СУРГААЛТ ҮГС 27:1-27
СУРГААЛТ ҮГС 27:1-27 АБ2004
Маргаашаар бүү сайрх. Учир нь маргааш юу болохыг чи үл мэднэ. Өөрийн чинь ам бус харин өөр хүн, уруул чинь бус харин гаднын хүн чамайг магтаг. Хад чулуу хүнд ба элс ч жин татна. Харин мунхгийн өдөөн хатгалга энэ хоёроос ч хүнд аж. Хилэн бол хэрцгий, уур бол өршөөлгүй. Харин хэн атаархлыг тэсвэрлэн зогсож чадах вэ? Далдлагдсан хайраас ил зэмлэл нь хавьгүй дээр. Анд нөхрийн чинь учруулах шарх итгэмжтэй, Харин дайсны чинь үнсэлт заль мэхтэй юм. Цатгалан хүн зөгийн балыг ч хүсдэггүй. Харин өлссөн хүнд гашуун юм ч амттай санагддаг. Гэр орноосоо холдогч хүн болбоос үүрээ орхисон жигүүртэн мэт буюу. Анхилуун үнэрт тос ба сүрчиг нь зүрхийг баясгадаг бол Хүний зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт буюу. Өөрийн анд нөхрийг болон эцгийнхээ анд нөхрийг бүү орхи. Гай гамшиг чамд тохиолдоход ах дүүгийнхээ гэрийг бүү зорь. Хол суугаа ахаас чинь ойр буй хөрш чинь дээр. Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм. Хэрсүү хүн хорон мууг хараад түүнээс зайлж чаддаг бол Гэнэн хүн нь угтан явсаар байгаад шангаа хүртдэг. Гаднын хүний өмнөөс батлан даагчийн дээлийг тайлж ав. Харь хүний өмнөөс батлан даагч нь өөрийгөө олз болго. Өглөө эртлэн чанга дуугаар анд нөхрөө ерөөдөг хүн Түүнд хараал хэлж байгаатай адил тооцогдоно. Гэмэргэн эм болбоос бороошсон өдөр ус тасралтгүй дуслахтай адил буюу. Тийм эмэгтэйг номхтгох нь салхийг зогсоох болон гараараа тосыг атгаж авахтай адил буюу. Төмөр төмрийг ирлэдэг. Тийнхүү хүн хүнээ хурцалдаг. Инжрийн модыг арчлагч үр жимсийг нь идэх болно. Эзэндээ санаа тавигч нь хүндлэгдэнэ. Усны мандалд хүн царайгаа харахын адил хүмүүний зүрх түүний дүр төрхийг харуулна. Үхэгсдийн орон ба Сүйрэл хэзээ ч цаддаггүй шиг хүмүүний нүд хэзээ ч ханахгүй. Мөнгө ба алтыг галын дөлөөр цэвэршүүлдэг бол хүмүүнийг өөрт нь нийцсэн магтаалаар шалгана. Үр тариатай хамт мунхгийг ууранд хийгээд нүдүүрээр нүдсэн ч мунхаг нь үл арилна. Мал сүргийнхээ байдлыг сайн мэд. Хонин сүрэгтээ анхаарал сайн тавь. Учир нь эд баялаг мөнх биш. Хааны титэм ч үе дамжихгүй. Өвс байхгүй болоход, шинэ ногоо цухуйж, уулан дээрх өвс цуглуулагдаж, Хурганы арьс чинь хувцас болж, ямаанууд чинь чамд газрын өртгийг өгнө. Чамайг болон гэр бүлийг чинь хооллохоор бас зарц охидыг чинь тэжээхээр чамд ямааны сүү элбэг дэлбэг байх болно.