ЛУК 8

8
1Үүний дараа удалгүй Есүс нэг хот, суурингаас нөгөөд хүрч, Бурханы хаанчлалыг тунхаглаж, дэлгэрүүлж байв. Арван хоёр нь Түүнтэй хамт байлаа. 2Мөн өвчин болоод бузар сүнснүүдээс салсан зарим эмэгтэйчүүд, тухайлбал долоон чөтгөрөөс салсан Магдалын эмэгтэй гэгддэг Мариа, 3Херодын нярав болох Кузагийн эхнэр Иоанна, мөн Сузанна болон өөр олон хүмүүс байж өөрсдийнхөө өмч хөрөнгөөр тус нэмэр болж байлаа.
4Үй олон хүн хот болгоноос ирж Түүн уруу хуран цуглах үед Тэр сургаалт зүйрлэлээр ингэж ярив.
5Тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үрээ цацахад зарим нь зам хавиар унав. Тэгээд хүмүүсийн хөлд гишгэгджээ. Огторгуйн шувууд тэдгээрийг идчихэв. 6Зарим үр нь чулуурхаг хөрсөнд унав. Тэнд нь чийггүй тул соёолоод л хатчихав. 7Зарим үр нь хогийн ургамлын дунд унав. Хогийн ургамал буудайн үртэй зэрэг ургаж, тэднийг барьчихаж. 8Зарим үр нь сайн хөрсөнд унаж, ургаад, зуу дахин илүү ургац өгчээ гэв. Тэр эдгээрийг айлдаад,
—Сонсох чихтэй нь сонсогтун гэв.
9Шавь нар нь энэ сургаалт зүйрлэл нь ямар утгатай болохыг Түүнээс асуухад 10Тэр
—Бурханы хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин харавч тэд харахгүй, сонсовч ойлгохгүйн тулд бусдад нь сургаалт зүйрлэлээр ярьдаг. 11Энэхүү сургаалт зүйрлэл нь ийм юм. Үр нь Бурханы үг. 12Зам хавиар унагсад нь сонссон хүмүүс бөгөөд тэд итгэн аврагдахгүйн тулд диавол ирж, тэдний зүрхнээс үгийг зайлуулдаг. 13Чулуурхаг хөрсөн дээр унагсад нь сонсоод, үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэдгээр нь бат үндэсгүй ажээ. Тэд хэсэг хугацаанд итгээд, сорилтын үед унадаг билээ. 14Хогийн ургамал дунд унасан үр нь сонссон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт баригдагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй. 15Сайн хөрсөн дээр унасан үр нь үгийг сонсоод шударга, зөв сэтгэл зүрхэндээ нандигнаж, тэвчээртэйгээр үр жимсээ өгөгчид юм.
16Хэн ч дэнлүү асаасныхаа дараа дээр нь сав хөмрөн тавьдаггүй, эсвэл дэнлүүгээ орон дор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл үзүүлэхийн тул дэнлүүний суурин дээр тавьдаг. 17Учир нь илчлэгдэхгүй байхаар далдлагдсан юм гэж үгүй бөгөөд мэдэгдэж илрүүлэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж байхгүй билээ. 18Иймээс та нар яаж сонсож байгаагаа анхаарагтун. Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнээс байгаа гэж санагдсан нь хүртэл авагдана гэв.
19Тэгтэл эх, дүү нар нь Түүн уруу ирэв. Маш олон хүн байсан учир тэд Түүн уруу очиж чадаагүй тул 20Түүнд
—Эх, дүү нар тань гадаа зогсож байна. Тантай уулзах гэнэ гэж хэлүүлэв. 21Харин Есүс тэдэнд
—Бурханы үгийг сонсоод, түүнийг биелүүлэгчид нь Миний эх, Миний дүү нар мөн гэжээ.
22Тэдгээр өдрүүдийн нэгэнд ийм хэрэг болов. Есүс шавь нартайгаа завинд суугаад, тэдэнд
—Нуурын нөгөө эрэг уруу явцгаая гэв. 23Тэднийг сэлүүрдэн байхад Тэр унтжээ. Гэтэл нуурт хүчтэй салхи үүсэж, тэд усанд автагдаж, аюул нүүрлэв. 24Тэд Түүн уруу очиж сэрээгээд,
—Эзэн минь, Эзэн минь, бид сүйрч байна гэхэд Тэр босож, салхи ба оволзох давалгааг зэмлэхэд, салхи намдаж, нам гүм болов. 25Тэр шавь нартаа
—Итгэл чинь хаана байна? гэхэд тэдний айх гайхах нь зэрэгцэж, нэг нэгэндээ
—Салхи, усанд хүртэл тушаахад тэд захирагдаж байдаг энэ ер нь хэн бэ? гэцгээж байлаа.
26Тэд Галилын эсрэг талд орших Герас хэмээх газар хүрч ирэв. 27Есүс эрэг дээр гартал, чөтгөрт эзэмдүүлсэн нэгэн хүн хотоос гарч Түүнтэй учрав. Тэр хүн удаан хугацааны турш хувцас хунаргүй байж, орон байранд бус, харин булшны агуйд орогнодог байв. 28Мөнөөх хүн Есүсийг хараад хашхиран, өмнө нь унаж чанга дуугаар
—Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Танд би ямар хамаатай билээ? Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэжээ. 29Учир нь Есүс бузар сүнснүүдийг тэр хүнээс гарахыг тушаасан байж. Бузар сүнс түүнийг олон удаа эзэмдсэн тул тэр хүн гинжлэгдэж, дөнгөлөгдөөд харуулын хяналтан дор байсан авч дөнгөө тастан хаяад чөтгөрөөр хөтлүүлэн цөл уруу явдаг байлаа. 30Есүс түүнээс
—Нэр чинь хэн бэ? гэж асуухад тэр
—Легион гэв. Учир нь түүнд олон чөтгөр шүглэсэн байжээ. 31Чөтгөрүүд өөрсдийг нь ёроолгүй гүн уруу зайл хэмээн бүү тушаагаач гэж Түүнээс гуйж байлаа. 32Тэнд ууланд гахайн олон сүрэг идээшилж байжээ. Чөтгөрүүд өөрсдийг нь гахайнд оруулаач гэж гуйсанд Тэр зөвшөөрөв. 33Чөтгөрүүд хүнээс гарч гахайнуудад шүглэхэд гахайн сүрэг эгц эргээс нуурт унан живцгээжээ. 34Юу болсныг гахайчид хараад гүйн одож, үүний тухай хот хөдөөгүй зар түгээв. 35Хүмүүс юу болсныг үзэхээр ирж, Есүс уруу очиход чөтгөрөөс салсан өнөөх хүн хувцаслачихсан, эрүүл саруул болоод, Есүсийн хөлд сууж байхыг олж хараад сүрдэцгээв. 36Үүнийг харсан хүмүүс чөтгөрт эзэмдүүлсэн хүн хэрхэн эдгэрснийг тэдэнд мэдэгджээ. 37Тэр хавийн болоод Герас нутгийн бүх хүмүүс тэндээс явахыг Түүнээс гуйв. Учир нь тэд үлэмжийн их айдаст автсан байлаа. Есүс завин дээрээ гарч, буцан явжээ. 38Харин чөтгөрүүдээс салсан мөнөөх хүн Түүнтэй хамт байхыг гуйсан авч Есүс түүнийг явуулж,
39Гэртээ харь, Бурхан чамд ямар агуу зүйл хийж өгснийг ярь гэж айлджээ. Тэгээд тэр хүн Есүс өөрт нь ямар агуу зүйл хийж өгснийг хот даяар тунхагласаар явж одлоо.
40Буцаж ирэхэд нь олон түмэн Есүсийг угтан авав. Учир нь тэд бүгд Түүнийг хүлээж байсан билээ. 41Үзэгтүн, синагогийн ахлагч Иайр гэгч хүн тэнд байсан бөгөөд Есүсийн хөлд унаж, гэртээ очихыг Түүнээс гуйжээ. 42Учир нь Иайр арван хоёр настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт байв. Есүсийг явахад цугласан олон Түүнийг бүчин шахаж байлаа.
43Нэгэн эмэгтэй арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан бөгөөд хэн ч түүнийг эдгээж чадаагүй ажээ. 44Тэр эмэгтэй Есүсийн ард очиж, хувцасных нь хормойд гар хүртэл тэр даруй цус алдах нь зогсов. 45Есүс
—Хэн Надад хүрэв? гэхэд бүгд л үүнийг үгүйсгэв. Петр Түүнд
—Эзэнтэн, энэ олон хүн Таныг бүчин, шахаж байна шүү дээ гэж хэлэхэд 46харин Есүс
—Хэн нэг нь Надад хүрсэн. Учир нь Надаас хүч гарахыг Би мэдэрсэн гэжээ. 47Өнөөх эмэгтэй анзаарагдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд, айн чичирсээр ирж Түүний өмнө унаж, ямар шалтгаанаар Түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэрснээ бүх хүмүүсийн өмнө ярилаа. 48Есүс түүнд
—Охин минь, итгэл чинь чамайг эрүүл болголоо. Амар тайван яв даа гэв.
49Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс нэг нь ирж,
—Охин чинь үхсэн. Та цаашид Багшид бүү төвөг уд гэж хэлэв. 50Харин Есүс үүнийг сонсоод, Иайрт
—Бүү ай, зөвхөн итгэ. Тэр зүгээр болно гэлээ. 51Тэр гэрт нь ирээд, Петр, Иохан, Иаков болон охины эцэг эхээс өөр хэнийг ч орохыг зөвшөөрсөнгүй. 52Бүгд л уйлан хайлж, охины хойноос гашуудан байлаа. Харин Есүс
—Уйлахаа боль. Охин үхээгүй, харин унтаж байна хэмээсэнд 53охин үхсэнийг мэдэж байсан тэд Түүнийг тохуурхан инээлдэж эхлэв. 54Гэсэн хэдий ч Тэр охины гараас барьж,
—Охин минь, бос гэж дуудсанд 55түүний сүнс эргэн ирж, охин тэр даруй босов. Тэгээд Есүс, охинд идэх юм өг гэжээ. 56Охины эцэг эх нь гайхсан байлаа. Харин Есүс тэдэнд болсон явдлын тухай хэнд ч ярьж болохгүйг сануулав.

Одоогоор Сонгогдсон:

ЛУК 8: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

ЛУК 8-д зориулсан видео