ТООЛЛОГО 21:1-9

ТООЛЛОГО 21:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)

Негевд амьдарч байсан канаан хүн, Арадын хаан нь Израилийг Атаримын замаар ирж явааг сонсоод Израилийн эсрэг дайтаж, тэдний заримыг нь олзлов. Тиймээс Израиль ЭЗЭНд ам өчиг өгч —Хэрэв Та энэ ард түмнийг миний гарт өгөх аваас би тэдний хотуудыг бүрмөсөн сүйрүүлэх болно гэв. ЭЗЭН Израилийн дуу хоолойг сонсож, канаанчуудыг тэдэнд өгөв. Израильчууд тэднийг болон хотуудыг нь бүрмөсөн сүйрүүлэв. Тэр газрын нэрийг Хорма гэж дуудах болжээ. Дараа нь тэд Едомын нутгийг тойрон явахаар Хор уулаас хөдлөн Улаан тэнгисийн замаар явав. Аяны улмаас ард түмэн сэтгэл мятрав. Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Энэ заваан хүнснээс ой гутаж байна гэцгээлээ. ЭЗЭН ард түмний дунд хорт галт могойнуудыг илгээхэд тэдгээр нь ард олныг хатгаж, Израилийн олон хүн үхэв. Ард түмэн Мосе дээр ирж —Бид ЭЗЭНий, мөн таны эсрэг ярьснаас болж нүгэл үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав. Мосед ЭЗЭН —Галт могой хийж, түүнийг шураг дээр байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан аливаа хүн түүнийг харах аваас амьдрах болно гэв. Мосе хүрэл могой хийж, түүнийг шураг дээр байрлуулав. Хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал тэр хүн хүрэл могойг хараад амьд үлдэж байлаа.

ТООЛЛОГО 21:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

Негевд амьдарч байсан Арадын хаан, канаан хүн нь Израилийг Атаримын замаар ирж явааг сонсоод Израилийн эсрэг дайтаж, тэдний заримыг нь олзлов. Тиймээс Израиль ЭЗЭНд андгайлан —Хэрэв Та үнэхээр энэ ард түмнийг миний гарт өгөх аваас би тэдний хотуудыг бүрмөсөн устгах болно гэв. ЭЗЭН Израилийн дуу хоолойг сонсож, канаанчуудыг тэдэнд тушаав. Тэгээд израильчууд тэднийг болон хотуудыг нь бүрмөсөн устгав. Тийнхүү тэр газрын нэрийг Хорма гэх болжээ. Дараа нь тэд Едомын нутгийг тойрон явахаар Улаан тэнгисийн замд буй Хор уулаас хөдөлсөн юм. Аяны улмаас ард түмэн тэвчээргүй болов. Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Бид энэ заваан хүнсийг жигшиж байна гэцгээлээ. ЭЗЭН ард түмний дунд галт могойнуудыг илгээхэд, тэд ард олныг хатгажээ. Ингэснээр Израилийн олон хүн үхэв. Тиймээс ард түмэн Мосе уруу ирж —Бид ЭЗЭН болон таны эсрэг ярьснаас болж нүглийг үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав. Тэгтэл ЭЗЭН Мосед —Галт могой хийж, түүнийг шургаагны оройд байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан хүн бүр түүнийг хараад амьдрах болно гэв. Мосе хүрэл могойг хийж, түүнийг шургаагны оройд байрлуулав. Хэрвээ хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал, тэр хүн хүрэл могойг хараад амьдарч байлаа.