ЛУК 8:9-15
ЛУК 8:9-15 Ариун Библи, 2004 (АБ2004)
Шавь нар нь энэ сургаалт зүйрлэл нь ямар утгатай болохыг Түүнээс асуухад Тэр —Бурханы хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин харавч тэд харахгүй, сонсовч ойлгохгүйн тулд бусдад нь сургаалт зүйрлэлээр ярьдаг. Энэхүү сургаалт зүйрлэл нь ийм юм. Үр нь Бурханы үг. Зам хавиар унагсад нь сонссон хүмүүс бөгөөд тэд итгэн аврагдахгүйн тулд диавол ирж, тэдний зүрхнээс үгийг зайлуулдаг. Чулуурхаг хөрсөн дээр унагсад нь сонсоод, үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэдгээр нь бат үндэсгүй ажээ. Тэд хэсэг хугацаанд итгээд, сорилтын үед унадаг билээ. Хогийн ургамал дунд унасан үр нь сонссон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт баригдагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй. Сайн хөрсөн дээр унасан үр нь үгийг сонсоод шударга, зөв сэтгэл зүрхэндээ нандигнаж, тэвчээртэйгээр үр жимсээ өгөгчид юм.
ЛУК 8:9-15 Ариун Библи 2013 (АБ2013)
Шавь нар нь энэ сургаалт зүйрлэл ямар утгатай болохыг Түүнээс асуухад Тэр —Бурханы хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин бусдад нь Би сургаалт зүйрлэлээр ярьдаг. Тийм болохоор тэд харавч эс ойлгон, сонсовч үл ухаарах билээ. Сургаалт зүйрлэлийн утга нь ийм юм. Үр нь Бурханы үг. Зам хавиар унагсад нь сонссон хүмүүс бөгөөд эд итгэн аврагдах вий хэмээн диавол ирж, зүрхнээс нь үгийг булаадаг. Чулуурхаг газар унагсад нь сонсоод, үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэд үндэсгүй агаад хэсэг хугацаанд итгээд, сорилтын үед бүдрэн унадаг билээ. Хогийн ургамлын дунд унасан нь сонссон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт боомилуулагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй. Сайн хөрсний тухайд бол эдгээр нь үгийг сонсоод шударга зөв зүрхэндээ нандигнаж, тэвчээртэй байж, үр жимсээ өгөгсөд юм.