МАРK 3:20-35

МАРK 3:20-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс гэрт ороход дахиад л бөөн хүн цугларч тэдэнд юм идэх ч завдал өгсөнгүй. Үүнийг сонсоод хамаатнууд нь Есүсийг авчрахаар явав. Учир нь хүмүүс Түүний тухай —Тэр Өөрийн ухаан мэдрэлээ алджээ гэж ярьж байлаа. Иерусалимаас ирсэн хуулийн багш нар —Тэр Беелзебултэй гээд —Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэцгээж байлаа. Тэр тэднийг Өөр уруугаа дуудаж сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдруун —Сатан Сатаныгаа яаж хөөн зайлуулж чадах билээ? Хэрэв хаанчлал дотроо хуваагдвал, тэр хаанчлал нь оршин тогтнож чадахгүй. Хэрэв айл гэр дотроо хуваагдвал, тэр айл гэр оршин тогтнох чадваргүй болно. Хэрэв Сатан өөрийн эсрэг босон хуваагдвал, тэр оршин тогтнож чадахгүй, харин эцэс нь ирнэ. Хүчтэй эрийг эхлээд хүлж байж л гэрийг нь дээрэмдэнэ үү гэхээс гэрт нь шууд ороод эд хөрөнгийг нь дээрэмдэж чадах хүн байхгүй билээ. Үнэнээр Би та нарт хэлье. Хүний хөвгүүдийн бүх нүгэл, тэдний ярьсан доромжлол бүхэн уучлагдана. Харин Ариун Сүнсийг доромжлогч хэн ч хэзээ ч уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болно гэв. Учир нь тэд —Есүс бузар сүнстэй гэж ярьж байсан юм. Есүсийн эх болон дүү нар нь ирээд гадаа зогсож, Түүнийг дуудуулахаар хүн оруулав. Есүсийг олон хүн тойрон сууж байлаа. Тэд Түүнд —Хараач. Ээж болон дүү нар тань Таныг хүлээгээд гадаа байж байна гэхэд, Тэр тэдэнд хариулан —Хэн Миний ээж, [Миний] дүү нар юм бэ? гээд, Өөрийг нь хүрээлэн суугчдыг хараад, —Миний ээж болон Миний дүү нарыг харагтун. [Яагаад гэвэл] Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч Миний ээж болон дүү нар минь юм гэж айлдав.

Хуваалцах
МАРK 3 унших

МАРK 3:20-35 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүс гэрт ороход, ард олон дахиад л цугларч, тэд талх ч идэж эс чадав. — Тэр ухаан мэдрэлээ алджээ гэж тэд ярьсан тул хамаатнууд нь үүнийг сонсоод Есүсийг авчрахаар явав. Иерусалимаас бууж ирсэн хуулийн багш нар —Тэр Беелзебүлтэй гээд чөтгөрүүдийн захирагчаар нь чөтгөрүүдийг Тэр хөөдөг юм байна гэцгээж байлаа. Тэр тэднийг дуудаж, сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдан —Сатан яаж Сатанаа зайлуулж чадах билээ? Хаанчлал дотроо хуваагдвал тэр хаанчлал оршин тогтнож эс чадна. Айл гэр дотроо хуваагдвал тэр айл оршин тогтнож эс чадна. Сатан өөрийн эсрэг босон хуваагдвал тэр оршин тогтнож чадахгүй, харин эцэс нь ирнэ. Бяртай эрийг эхлээд хүлэхгүй бол хэн гэрт нь орж, эд хөрөнгийг нь дээрэмдэж чадах билээ? Тэгж байж л гэрийг нь дээрэмдэнэ шүү дээ. Үнэнээр Би та нарт хэлье. Хүний хөвгүүдийн нүгэл, тэдний доромжлох гүтгэлэг бүгд уучлагдана. Харин Ариун Сүнсийг доромжлогч хэн ч хэзээ ч уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болно гэв. Учир нь тэд —Есүс бузар сүнстэй гэж ярьсан юм. Есүсийн эх болон дүү нар ирээд гадаа зогсож, Түүнийг дуудуулахаар хүн оруулав. Есүсийг ард олон тойрон сууж байлаа. Тэд Түүнд —Хараач. Эх, дүү нар тань Таныг асуугаад гадаа байж байна гэхэд Тэр тэдэнд хариулан —Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ? гээд Өөрийг нь хүрээлэн суугчдыг харж, —Харагтун, Миний эх ба ахан дүүс энд байна. Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, эгч, ах дүүс минь юм гэв.

Хуваалцах
МАРK 3 унших