ТООЛЛОГО 21:1-9

ТООЛЛОГО 21:1-9 АБ2004

Негевд амьдарч байсан Арадын хаан, канаан хүн нь Израилийг Атаримын замаар ирж явааг сонсоод Израилийн эсрэг дайтаж, тэдний заримыг нь олзлов. Тиймээс Израиль ЭЗЭНд андгайлан —Хэрэв Та үнэхээр энэ ард түмнийг миний гарт өгөх аваас би тэдний хотуудыг бүрмөсөн устгах болно гэв. ЭЗЭН Израилийн дуу хоолойг сонсож, канаанчуудыг тэдэнд тушаав. Тэгээд израильчууд тэднийг болон хотуудыг нь бүрмөсөн устгав. Тийнхүү тэр газрын нэрийг Хорма гэх болжээ. Дараа нь тэд Едомын нутгийг тойрон явахаар Улаан тэнгисийн замд буй Хор уулаас хөдөлсөн юм. Аяны улмаас ард түмэн тэвчээргүй болов. Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Бид энэ заваан хүнсийг жигшиж байна гэцгээлээ. ЭЗЭН ард түмний дунд галт могойнуудыг илгээхэд, тэд ард олныг хатгажээ. Ингэснээр Израилийн олон хүн үхэв. Тиймээс ард түмэн Мосе уруу ирж —Бид ЭЗЭН болон таны эсрэг ярьснаас болж нүглийг үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав. Тэгтэл ЭЗЭН Мосед —Галт могой хийж, түүнийг шургаагны оройд байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан хүн бүр түүнийг хараад амьдрах болно гэв. Мосе хүрэл могойг хийж, түүнийг шургаагны оройд байрлуулав. Хэрвээ хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал, тэр хүн хүрэл могойг хараад амьдарч байлаа.