НЕХЕМИА 2:1-9

НЕХЕМИА 2:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

Артаксеркс хааны хорьдугаар оны Нисан сард түүний өмнө дарс байсан бөгөөд би дарсыг авч хаанд барив. Би урьд нь түүний өмнө гунигтай байсангүй. Тиймээс хаан надад —Чи өвчин тусаагүй атал царай чинь юунд гунигтай байна вэ? Энэ нь зүрхний гуниглалаас өөр юу ч биш ажээ гэж хэлэв. Тэгэхэд би маш ихэд айв. Тэгээд би хаанд —Хаан мөнх наслах болтугай. Миний эцэг өвгөдийг тавьсан газар болох тэр хот эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв. Тэгэхэд хаан надад —Чи юу гуймаар байна? гэв. Тиймээс би тэнгэрийн Бурханд залбирлаа. Би хаанд хандан —Хэрэв хаан таалбал, хэрэв таны зарц таны хишгийг олсон бол намайг Иуда уруу, миний эцэг өвгөдийг тавьсан хот уруу түүнийг дахин босгохын тулд илгээнэ үү? гэлээ. Тэгэхэд түүний хажууд хатан нь сууж байсан бөгөөд хаан надад —Чиний аян хэр удаан болж, чи хэдийд буцаж ирэх вэ? гэв. Намайг илгээхийг хаан таалсан тул би түүнд тодорхой цагийг товлов. Би хаанд —Хэрэв хаан таалбал, Евфрат мөрний тэртээх мужийн захирагчдад намайг Иуда хүртэл нэвтрүүлэхийг тэднээр зөвшөөрүүлэх захидлыг надад өгнө үү. Мөн сүмийн дэргэдэх цайзын дааман хаалгануудад дам нуруу хийх болон хотын хэрмэнд зориулан, миний очих байшинд зориулан дүнз моддыг надад өгүүлэхийн тулд хааны ойг сахигч Асафт захидал өгнө үү гэлээ. Тэгэхэд хаан тэдгээрийг надад соёрхов. Учир нь миний Бурханы сайн мутар миний дээр байв. Тэгээд би Евфрат мөрний тэртээх мужуудын захирагчид уруу очиж, тэдэнд хааны захидлуудыг гардуулав. Хаан надтай хамт цэргийн захирагчид ба морьтонгуудыг илгээсэн юм.

Хуваалцах
НЕХЕМИА 2 унших

НЕХЕМИА 2:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)

Артаксеркс хааны хорьдугаар оны Нисан сард түүний өмнө дарс байлаа. Би дарсыг авч хаанд барив. Би урьд нь түүний өмнө гунигтай байсан удаагүй учир хаан надад —Чи өвчин тусаагүй атал царай чинь юунд гунигтай байна вэ? Энэ нь зүрхний гуниг шаналлаас өөр юу ч биш ажээ гэж хэлэв. Тэгэхэд би маш их балмагдан хаанд хандаж —Хаан мөнх наслах болтугай. Эцэг өвгөдийг минь тавьсан газар болох хот эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв. Тэгэхэд хаан надад —Чи юу гуймаар байна? гэв. Тиймээс би тэнгэрийн Бурханд залбирлаа. Би хаанд —Хэрэв хаан таашааж мөн таны зарц тааллыг тань олсон бол эцэг өвгөдийг минь тавьсан хотыг дахин босгохын тулд Иуда уруу намайг илгээнэ үү? гэлээ. Тэгэхэд түүний хажууд хатан нь сууж байсан бөгөөд хаан надад —Чиний аян хэр удаан болж, чи хэдийд буцаж ирэх вэ? гэв. Намайг илгээхийг хаан таалсан тул би түүнд тодорхой цагийг товлон хэлэв. Би хаанд —Хэрэв хаан таалбал, Евфрат мөрний тэртээх аймгийн захирагчдад намайг Иуда хүртэл нэвтрүүлэхийг зөвшөөрүүлэх захидлыг надад өгнө үү. Мөн сүмийн дэргэдэх цайзын дааман хаалгануудад дам нуруу хийх болон хотын хэрэмд зориулан, миний очих байшинд зориулан дүнз моддыг надад өгүүлэхийн тулд, хааны ойг сахигч Асафт захидал өгнө үү гэлээ. Тэгэхэд хаан тэдгээрийг надад соёрхов. Учир нь Бурханы минь ивээлт мутар миний дээр байв. Тэгээд би Евфрат мөрний тэртээх аймгуудын захирагчид уруу очиж, тэдэнд хааны захидлуудыг гардуулав. Хаан надтай хамт цэргийн захирагч, морьтонгуудыг илгээсэн юм.

Хуваалцах
НЕХЕМИА 2 унших