МАРK 3:20-35

МАРK 3:20-35 АБ2004

Есүс гэрт ороход дахиад л бөөн хүн цугларч тэдэнд юм идэх ч завдал өгсөнгүй. Үүнийг сонсоод хамаатнууд нь Есүсийг авчрахаар явав. Учир нь хүмүүс Түүний тухай —Тэр Өөрийн ухаан мэдрэлээ алджээ гэж ярьж байлаа. Иерусалимаас ирсэн хуулийн багш нар —Тэр Беелзебултэй гээд —Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэцгээж байлаа. Тэр тэднийг Өөр уруугаа дуудаж сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдруун —Сатан Сатаныгаа яаж хөөн зайлуулж чадах билээ? Хэрэв хаанчлал дотроо хуваагдвал, тэр хаанчлал нь оршин тогтнож чадахгүй. Хэрэв айл гэр дотроо хуваагдвал, тэр айл гэр оршин тогтнох чадваргүй болно. Хэрэв Сатан өөрийн эсрэг босон хуваагдвал, тэр оршин тогтнож чадахгүй, харин эцэс нь ирнэ. Хүчтэй эрийг эхлээд хүлж байж л гэрийг нь дээрэмдэнэ үү гэхээс гэрт нь шууд ороод эд хөрөнгийг нь дээрэмдэж чадах хүн байхгүй билээ. Үнэнээр Би та нарт хэлье. Хүний хөвгүүдийн бүх нүгэл, тэдний ярьсан доромжлол бүхэн уучлагдана. Харин Ариун Сүнсийг доромжлогч хэн ч хэзээ ч уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болно гэв. Учир нь тэд —Есүс бузар сүнстэй гэж ярьж байсан юм. Есүсийн эх болон дүү нар нь ирээд гадаа зогсож, Түүнийг дуудуулахаар хүн оруулав. Есүсийг олон хүн тойрон сууж байлаа. Тэд Түүнд —Хараач. Ээж болон дүү нар тань Таныг хүлээгээд гадаа байж байна гэхэд, Тэр тэдэнд хариулан —Хэн Миний ээж, [Миний] дүү нар юм бэ? гээд, Өөрийг нь хүрээлэн суугчдыг хараад, —Миний ээж болон Миний дүү нарыг харагтун. [Яагаад гэвэл] Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч Миний ээж болон дүү нар минь юм гэж айлдав.