхрийг бүү орхи. Гай гамшиг чамд тохиолдоход ах дүүгийнхээ гэрийг бүү зорь. Хол суугаа ахаас чинь ойр буй хөрш чинь дээр. Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм. Хэрсүү хүн хорон мууг хараад түүнээс зайлж чаддаг бол Гэнэн хүн нь угтан явсаар байгаад шангаа хүртдэг. Гаднын хүний өмнөөс батлан даагчийн дээлийг тайлж ав. Харь хүний өмнөөс батлан даагч нь өөрийгөө олз болго. Өглөө эртлэн чанга дуугаар анд нөхрөө ерөөдөг хүн Түүнд хараал хэлж байгаатай адил тооцогдоно. Гэмэргэн эм болбоос бороошсон өдөр ус тасралтгүй дуслахтай адил буюу. Тийм эмэгтэйг номхтгох нь салхийг зогсоох болон гараараа тосыг атгаж авахтай адил буюу. Төмөр төмрийг ирлэдэг. Тийнхүү хүн хүнээ хурцалдаг. Инжрийн модыг арчлагч үр жимсийг нь идэх болно. Эзэндээ санаа тавигч нь хүндлэгдэнэ. Усны мандалд хүн царайгаа харахын адил хүмүүний зүрх түүний дүр төрхийг харуулна. Үхэгсдийн орон ба Сүйрэл хэзээ ч цаддаггүй шиг хүмүүний нүд хэзээ ч ханахгүй. Мөнгө ба алтыг галын дөлөөр цэвэршүүлдэг бол хүмүүнийг өөрт нь нийцсэн магтаалаар шалгана. Үр тариатай хамт мунхгийг ууранд хийгээд нүдүүрээр нүдсэн ч мунхаг нь үл арилна. Мал сүргийнхээ байдлыг сайн мэд. Хонин сүрэгтээ анхаарал сайн тавь. Учир нь эд баялаг мөнх биш. Хааны титэм ч үе дамжихгүй. Өвс байхгүй болоход, шинэ ногоо цухуйж, уулан дээрх өвс цуглуулагдаж, Хурганы арьс чинь хувцас болж, ямаанууд чинь чамд газрын өртгийг өгнө. Чамайг болон гэр бүлийг чинь хооллохоор бас зарц охидыг чинь тэжээхээр чамд ямааны сүү элбэг дэлбэг байх болно.
СУРГААЛТ ҮГС 27:1-27 Ариун Библи 2013 (АБ2013)
Маргаашаар бүү сайрх Маргааш юу авчрахыг чи үл мэднэ. Чамайг магтагч нь Ам чинь бус өөр хүн байг, Уруул чинь бус харь хүн байг. Чулуу хүнд, элс жинтэй ч Илүү хүнд нь мунхгийн өдөөн хатгалга. Хилэн хэрцгий, уур үер мэт ширүүн ч Хардалтыг хэн давах вэ? Далдлагдсан хайраас ил зэмлэл дээр. Андын чинь учруулсан шарх сайныг. Дайсны чинь үнсэлт заль мэхийг. Цатгаланд сархинагийн бал ч амтгүй Өлссөнд гашуун юм ч чихэрлэг. Гэрээ орхих нь үүрээ орхих жигүүртэн мэт. Анхилуун үнэрт тос, сүрчиг нь зүрхийг баясгах. Сэтгэлийн үнэнч зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт. Анд болон эцгийнхээ анд нөхрийг бүү орхи. Гай гамшиг тохиолдоход ах дүүгийнхээ гэрийг бүү зорь. Алсад буй ахаас ойр буй хөрш чинь дээр. Муулагчдадаа би хариу барьж чадахын тулд Мэргэн байж, зүрхийг минь баярлуул, хүү минь. Хэрсүү нь гайг олж хараад нуугддаг атал Гэнэн хүн угтан явсаар байгаад шангаа хүртдэг. Гаднын хүнийг батлан даагчийн дээлийг ав Харь хүний улмаас түүнийг барьцаал. Өглөө эртлэн босоод чанга дуугаар нөхрөө ерөөдөг хүн Өөрөө түүнд хараал адил тооцогдоно. Шиврээ бороотой өдрийн дусаал Яншаа эм хоёр адил агаад Ийм эмэгтэйг номхтгох нь Салхи номхтгох эсвэл гараараа тос атгаж авах мэт. Төмөр төмрийг ирлэдэг. Хүн хүнээ хурцалдаг. Инжрийн модыг арчлагч жимсийг нь идэх. Эзэндээ ачтай боол хүндлэл үзэх. Усанд нүүрээ тольдох. Зүрхэндээ өөрийгөө харах. Үхэгсдийн орон, сүйрэл ханаж эс цадна. Хүмүүний нүд бас үл ханана. Хайлуур нь мөнгөнд, зуух нь алтанд Хүний зүрхэнд магтаал шалгуур юм. Мунхгийг үр тариатай хамт нүдүүрээр ууранд нүдсэн ч нэмэр бага. Малынхаа тэвээргийг мэд Сүрэгтээ сэтгэл тавь. Эд баялаг мөнх бус Титэм ч үеэс үед эс залгамжлагдах. Өвс хадагдаж, шинэ нахиа цухуйхад, Уулан дээрх ногоог хурааж дуусах цагт Хурганууд чинь хувцас болж, Ямаанууд чинь газрынхаа өртгийг өгнө. Чамайг, гэр бүлийг чинь хооллох Зарц бүсгүйчүүдийг чинь бас тэжээх Ямааны сүү элбэг дэлбэг байна.